П.ЛХАГВАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Улаанбаатар театрын хормейстер Д.Түвшинцогтыг урилаа.

-Нийслэл хотоороо нэрлэгдсэн “Улаанбаатар” театр саяхан бүрэлдэхүүнээ өргөтгөсөн. Шинэ бүрэлдэхүүнтэй анхны тоглолтоо хийх гэж байна уу?

-Дэлхийн улс орнууд өөрийн нийслэл, хотоор нэрлэсэн театртай байдаг. Үүний жишгээр манай театр 2006 онд Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн санаачилгаар “Улаанбаатар” чуулга нэртэйгээр байгуулагдаж байсан юм. 2021 оноос “Улаанбаатар” театр болж өргөжсөн.  Энэ онд нийт бүрэлдэхүүнээ тэлж, өнөр өтгөн айл боллоо. Одоогоор дуу, хөгжим, бүжиг гэсэн үндсэн гурван ангиас гадна театр анги нийлсэн 140 гаруй уран бүтээлч, албан хаагчтай. Хамгийн анх “Гэрэгэ” гээд ардын хөгжмийн хамтлагаар үндэс сууриа тавьж байсан бол одоо “Хангарди” үндэсний найрал хөгжимтэй болсон байна. Дуу ангийн тухайд жишээлбэл  Гавьяат жүжигчин Хонгорзул, Ардын жүжигчин С.Ганзориг тэргүүт олон сайхан уран бүтээлчдээс гадна сонгодог, эстрад зэрэг бүхий л төрлөөр бүрэлдэхүүнээ тэлж үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийг хүртэл олон дуулалт жүжиг, тоглолтоор үзэгчидтэйгээ учран золгосон байна.  Мөн “Улаанбаатар” театр нь нийслэлийн харьяа тул олон улсын айлчлал, нийслэл, дүүргийн холбогдолтой бүхий л арга хэмжээнд оролцдог. Бүрэлдэхүүнээ өргөтгөснөөс  хойш бие даасан анхны том тоглолтоо  маргаашаас буюу арваннэгдүгээр сарын 9, 10-нд тоглох гэж байна.

-Тоглолтоо “Khuree and classic” гэж нэрлэсэнд учир бий юу. Тоглолтын онцлогоос дурдвал?

-Хүмүүс магадгүй нэрээс нь хараад зөвхөн хүрээ дуу дуулагдах юм болов уу гэж бодож болох юм. Бид нийслэлээрээ овоглосон театр учир хүрээ гэдгийн цаана нийслэл гэсэн утгыг тээж байгаа. Нөгөө талаар хүрээ гэдэгт  ардын урлагаа багтаасан юм. Харин классик гэдэг нь ойлгомжтой болов уу. Мэдээж сонгодог урлагаа тоглоно. Ардын дууг заавал ардын хөгжимтэй дуулах албагүй. Ардын дууг сонгодог хөгжимтэй ч дуулж болно гэдгийг энэ тоглолтоор харуулна. Ардын болон сонгодог урлагийн төгс нийлэмжийг үзүүлнэ гэх юм уу. Хүмүүс  манай театрыг чуулга байх үеийн өмнөх бүрэлдэхүүнээр нь төсөөлөөд байж болох юм. Харин бид театрын хэмжээний бүрэн бүрэлдэхүүнтэй болсон байна. Энэ тоглолтод гоцлол дуунаас гадна найрал дуу бас дуулагдана. Тэр тусмаа Монголд өмнө нь дуулагдаж байгаагүй дууг ямар ч хөгжимгүй буюу “А Капелла” хэлбэрээр дуулах юм. Хүмүүсийн төсөөллийг эвдсэн шинэ өнгө төрхийг үзүүлэх болно.

-Хормейстер, дууны багш гэдэг дуучдын бэлтгэл сургуулилтаас эхлээд их чухал үүрэгтэй хүн. Таны хувьд дуучдынхаа уран бүтээл дээр хэрхэн ажиллаж байна?

-Дуу гэдэг зөвхөн ая сураад, үгийг нь цээжлээд сурчихдаг зүйл биш. Тиймээс дуучдынхаа хоолойны дасгал, дууны сонголтоос эхлэн мэргэжлийн түвшинд хэрхэн дуулах вэ гэдэг дээр ажилладаг. Хүн бүрийн хоолой дууны өнгөөс эхлээд ялгаатай байдаг. Тэр бүрд тохирсон зөвлөгөөг өгөх нь чухал. Тэр тусмаа хүүхдүүдтэй хамгийн хариуцлагатай, болгоомжтой ажиллах хэрэгтэй. Би “Улаанбаатар” театрт ажиллахаасаа өмнө ӨМӨЗО-нд 13 жил амьдарсан. Тэр хугацаандаа  “Уянгат жиргээ” хүүхдийн найрал дууны хамтлагт багшилж байлаа. Суурийг  зөв тавьж, анхнаас нь зөв заахгүй бол хүүхдийн хоолой гэдэг их эмзэг эд. Магадгүй нэг насаараа дуулж чадахгүй болж ч мэднэ. Хүн бүрийн туулаад өнгөрдөг шилжилтийн насан дээр нь хамаагүй орилуулж, хүнд техник шаардаж болохгүй. Энэ мэтчилэн багахан зүйл дээр ч нарийн ажиллах нь чухал байдаг. Багш гэдэг өөрөө их сайхан мэргэжил. Алдар гавьяа, нас хэргэм хамааралгүй багш хүнийг бүгд хүндэлдэг. Өмнө хэлсэнчлэн манай театрт Ардын болон Гавьяат  цолтой, надаас ахмад хүмүүс байна. Тэр хүмүүс үргэлж намайг хүндэлж та гэж дуудна. Мэдээж би тэр хүмүүсийг хийсэн бүтээсэн, нас гээд бүхий л зүйлээр нь хүндэлж харьцана. Ер нь харилцан их хүндлэл дээр оршдог.

-Та урлагийн гараагаа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас эхэлсэн “Ахлагч” цолтой хүн. Хэдийгээр урлагийн чиглэлээр ажиллаж байгаа ч цэргийн байгууллага гэдэг утгаараа онцгой зүйл байсан болов уу?

-Цэргийн байгууллага гэдэг үнэхээр сайхан. Зэрэг хийгээд цэгцтэй, биесээ хүндэлж байгаа нь үнэхээр бахархууштай. Би Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад  хоёр жил дуучнаар, хоёр жил хормейстерээр ажилласан. Бидний нэг үүрэг бол цэргийн ангиудаар явж тоглолт хийх л дээ. Энэ үед хөгжилтэй явдал их болно. Цэргийн ансамблийн тоглолтын хувцас улаан канттай байдаг. Гэтэл армид генералын хувцас түүнтэй адил хоёр эгнээ өргөн улаан канттай байдаг юм.  Тоглолтын хувцастай цэргийн анги руу орохоор олон генерал ороод ирлээ гээд их сандардаг байж билээ. Урлагт бичигдээгүй нэг хууль байдаг. Бүх зүйл хагас цэрэгжилтээр явагддаг. Харин цэргийн дуучин гэдэг бүрэн цэрэгжилттэй. Дурсамж дүүрэн тэр он жилүүдээрээ их бахархдаг. Дурсахад сайхан байдаг.

Эх сурвалж: www.zms.mn