П.ЛХАГВАЖАРГАЛ

Шинэхэн цас мэт гэрэлтэх гэнэн томоогүй хүүхэд насны сэтгэлээс гардаггүй сайхан  дурсамж хүн бүхэнд бий. Тэр л сайхан дурсамжаараа хөглөгдөж явах нь хүмүүний нэгэн жаргал ажээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Миний хүүхэд” нас буландаа жазз дуучин Ц.Хуланг урилаа.

 

Сэргэлэн нь дэндсэн үү гэмээр жавхаалаг хүүхэд байсан

 

Хүчирхэг хоолой, донж маягаараа жазз Ц.Хулан гэж үзэгч сонсогчдодоо хэдийнээ танигдсан тэрээр Улаанбаатар хотын унаган охин ажээ. Сэргэлэн нь дэндсэн үү гэмээр жавхаалаг, адтай түүний бага насыг гэр бүлийнхэн нь одоог хүртэл дурсан ярьж инээлдэнэ. Тэрээр гэр бүл, хайртай дотно хүмүүстэйгээ ширээ тойрон сууж сайхан яриа өргүүлэх дуртай. Магадгүй энэ нь түүний хүүхэд насны гэгээлэг бүхэнтэй холбоотой болов уу. Ц.Хулангийн өвөө Биогийн үйлдвэрт малын эмч, эмээ нь багш хүн байв. Мөн ажлынхаа хажуугаар ногоо тарьж, үхрийн аж ахуй эрхэлнэ.  Өвөө, эмээгийн алган дээр бөмбөрч өссөн, хайртай зээ нь зуны амралт бүрээрээ очиж, тусална. Ц.Хулан “Өглөө босоод ногооныхоо зэрлэгийг зулгааж, үхрээ бэлчээнэ. Орой хөөрүүлсэн сүүгээ ууж, өглөө шинэ өрөм, тараг иднэ. Үеэлүүдтэйгээ нийлж хөгжилдөнө. Мартаж чадамгүй сайхан мөчүүд тэнд л үлдсэн” хэмээхэд энэ л   ахуйд өссөн хүн бүхний нүдэнд төсөөлөл бууж байгаа болов уу.

Ах дүүсээрээ учран золгож, эцэг өвгийндөө цугладаг цагаан сар болон 00:00 цагийг хуруу даран хүлээдэг хүслийн шинэ жил хамгийн дуртай баяр нь гэнэ. Хатан хамтлагтайгаа шинэ жилийн тоглолтдоо орчоод, ааваараа авхуулаад гэртээ очно. Гэр бүлийн халуун уур амьсгал дотор дор бүрнээ өөрийн хариуцсан ажлаа хийж, баярын ширээгээ засна. Цасан ширхэг, сүлд мод зэргийг өнгө алаглуулан цонхон дээрээ зурна. Түүний дуулахаас гадна бас нэгэн авьяас бол зурах юм. Тиймдээ ч дуулаачаар сурахаасаа өмнө Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэсэн байдаг.

 

“Хатан” хамтлагийнхаа нэрийг өгсөн

 

Улсын филармонийн гоцлол дуучин тэрээр бага балчир наснаасаа л дуулах хүслээр жигүүрлэсэн бяцхан авьяастан байв. Хамаатан садныхаа хүүхдүүдийг тойруулж суулгаад, өөрийн найруулсан тоглолтыг толилуулна. Заримдаа сайн дурын уран сайханч болж ирсэн зочдод ая дуу өргөнө. Энгийн атлаа, сэтгэлд дотно анхны энэ тайз урлагийн замын суурийг тавьжээ. Арван жилийнхээ урлагийн  үзлэгт анги хамт олноо төлөөлөн оролцоно. Ингэхдээ монгол ардын богино дууг эвлэгхэн аялдаг байв. Түүний энэ авьяас, хүсэл сонирхлыг гэр бүлийнхэн нь ихэд дэмжинэ. Тиймдээ ч тавдугаар ангид байхад нь “Хүүхдийн ордон”-ы дуулаачийн ангид явуулсан байдаг. Тэрээр “Амжилттай яваа урлагийнхан дотор Хүүхдийн ордныг дамжаагүй хүн цөөхөн болов уу. Хүүхэд байхаас нь өлгийдөн аваад суурийг нь зөв тавьж өгдөг. Босгож байгаад хоолойны дасгал хийлгэж, гаам уншуулна. Хоолой салгаж, нот уншихаас эхлээд энэ бүхнийг С.Ганчимэг багш минь  зааж өгсөн” гэж ярив. Түүний хүүхэд байх үед “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн од”, “Мөнгөн хонх” зэрэг хүүхдийн сэтгэл зүй, мэдрэмж сэтгэхүйг хөгжүүлсэн тэмцээн болдог  байв. Тэр бүхэнд Хүүхдийн ордны “Хатан” хамтлагтайгаа амжилттай оролцоно. Гэнэн томоогүй насандаа урлагаар хүмүүжиж, энэ салбарт багаасаа хөл тавьжээ. “Хатан” хамтлаг гурван гишүүнтэй. Хамтлагийнхаа нэрийг Ц.Хулан өгсөн гэдэг. Тэрээр “Жаахан хүүхдүүд байж яасан эрхэмсэг нэртэй байсан юм гэж хожим бодож байлаа. Биднээс хойш “Хатан” хамтлаг маань үе уламжилсаар Хүүхдийн ордны тав, зураан үеийн “Хатан” хамтлаг төрсөн байдаг” хэмээсэн юм.

Хүүхэд насандаа Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нарыг сонсож, үлгэр дуурайлал авч өссөн тэрээр тун удахгүй өөрийн бие даасан тоглолтыг хийх гэж байна. Бие даасан тоглолт гэдэг хувь уран бүтээлчийн бүтээл туурвилын тайлан, чанар чансааг илэрхийлэх хариуцлагатай ажил билээ. Ц.Хулан энэ удаагийн тоглолтдоо монгол хит болон дэлхийн сонгодог жазз дуунуудыг мэргэжлийн хөгжимчидтэй хүргэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 219 (7463)