Х.МОНГОЛХАТАН

 

Монголын театрын урлагт тэр дундаа драмын жүжигт хүч түрэн орж ирж буй залуу уран бүтээлчид болох  "Орфей" театрынхан шинэлэг бүтээлүүдээрээ үзэгчдэд бэлэг барьсаар байна.

 

Орфейн жүжгүүд юу өгүүлдэг вэ

 

Москвад найруулагчаар төгсөж ирсэн М.Батболд И.В.Гётегийн "Фауст" постдрамын жүжгээр тайзны бүтээлийнхээ салхийг хагалж үзэгчдийг гайхшируулж чадсан. Энэ тэсрэлт драмын урлагт дурлагсдыг сэргээж, өвөрмөц шийдэл, өөр өнгө төрхөөрөө татсан билээ. Түүнээс хойш Орфей театрын уран бүтээл үзэгчдэд хүлээлт үүсгэсээр байна.

Ф.М.Достоевскийн “Гэм зэм” зохиолоос сэдэвлэсэн "Гэм зэм" постдрам жүжиг шинэлэг өвөрмөц тавилт, найруулга нь үзэгчдийг талцахад хүргэж байлаа.

Харин Америкийн зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр саркастик мелодрам болгон тавьсан. “Broadway” театрын алдарт бүтээл болох энэхүү жүжгийг Монголынхоо үзэгчдэд зориулан найруулахдаа бидэнд хамгийн ихээр дутагдаад байгаа итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулахыг хүссэн мэт байв.

"Шөнө дундын бүжиг" кабаре драм нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол байсан юм. Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргал, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг энэ жүжгийг кабаре драм төрлөөр, насанд хүрэгчдэд зориулан хүргэсэн нь онцлог байсан.

Тэдний дараагийн шат бол дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээл болох Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984”постдрамын жүжиг байсан юм. Энэхүү жүжиг нь сэтгэлзүйн драм бөгөөд амьдралаа эргэцүүлэн боддог хүний өмнө дааж давшгүй их бэрхшээл тохиолдлоо ч өөрийнхөөрөө бодож, сэтгэж амьдарсны үнэ юутай ч зүйрлэхийн аргагүй гэх утга санааг хүргэснээрээ үзэгчдэд бодох бодол, ярих сэдэв өгсөн юм.

Сонгодог бүтээл цагаа олно гэдэг чухал ач холбогдолтой байдаг гэдэг. Хүссэн хүн бүр барьж аваад бүтээл болгон тайзнаа амьдруулж чадахгүй дэлхийн сонгодог зохиолуудаар Монголынхоо үзэгчдийн мэлмий сонорыг мялааж, оюуныг цэнгүүлж чаддаг найруулагч М.Батболдын энэ намрын ээлжит бэлэг бол Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжиг байв.

 

Үй Хуагийн "Амьдрахуй"-н үнэ цэн

Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" роман Хятаддаа төдийгүй дэлхийд Хятадын уран зохиол сонирхогчдын дунд үнэлэгдсэн зохиол. Хүний амьдрахуйн хүлцэхүйн тэсвэр тэвчээрийн тухай өгүүлсэн хүнд сэдэвтэй гэж хэлж болохуйц.

Зохиолч Үй Хуагийн хувьд Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг юм. Тэрээр  таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлсэн бөгөөд бүтээлүүд нь дэлхийн 20-иод хэлнээ орчуулагдсан билээ. Харин Үй Хуагийн "Амьдрахуй" романыг монгол хэлнээ Мөнхцолын Батбаяр 2018 онд орчуулж Монголынхоо уншигчдад хүргэсэн.

“Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм.

Ийм хүнд сэдэвтэй, алдартай зохиолыг барьж аван бидэнд тайзны бүтээл болгон хүргэж буй "Орфэй" театрынхан болон найруулагч М.Батболдын зоригийг үнэлэхгүй байж боломгүй.

Хэрэв та Үй Хуагийн эх зохиолыг уншсан бол, Жан Имоугийн хийсэн киног шимтэн үзэж байсан бол энэ удаад М.Батболдын сэтгэлээс ургаж, оюун тархиар дамжин үзэгчдэд хүрч буй “Амьдрахуй” хэрхэн тайзны жүжиг болон “амьдрахыг” үзэх нь.

Өвөг дээдсийнхээ хэдэн үеэрээ хураасан эд баялгийг мөрийтэй тоглоомд алдаж байгаа Фу Гүйгийн амьдралаар жүжиг эхэлнэ. Хэдийгээр үйл явдал хэдэн арван жилийн өмнөх Хятадын нэгэн гэр бүлд тохиолдсон боловч өнөөгийн Монголын нийгэмд оршсоор бүр ихэссээр байгаа асуудал. Казино, койн, мөрийтэй тоглоом, цахим бооцоо зэргээс болж байдгаа барьсан хүмүүс олон бий. Тэд хялбар замаар мөнгөтэй болох хүсэлдээ автаж, буруу зам руу тэмүүлж, амьдралаа үрэн таран хийж байгаа нийгмийн давлагааг эндээс харж болохоор.

