Дэлхийн театрын өдөрт зориулсан арга хэмжээнүүдээ гуравдугаар сарын 29-ний бямба гаригт үзэгчдэдээ толилуулав

 

Д.АРИУН

Дэлхийн театрын өдрийг дэлхий даяар гуравдугаар сарын 27-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад театрын өдөртэй холбоотой олон үйл явдал тухайн өдөрт нь болж өнгөрсөн. Харин Монголын театрын музейн хувьд Дэлхийн театрын өдөрт зориулсан арга хэмжээнүүдээ гуравдугаар сарын 29-ний бямба гаригт үзэгчдэдээ толилуулав. Ингэхдээ нэг биш хоёр шинэ бүтээлээр олны мэлмийг баясгасан нь сонирхолтой байлаа.

Эхнийх нь шинэ үзэсгэлэн. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Цэгмидийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд "Цагааны ЦЭГМИД-120" үзэсгэлэн гаргахад музей өөрийн сан хөмрөгөөсөө гадна нэрт жүжигчний үр хүүхдүүдтэй хамтран ажилласан ба үзэсгэлэнгийн нээлтэд нэрт жүжигчин Ц.Цэгмидийн үр хүүхдүүд болох төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар,  гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, СУИС-ийн багш, доктор Ц.Уртнасан нар оролцов.

Цагааны Цэгмид бол Монголын тайз, дэлгэцийн урлагийн “Алтан үе”-ийнхний томоохон төлөөлөл. Энэ нэрт жүжигчний дурсгалд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд Монголын театр, киноны зүтгэлтнүүдээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, Монгол Улсын Ардын багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, нэрт орчуулагч Н.Пүрэвдагва нарын хүмүүс иржээ. Амралтын өдөр, бас УДЭТ, Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн тоглолтын сургуулилт давхацсан болохоор зочид харьцангуй цөөн ч гэлээ, хөдөлмөрийн гурван баатар зэрэгцэн суугааг харах бахархалтай сайхан байлаа.

 

Энэ нэрт жүжигчний дурсгалд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд Монголын театр, киноны зүтгэлтнүүд хөдөлмөрийн баатар, ардын цолтнууд хүрэлцэн иржээ.

Ирсэн зочид уран бүтээлчид нэрт жүжигчний талаар, үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүдийн талаар сонирхолтой, сайхан түүх ярьж, Монголын тайз дэлгэцнээ өөрийн бүтээсэн дүрээрээ өөрийгөө мөнхөлсөн авьяас төгөлдөр уран бүтээлчийн 120 жилийн ойг хөтлөгч Ч.Болдын хэлснээр нэг талаасаа даруухан юм шиг атлаа, нөгөө талаасаа чамбайхан тэмдэглэв.

 

Ц.Төмөрбаатар: Битүүний өдөр бид аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг

 

 

Фото: Ц.Цэгмидийн хүү төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар.

“Цагааны Цэгмид-120” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн түүний гурван хүүхэд урлагийн замаар замнаж, нэгэн цагт эцгийнхээ эхлүүлсэн тэрхүү замаар одоо өөр өөрсдийн түүхээ бичиж, басхүү аавынхаа 120 насны ойд зориулсан үзэсгэлэн бүтээлцэж, нээлтэд оролцож, өргөн олон түмэнд толилуулж байгаа нь  бахархалтай сайхан байгаа талаар төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар сэтгэгдлээ хуваалцав.

Мөн тэрээр “Аавын төрсөн он нь 1905, 1906 гээд хоёр янзаар яваад байдаг. Цагаан сарын битүүний орой төрсөн учраас ингэж хоёр янз яваад байдаг юм.  Манайхан битүүний орой аавынхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг юм” гэж ярилаа.

