Д.НАДМИД

 

Аж байдлын зураач хэмээн нэрлэгддэг С.Рэнцэн гэгч хүнийг “Үнэн” сонинд ажилладаг байсныг мэднэ. Сав л хийвэл юм бодсон бясалгасан янзтай харагдах. Тэр нь хийх уран бүтээлээ өөрийн “дотоод үйлдвэр”-тээ боловсруулж байсан нь тэр байхаа. Одоо тэнгэрт зургаа зурсаар л байгаа даа гэж нэгэн ахмад дурсана лээ.

С.Рэнцэн зураачийн уран зургийн урлагт үлдээсэн бүтээл асар их юм гэдгийг саяхан Монголын үнэн сонины 105 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Амьдралын хүрд” зургийн үзэсгэлэнгээс олж мэдлээ.

Тэрээр соёл, урлагийн байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа 5000 шахам бүтээл хийжээ. Түүнээс 500 гаруйг нь энэ “Амьдралын хүрд” үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа юм билээ. Бас Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбатын хэлснээс

С.Рэнцэн гэдэг хүн жинхэнэ реалист зураач байсныг дурдаад түүний бүтээлээс дүрслэх урлагийн музейд 40, Монголын урчуудын эвлэлийн уран сайхны фондод 30 гаруй шилдэг бүтээл нь хадгалагдаж байгааг сонслоо.

“Амьдралын хүрд” үзэсгэлэнд дэлгэсэн зураг бүхэн түүхийн ой санамжийг зузаалж өгөх чадвар агуулжээ. Хүн байгаль, хотожсон ертөнцийн нүүр царайг сонгодог монгол зургийн аргаар төгс дүрсэлсэн байгаа юм. Тэр дотроос Нийслэл Улаанбаатар хот 1970, 1980-аад онд ямар байж вэ гэдгийг тодхон харж болно. За тиймээ. Хагас зууны өмнө тэр Зайсан тогой, Энхтайвны гудамж, Баянзүрх хайрхан, Туул голын орчин гээд танил дүрүүд. Сэрүүн Сэлбийн дэнж гэхэд онгоноороо гэхээр ургамал ногоо нь халиурсан голын усны шоржигноон мэдрэгдэх шиг тийм дүр төрх зургаас нь төрнө.

Хотын гудамж талбай ч бай, барилга байшин, тэнд ажиллаж амьдарч буй хүмүүсийн хэв маягыг харуулах тэр олон зургийг нэг л өнгө ижилсүүлэх мэт. Тэр нь С.Рэнцэн зураачийн бүтээл юм шүү гэсэн өвөрмөц өнгө л дөө. Бас зөөлөн дүрслэлийн усан будгийн зургууд олон.

Мөн зураачийн ур чадварын бас нэг онцлог нь судалбар зургууд бүхэл бүтэн дурсамж өгүүлж байгаа юм.

Тэгээд ч зөвхөн монголдоо биш Москва, Ленинградаас эхлээд оросын хотууд, Хятад, Болгар зэрэг олон орноор аялахдаа 400 гаруй бүтээл туурвижээ. Монголдоо дөрвөн удаа, гадаадын арваад оронд бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ тэр.

-Миний аав Монголын урчуудын эвлэлийн шагнал хүртсний хувьд анхдагч нь. 1958, 1961, 1979 оны урлагийн наадам, ойн нэрэмжит уран бүтээлийн уралдаануудад олон удаа тэргүүн байр эзэлж байсан. Нэг үгээр хэлэхэд цагийг эзэлсэн зураачийн нэг байсан гэж хүү Р.Хуягбаатар нь ярьсан юм. С.Рэнцэнг “Тосон зургийн мастер” гэдэг. Алтайн хүрэн хайрхан, Булган уул, Сулин хээрийн тал гээд танил бүтээлүүдийг үзэсгэлэнгээс үзэж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 213 (7457)