Жүжгийн гол дүр Фу Гүйд тоглосон Гавьяат жүжигчин Д.Баттөмөр “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Би сарын хугацаанд өөрийнхөө гадаад төрх, биеийн байдалдаа анхаарал хандуулж, 18 кг жин хаслаа. Миний хувьд дүр дээрээ ажиллахын тулд өөрөөс шалтгаалах бүхий л өөрчлөлтүүдийг хийж байна. Хошин шогийн жүжигчин Батаа Фу Гүйгийн дүрд хэрхэн тоглох бол гэсэн хүлээлт үзэгчдэд байсан байх. Жүжигчин хүн бүх төрлийн дүрд тоглож, түүгээрээ амьсгалж, амьдрах ёстой. Найруулагч намайг сонгохдоо уг дүрийн дотоод ертөнц, хандлага, зан ааш, төлөв байдалтай нийцэж тоглож чадна гэж дүгнээд санал тавьсан болов уу. Үзэгч түмэн олон маань амьдралын утга учир, хүн байхын мөн чанарыг энэ жүжгээр дамжуулан ойлгож, өөрсдийн ертөнцөд нэгээхэн том гэрлийг тусгах болов уу. Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм. Халуун дулаан амьд харилцаанд ухаарал бодрол, уянга, хайр бүгдийг өгүүлсэн “Амьдрахуй” жүжгийг хүрэлцэн ирж үзээрэй” гэсэн юм.

 

Үхэх амархан, амьдрах хэцүү гэв үү

 

Гэхдээ жүжгийн үзэгдэл бүрд хүний хийсэн үг үйлдэл бүхэн үр дагавартай, үйлийн үр төлөөстэй гэдгийг ухааруулах гэж хичээх мэт. Мөрийтэй тоглоомд Фу Гүй гэр бүлийнхээ бүх эд хөрөнгө, орон гэр, газраа алдаж хоосордог. Гэтэл аав нь “Манай гэр бүлийн эд хөрөнгөтэй хамт үйлийн үр нь ч чамд очиж буй” гэж хэлдэг. Үнэхээр ч тэдний хөрөнгөнд эзэн суусан хүн удалгүй буудуулж амь насаа алдана. Амь насных нь үнэтэй хөрөнгө мөнгө хожсоноо тэр залуу мэддэггүй. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг энэ аж.

Энэ жүжгийн гол дүр Д.Баттөмөрийн бүтээсэн Фу Гүй мэт боловч түүнийг тодотгож, үзэгчдийн сэтгэлийг татаж, ухааруулж, уярааж байгаа нь Жя Жэн. Жүжигчин Д.Ганцэцэгийн бүтээсэн Жя Жэн энэ жүжгийн амин сүнсийг атгаж яваа гол дүр байв.

Мөрийтэй тоглоомоос болж жирэмсэн эхнэрээ цохиж унагахад, хамгаа алдаад хоосроход нь, аавтайгаа зөрөн хүүгээ тэврэн буцаж ирэхдээ ч, нөхрөө ор сураггүй алга болж охиноо өвдөхөд ч, ер бүх цаг үед Жя Жэн нөхрөө түшсээр, нөхөртөө итгэсээр, нөхрөө хүлээсээр, түүнийг хайрласаар л байсан. Өөрөө эдгэршгүй өвчин туссан ч, бүр хүүгээ, охиноо алдсан ч тэр нөхрөө өрөвдөн бодож өөрийн сэтгэлээ хатамжлан буруу харж уйлан, зөв харж инээн сууна.

Түүний аав бүтэлгүй нөхрөөс нь салгаж төрхөмд нь авч яваад амьдрал алт мөнгөн дээр тогтдогийг ухуулавч Жя Жэн амьдрал түлээ, будаан дээр л тогтдог. Цаашлаад давс, тос, цай байхад амьдрал амттай болно гэж зөрүүдэлдэг. Тэр энэ үгээ батлах гэж энэ амьдралаа хүлцэн туулдаг. Гэхдээ хүн ядуу дорой ч хамаагүй амьдралаас өчүүхэн аз жаргалыг мэдэрч чаддаг байхын ухаарлыг өгч байлаа.

Жя Жэний дүр эмэгтэй хүн энэ амьдралд ямар их ачаа үүрдгийг, ямар тэсвэр тэвчээр гаргадгийг харуулсан юм. Түүнийг бүтээсэн гавьяат жүжигчин Д.Ганцэцэг тайзан дээр тогловч амьдрахуйн үнэ цэнийг үзэгч бүрийн зүрхэнд, тархинд шивж байлаа.

Үхэх амархан, амьдрах хэцүү гэж “Амьдрахуй” шивнэв. Гэхдээ энэ амьдралд эрэгтэй хүн эцэж цуцталаа тэсдэг бол эмэгтэй хүн үхэн үхтлээ тэсдэг гэдгийг тайзнаас хашхирах шиг болсон.

Тайзны урлаг амьтай. Драмын жүжгийг үзсэн хүн бүр өөрийн мэдрэмж, таашаалд нийцүүлэн хүлээн авдаг, ойлгодог, тайлбарладаг. Таалагдаж ч болно, таалахгүй ч байж болно. Гэхдээ бүтээл бүрээс өөртөө зөв ганцыг, гашуун үнэнийг тунгааж үлдэж чадвал төлсөн мөнгө, зарцуулсан хугацаандаа харамсахгүй байж болно.

"Амьдрахуй"-г үзсэн хүн бүр хайртай бүхнээ хөндлөнгөөс нэг хараасай, хажуу дахь хань ижлээ, үр хүүхдээ ойлгож, хайрлаж, жаргалтай байлгаж чадаж байна уу гэдгийг ухааруулахыг зорьжээ.

Нээлтээ хийгээд удаагүй ч нийгмийг талцуулж, сайн муугаар хэлэгдэж, "Амьдрахуй"-н тухай амьд хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн нь энэ жүжиг энэ цаг мөчид тавигдах ёстой байсныг, үүргээ биелүүлж чадсаныг харуулж байна.

Сайн зохиол бол нийгмийн аль ч цаг үед үнэт чанараа хадгалж, зуун дамжин амьдарсаар байдаг. Тийм ч учраас сонгодог зохиол болж үлддэг. Үй Хуагийн өнгөрсөн зууны “Амьдрахуй” өнөөдөр бидэнд М.Батболдын “Амьдрахуй”-аар амиллаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)