Г.МӨНХЗУЛ

 

Зөвхөн Солонгост төдийгүй дэлхийн алдартай хамтлаг болж чадсан охидын хамтрал бол “Blackpink”. Дэлхийн өнцөг бурд мянга мянган охид тэднийг дуурайж, дууг нь шимтэн сонсдог билээ. Тэгвэл тус хамтлагийн хамгийн алдартай гишүүн болох Лиса алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.

 

-Лиса, “Vogue” сэтгүүлийн нүүрэнд соло артистын хувиар эхний зургаа гаргасанд баяр хүргэе. Зургаа  даруулахад ямар сэтгэгдэл төрөв?

-Миний “Louis Vuitton” брэндийн төлөөлөгчийн хувиар даруулж буй анхны зураг авалт байлаа. Мөн “Vogue Korea”-д зориулсан зураг авалт байсанд нь ч би маш ихэд баяртай байгаа.

-Саяхан “New Woman” дуугаа нийтэд цацсан.  Энэхүү дуугаар бие даасан хүчирхэг байдал, өөртөө итгэх итгэлийг онцолсон. Таны хувьд "New Woman" гэж ямар байхыг хэлэх вэ?

-“New Woman дуу нь өөртөө итгэх итгэлийн тухай юм. Өглөө босоод, урт өдрийн саад, бэрхшээл, сөрөг бүхний өөдөөс өөртөө итгэлтэйгээр давшихад миний энэ дуу дэмжлэг болдог байгаасай гэж хүсэж байна. Би өөрөө ч  тийм төрлийн хүн. Хэдий өдөр тутмын амьдрал минь хийх зүйлсээр мундахгүй, завгүй байгаа ч “New Woman” дуу шигээ өөрийгөө өөртөө итгэх итгэлээр цэнэглэж байгаад л даван туулчихдаг.

-Энэ оны эхээр та “LLOUD” компанийнхаа гарааг эхлүүлсэн. Нээлтийн үеэрээ босс эмэгтэйн стилиэр хувцасласан байсан. Яагаад тухайн стилийг сонгосон юм бол?

-Сүүлийн долоон жилийн турш огт өмсөж байгаагүй стилиэрээ хувцаслаж үзэхийг хүссэн. Нөгөөтээгүүр  миний компани юм чинь, надад босс эмэгтэй байх нь илүү зохицно гэж бодсон юм. Ялангуяа амьдралынхаа шинэ бүлгийг илтгэх зургийг илүү догь дүр төрхөөр чимж, шинэ адал явдлаар эхлүүлэхийг хүссэн минь тэр.

-LLOUD компанийн үйл ажиллагаатaй зэрэгцэн таны захирлын гараа эхэлсэн. Тус ажлыг гүйцэтгэхэд ямар саад бэрхшээлтэй нүүр тулав?

-Тийм өнцгөөс бодож байгаагүй юм байна. Би энэ компанийг ганцаараа чиглүүлж, энэ хүртэл авчраагүй ээ. Баг, хамт олныхоо ажлын үр дүнд бүхнийг туулсан гэж хэлмээр байна.

-Намбалаг төрлийн захирал юм уу даа?

-Захирал гэж дуудуулах чинь яасан эвгүй юм бэ. Надад хүмүүсийг удирдаж, чиглүүлсэн туршлага байхгүй ээ. Тиймээс би баг хамт олон болон гэр бүл найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсдог. Ер нь л бид бүгд хамтдаа ирээдүй өөд тэмүүлж байна. 

-Та дэлхийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг. Алдар нэр тань хааяа дарамттай санагддаг уу?

-Нийтлэл бүр чинь хүмүүст сайнаар, муугаар ч нөлөөлөх боломжтой хэмжээний олны танил хүнд бол ер нь их ээдрээтэй. Азаар эцэг эх маань надад үргэлж болгоомжтой байхыг сануулдаг. Нийтлэх гэж байгаа бүх постоо зүгээр байгаа эсэх дээр нь бодоод л. Сүүлдээ санаа зовоод байхаар бас төвөгтэй. Би ер нь аль болох постуудаа тэнцвэртэй байлгахад анхаардаг.

-Та бэлтгэгч байсан үеийн өөртэйгөө ярилцах боломж олдвол өөртөө юуг зөвлөх вэ?

-Хэн ч ирээдүйд юу болох талаар мэдэхгүй болохоор хичээнгүйлэн ажилламаар санагдана шүү дээ. Үнэнийг хэлэхэд миний хувьд хар бараан, хэцүү байгаагүй ээ. Мөрөөдлийнхөө төлөө л зүтгэж байсан юм хойно. Шаргуу хичээхдээ би баяртай байдаг байсан.

-Та бэлтгэгч байх үе амьдралын тань эхний өөрчлөлт, “Blackpink”-д элссэн явдал хоёр дахь том өөрчлөлт гэж ярьсан. Харин таны гурав дахь үе юу байх бол?

-Би хэзээ нэгэн өдөр түүнийг хүн бүгдэд харуулна. Одоо бол хэтэрхий эрт байна.

 

Эх сурвалж: 2024 Vogue Korea October сэтгүүл

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)