 

“Ихэнх том дүр дээр ажиллаж байсан тэмдэглэлүүд нь бий. Монгол бичгээр бичсэн нь олон”

Ц.Цэгмидийн тэмдэглэл

Нэрт жүжигчний эдэлж хэрэглэж байсан зүйлүүд үр хүүхдүүдэд нь олон байдгаас заримыг нь үзэсгэлэнд авчирч дэлгэжээ. Түүний нэг нь өөрийн гараар бичиж тэмдэглэсэн зарим тэмдэглэлүүд юм. Тэмдэглэлтэй холбоотойгоор Ц.Төмөрбаатар гавьяат ярихдаа:

-“Отелло” жүжгийн Яго-гийн дүрд тоглоход аав нас 50 нэлээд гарсан байсан. Тэгээд нас явсан гэдгээр энэ дүрд тоглохгүй гэсэн юм билээ. Гэтэл намын хороогоор хэлэлцээд нөхөр Цэгмидийг дүр дээрээ ажиллаж, үгээ сайн цээжилж, Яго-гийн дүрийг сайн бүтээхийг намын гишүүний хувьд намын хорооноос даалгаж байна гэсэн хурлын протокол нь надад байсан. Тэрийг олж энэ үзэсгэлэнд авчирч чадсангүй. Дүр дээр ажиллаж байсан зарим тэмдэглэл энд байгаа. Дүр дээр ажилласан энэ тэмдэглэлүүд, музейд эсвэл театрт байж байх нь залуу жүжигчдэд дүр дээр яаж ажилладаг вэ гэдэг дээр том сургамж, гарын авлага болох байх гэсэн бодол надад байдаг. Өнөөдрийн залуу жүжигчдийн тоглолтыг хараад байхад ерөнхийдөө гадна байдлаасаа маш сайн боловч тайзны үг ярианы хувьд дутмаг байгаа мэт харагдаад байдаг. Тэгээд аавынхаа дүр дээр хэрхэн ажиллаж байсан бэ гэдэг тэмдэглэлийг дараа дараагийн үеийнхэнд үзүүлж, уншуулахсан гэдэг бодол төрдөг. Ихэнх том дүр дээр ажиллаж байсан тэмдэглэлүүд нь бий. Монгол бичгээр бичсэн нь олон. Монгол бичгээр таталган бичсэн байдаг болохоор гаргах уншихад жаахан хүндрэл бий боловч сайн уншдаг бичдэг хүмүүсээр буулгуулахад болохгүй юм байхгүй болов уу гэж өөрийн саналаа хуваалцлаа.

 

“Аавын минь хамгийн хайртай, хүндэлдэг уран бүтээлийнх нь нэг “Цогт тайж” байсан учраас энэ малгайг их дээдэлдэг”

 

 “Цогт тайж” киноны малгай

“Цогт тайж” киноны зургууд “Цагааны Цэгмид-120” үзэсгэлэнд хүндтэй байр эзэлжээ. Киноны түүхэн зургуудаас гадна бодитой нэг үзмэр үзэгчдийн сонирхлыг татаж байсан нь  Цогт тайжийн малгай юм. Энэхүү үзмэрийг Ц.Төмөрбаатар тайлбарлахдаа “Бөмбөгөр ногоон театр шатахад жүжиг уран бүтээлийн хэрэглэгдэхүүн даавуун  болон төмөр эдлэлүүд бүгд шатсан юм гэнэлээ. Уг малгай нь алтан шаргал өнгөтэй байсан нь галд өртөж өнгөө алдсан. Хожим өнгийг нь сэргээсэн. Аавын минь хамгийн хайртай, хүндэлдэг уран бүтээлийнх нь нэг “Цогт тайж” байсан учраас энэ малгайг их дээдэлдэг. Манай гэрт ирсэн хүмүүс хараад л “Цогт тайж”-ийн малгай юу гээд адис авдаг юм. Энэ малгайгаа өнөөдөр энэ үзэсгэлэнд авчирч дэлгэсэн байгаа нь энэ” гэлээ.

Ц.Цэгмид гуай ан гөрөө сонирхдог байсан уу, тэдний дөрвөн буу байдаг байжээ. Сүүлд заримыг дүү нь авсан байна. Театрын музейд гарч байгаа үзэсгэлэнд тавигдсан урт буу нь улсын гавьяат жүжигчин Лувсан гуай, улсын баатар Гонгор гуай нартай Хөвсгөлд анд явж байхдаа үүрч явсан нь аж. Энэ мэтээр үзмэр болгон л түүх өгүүлнэ.

