П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Испанийн алдарт зохиолч, яруу найрагч Мигель Сервантесийн “Дон Кихот” зохиолоос сэдэвлэн “Дон Кихот” балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өнгөрсөн амралтын өдрөөр үзэгч олны хүртээл болгосон юм. Энэхүү бүжгэн жүжгийг Ардын жүжигчин О.Ганбаатарын 80 насны ойд зориулан туурвисан билээ. “Дон Кихот” балетыг  1971 онд  Монгол Улсад анх удаа тоглож байсан бөгөөд О.Ганбаатар анхны гол дүрийг бүтээсэн юм. 

Л.Минкусын зохиосон Испани уур амьсгалыг мэдрүүлэм хөгжим дээр М.Петипа дэглэлт хийж 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд Москвагийн Их театрт анх тоглогдож байв.  Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балет нь Китри, Базиль хоёрын хайр дурлал, тэдний дундуур хөндөлсөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын адал явдал, хөгтэй үйл явдлыг хүүрнэх юм. Хэрмэл хөлөг баатар, адал явдал хайгч Кихот ноён хэдийгээр туслах дүр боловч хайрт хосын хувь заяаг сайхнаар шийдэх уран аргыг сийлнэ. “Дон Кихот” балет нь  гол дүрийн баатрын үйл явдлын хурц өрнөлийг үзүүлэхээс илүү, бүхий л жүжгийн турш догдлуулах арвин өгүүлэмж, салахын аргагүй мэдрэмжээр тасралтгүй үргэлжилдгээрээ онцлог юм. Энэ удаагийн “Дон Кихот” балетын гол дүрд Гавьяат жүжигчин Б.Саруул  тоглож, Китриг бүсгүйн дүрийг гайхалтай бүтээсэн байна.

ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлол бүжигчин Б.Саруул нь Монгол Улсын нэрийг олон улсад таниулсан цөөн хэдэн уран бүтээлчийн нэг билээ. Тэрээр 19 жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежийн сурагч  байхдаа “Щелкунчик” бүжгэн жүжгийн хүүхдийн хэсэгт тоглож, анх удаа ДБЭТ-ын тайзнаа гарсан юм. Улмаар 2007 онд сургуулиа төгсөж, П.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар, цагаан хунгаар анхны гоцлол дүрээ бүтээж байв. Түүний хувьд “Хунт нуур”-аас эхлээд ДБЭТ-т тавигдаж буй үндэсний болон сонгодог бүхий л бүжгэн жүжигт туслах болон гол дүрийг бүтээж яваа билээ. Мөн Япон, Хятад, АНУ, ОХУ, Солонгос зэрэг улсад урилгаар тоглож байв. Тодруулбал, Солонгосын “WISE” балетын театрын жүжигчидтэй хамтарсан “Жизель” балетын Жизельд, Япон улсын Комаки балетын урилгаар “Цөмөөхэй” балет тэргүүт болно. Бүжгэн жүжгийн эхнээс нь төгсгөл хүртэлх өндөр хариуцлагыг тээх гоцлол бүжигчний сэтгэл зүй асар хүнд байдаг гэлцдэг. Алдах эрхгүй анхны тайзнаасаа асар их тэвчээр, зориг гаргаж энэ хүрсэн тэрээр туршлага дүүрэн, бахархал төрүүлсэн уран бүтээлч болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)