Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Соёлын яамнаас арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан билээ. Үүний дагуу мэргэжлийн урлагийн байгууллагууд бүтээлээ хүргэж эхлээд байна. Тэгвэл Улсын Хүүхэлдэйн театр “Бүлтээхэй Дэлдээхэй” хүүхдийн жүжгээ дахин толилуулахад бэлэн болсныг дуулгая.
Хөшиг нээгдлээ
Бяцхан бурхдын баярлан хөөрч, хуран чуулдаг газар нь Хүүхэлдэйн театр билээ. Тэнд яг л өөрсдөд нь зориулсан жижигхэн сандал, бяцхан тайз, өнгө өнгийн чимэглэлтэй гэрэлтүүлэг байх нь өхөөрдөм. Хаалгаар нь орох төдийд л дуу хуур эгшиглэж, яг л үлгэрийн ертөнцөд ороод ирсэн мэт улаан хамбан хөшиг, хаан хатны жижигхэн сэнтий угтах нь гайхам. Энд л бяцхан жаалууд мөрөөдлтйн ертөнцөөрөө аялж, үлгэрийн баатруудтай нүүр тулан уулздаг аж.
Ойн цоорхойд эгдүүтэй хоёр бүжин амьдарна. Сахилгагүй жаахан Бүлтээхэй хурдхан том болохыг мөрөөднө. Хэрэв том болчихвол хэнд ч загнуулахгүй, хүссэнээ хийнэ гэж буруу бодох ажээ... Ийнхүү хөшиг нээгдсэн мөчөөс эхлэн өнөөх жижигхэн улаан театр маань дэлхийн хаана ч байхгүй гайхамшигт үлгэрийн орон болж хувирах ажээ. Бяцхан хүүхдүүд яг л ойн төгөлд очсон мэт тайзан дээр байх Бүлтээхэй Дэлдээхэй хоёртой харилцан ярилцаж, хамтдаа шийдвэр гаргана. Хажууд минь суусан бяцхан охин нүдээ бүлтийлгэн өхөөрдөм жижигхэн хуруугаараа тайз руу зааснаа “Аниа тэр туулай байна” гэх нь эгдүүтэй.
Шунахай сэтгэл ямар хор уршигтай вэ
Жүжгийн турш Бүлтээхэй өөрийнхөө төрхийг голж хөөрхөн, сайхан болох элдэв арга сүвэгчлэх ажээ. Тэр зорьсондоо хүрч шидэт үрэл олдог. Гэвч шар шувуу түүнд ганцхан долоохыг сануулав. Нэг долоох төдийд Бүлтээхэй маань дэлхийн мисс болох нь тэр. Дахин нэг долоочихвол бүр хөөрхөн болох байхдаа гэж хэлээд танхимд цугласан хүүхдүүдийн “Болохгүй” гэсэн үгийг ч сонсолгүй долоож орхив. Гэвч сахилгагүй Бүлтээхэй хэн ч хараад танихгүй царай муутай бүжин болов оо. Түүний энэ төрхийг харсан багачууд өмнөөс харамсаж, чин сэтгэлээсээ санаа зовинох ажээ. Б.Нацагдоржийн зохиол “Бүлтээхэй Дэлдээхэй” хүүхдийн жүжгээр ахмадын үгийг үл тоож бардам ихэмсэг, шунахай сэтгэлтэй байх ямар хор уршигтай болохыг сургамжилжээ. Мөн хүүхэд багачууд ээж аав болоод өөрөөс насаар ахмад хүний сургаалыг сонсож, зөв сэтгэлтэй байвал хэрхэн сайн сайханд хүрдэг тухай өхөөрдөм хөөрхөн туулайн бүжин “Бүлтээхэй Дэлдээхэй” хоёроор төлөөлүүлэн өгүүлсэн юм. Жүжгийн төгсгөлд алдаагаа ухаарсан Бүлтээхэй эргэн хүүхэд нас, хөөрхөн төрхөө олж авахад танхимд цугласан хүүхэд бүр баярлан хөөрч, алга ташсаар хөшиг хаагдах мөчтэй зэрэгцэн театраас гарах ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)