 

Ц.Цэгмидийн эдэлж хэрэглэж байсан зүйлсээс

Аавынхаа эдэлж хэрэглэж байсан зүйлүүдийн зарим хэсгийг нь музей гэх мэт газарт өгсөн, нэг хэсэг нь бидэнд хадгалагдаж үлдсэн. Ерөнхийдөө гол гол зүйлсийг театрын музей дээрээ байсан нь зөв байх гэж бодож байгаа гэдгээ ч тэрээр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлж байлаа.

 

Н.Ганхуяг: Ц.Цэгмид гуайн тухай ярихын тулд нэг хүнийг дурсах ёстой

Найруулагч Н.Ганхуяг

Монгол Улсын ардын багш, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг жүжигчин Ц.Цэгмидийн талаар зарим нэг түүхийг хуваалцлаа.

“Ц.Цэгмид гуайг ярихын тулд нэг хүнийг онцолж дурсах ёстой. Тэр бол Лувсангийн Дамдинбазар гэдэг жүжигчин. Ц.Цэгмид гуайг урлагийн замд хөтөлж, Улсын төв театрт жүжигчин болгосон хүн бол энэхүү Л.Дамдинбазар гэдэг жүжигчин. Уран сайхны бүлгэмийн анхдагчдын нэг, дуулдаг хуурддаг, ерөөдөг авьяас билигт нэгэн байсан.  Уран сайхны бүлгэмээс улсын төв театр руу дамжиж орсон гурван жүжигчин байдаг. Лувсангийн Дамдинбазар, Дашдэлэгийн Ичинхорлоо, “Дэлдэн Боохой” хэмээх Чимэдийн Лувсансодном нар. Дамдинбазар гуайг улсын төв театрт урихад ороогүй татгалзсан. Сүүлдээ Төв хорооны нарийн бичгийн дарга Өлзийн Бадрах гэдэг хүн тогтоол гаргаж байж Дамдинбазар гуайг төв театрт авчирсан түүхтэй. Энэ хүн театрт хэсэг байгаад дараа нь “Би хөдөө гарч малаа маллая. Гэхдээ би өөрийнхөө оронд надаас илүү гарах залуу жүжигчин авчирч өгөөд гарья гэж сургагч Ефремовт хүсэлт тавиад Цагааны Цэгмид гуайг дагуулж ирсэн байдаг. Түүний дагуулж ирсэн залуу Ц.Цэгмид бас тийм дуртай байгаагүй, харин нисгэгч болох хүсэлтэй байсан гэдэг.

Ц.Цэгмидийн театрын тайзнаа анх тодорсон түүх нь “бүдүүн” хэмээн хочтой Чимэдийн Раднаабазарын “Энэ ямар ёс вэ” гэдэг жүжиг. Зохиол дээр Доной гэж дүр байгаагүй, зөвхөн өвгөн ерөөл хэлнэ гэж байсан. Харин тэрхүү өвгөнийг дүр болгосон. 1932 онд Ц.Цэгмид 27 настай залуу, харин шингэн сахалтай, шодон гэзэгтэй, өвдөг нь өвддөг, толгой нь салга, гэхдээ үгүй гэдэг биш, за за гэж дохьдог салга өвгөний дүр болгож бүтээж чадсан. Энэ ажлаараа найруулагч нараасаа  талархал хүлээж, 25 төгрөгийн цалинтай дагалдан жүжигчин байсан хүн “Энэ ямар ёс вэ” жүжигт тоглоод жинхэлж тушаал дэвшсэн байдаг”  гэж нэрт жүжигчний театр хэмээх урлагтай холбогдсон ярив. 

 

П.Цэрэндагва монгол жүжигчний арга ажиллагаа гэдэг хэзээнээс буй болсон юм бэ гэдэг асуудлыг хөндөв

 

Хөдөлмөрийн баатар, жүжигчин П.Цэрэндагва

“Цагааны Цэгмид-120” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн хөдөлмөрийн баатар П.Цэрэндагвыг хөтлөгч үг хэлээч хэмээн урихад “Багшаа болох уу” гэж асууж зөвшөөрөл аваад гарлаа. Нэрт жүжигчний хүү Ц.Төмөрбаатартай хамт хөдөлмөрийн баатар Г.Жигжидсүрэн найруулагчаар хичээл заалгаж явсан түүний хувьд багшийгаа хажууд байхад түрүүлж гарна гэдэг ёс алдсан явдал болох тул ийнхүү зөвшөөрөл авсан нь тэр.  Театрын музей гэдэг хамт олны хийж байгаа ажлыг дэмжиж, ханьтайгаа хамт аль болох оролцох гэж хичээдэг гэдгээ дурдав. Тэрбээр монгол жүжигчний арга ажиллагаа гэдэг хэзээнээс буй болсон юм бэ гэдэг асуудлыг хөндөв. Ингэхдээ Ц.Цэгмидийн шавь ардын жүжигчин Гомбосүрэн гэдэг хүн монгол жүжигчний арга ажиллагаа гэдгийг буй болгосон тод жишээ юм шүү гэдгийг тэмдэглээд монголын театр урлагийн хувьд анхнаасаа барьж ирсэн Станиславскийн онол аргачлал болон бидний сүүлд ном нь монгол хэлээр гарсны дараа илүү сайн тодорхой мэдэх болсон Мейерхольдын онол арга аргачлал хоёрын аль  манай хөрсөнд хэр бууж байгаа юм бэ гэдэг асуултад судлаачид эрдэмтэд маань ултай суурьтай хариу өгөх цаг болсон гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, Ц.Цэгмид гэх мэт жүжигчдийн арга ажиллагааны талаар эргээд хараад судлаад үзэхээр Станиславский гэхээсээ илүү Мейерхольд гарч ирээд байгааг судлах цаг болсон гэсэн үг.

Ингэж өөрсдийгөө ямар онолтой явж байсан юм бэ гэдгээ эргэж харахад тус болохуйц олон номыг орчуулан театрын соён гэгээрэлд хувь нэмрээ оруулж байгаа орчуулагч Н.Пүрэвдагвад хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва онцгойлон талархал илэрхийлэв.

 

“Театрын музейн шилдэг үзмэрийн дээжис”-ээ анх удаа ном болгон гаргалаа

 

Монголын театрын музейн дарга Н.Наранжаргал,  үзэсгэлэн дэглээч Ч.Болд

Монголын театрын музей 30 гаруй жилийн түүхтэй, музейн салбар дундаа залуу гэдэг ангилалд багтана. Энэ  хамт олон  “Театрын музейн шилдэг үзмэрийн дээжис” гэдэг цомог номоо анх удаа гаргаж, уншигчдадаа хүргэсэн нь Дэлхийн театрын өдөрт зориулсан хос арга хэмжээнийх нь нэг байлаа. Монголын театрын музейн захирал, доктор Д.Наранжаргал “Музейн хөгжлийн дэлхийн жишигт нэг байдаг зүйл бол шилдэг үзмэрийн цоморлиг. Манай улсын бусад музей ийм цомгоо аль хэдийн гаргасан байдаг. Манай хувьд өмнө нь гаргаж байгаагүй нь харьцангуй сүүлд байгуулагдсан зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байсан. Цомогт музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлсээс дээжлэн оруулж, монгол болон англи хэлээр тайлбар хийсэн” гэж ярилаа. Мөн музейн дарга цомгийг бүтээхэд оролцсон орчуулагч, доктор Д.Цэнгэл болон дизайнер Э.Цэрэнбаяр, сэтгүүлч судлаач Ч.Болд болон шинэ бүтээлээ угтан авч байгаа музейн хамт олондоо талархал илэрхийлж, ирсэн хүндэт зочдодоо номын дээжээс өргөн барилаа.

Эх сурвалж: ZMS.mn