Энэ цагийн Монголын кино урлагийн салбарт хамгийн амжилттай яваа продакшн бол “Фантастик”. Тэдний шинэ уран бүтээлийг хүлээдэг, онцолж үздэг нэгэн үе бий болоод байна. Тиймээс ч продакшны найман залуугийн хувьд энэ он жилүүдэд уран бүтээлийн чанар чансаа нь сайжирч, Монголд төдийгүй олон улсад гарах гүүрээ амжилттай тавиад байгаа юм. Уншигч таныг тус хамтлагийн уран бүтээлийн он цагийн түүхээр аялуулъя. 

Дурсамж төгсгөл үгүй

2011 он

“Фантастик” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл бол “Дурсамжид төгсгөл үгүй” гэсэн энэхүү драм төрлийн уран сайхны кино билээ. Дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байсан залуухан уран бүтээлчдийн хувьд анхны киногоо дэлгэцэд гаргаад хамгийн их урам авсан гэдэг. Тус бүтээлийг Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд гол дүрд нь Б.Тамир, Б.Бадамцэцэг, Г.Баярбат, Ж.Алтаншагай нар тоглож, найруулагчаар нь Б.Батсайхан ажиллаж байжээ. Энэхүү кинонд “Эрдэнэт” үйлдвэрт илгээлтээр ирж буй залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм.

Аз жаргалын шок

2013 он

“Фантастик” продакшны хамгийн анхны инээдмийн төрлөөр хийсэн кино нь “Аз жаргалын шок” юм. Хамтлагийн залуус энэхүү бүтээлийг амжилттай нээснээр үзэгчид тус продакшныг илүү мэддэг болж, “Фантастик”-ийг сонирхох болсон. “Аз жаргалын шок” кино гэр бүлийн хоёрын таагүй харилцаанаас болж, нэг өглөө хүйс нь солигдож буйгаар эхэлдэг. Энэ хугацаанд тэд бие биеэ илүү ойлгож, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа эргүүлж олохын төлөө хамтдаа хичээдэг билээ. Киноны найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд жүжигчин Г.Баярбат, Б.Одончимэг нар тоглосон байдаг.

Миний их атаман

2014 он

Энэхүү уран бүтээл нь тус продакшны адал явдалт төрлөөр хийсэн анхны уран бүтээл байсан юм. Тиймээс ч үзэгчид өндрөөр хүлээж авч, “Фантастик”-ийн кинонуудын түвшинг нэг алхмаар нэмсэн гэж ярьдаг. Кино аадар бороо цутгасан зэвэргэн шөнийн дүрслэлээр эхэлдэг. Хангай дүүгээ дагуулсаар хэн нэгнээс зугтан нэгэн айлаас дүүгээ өргөж авахыг гуйсан боловч зөвшөөрөхгүй. Гэвч Амраа эцсээ хүртэл гуйж өвдөг сөгдөн амь тавин гуйсны эцэст санаснаар болж огт танихгүй айлд дүүгээ өргүүлж үлдээв.Ийнхүү төрсөн ах дүү хоёрын ээдрээт хувь заяа салснаар кино эхэлнэ. 20 жилийн дараа Хангай дүүгээ хайсан боловч дүү ор сураггүй алга болжээ...

247 градус

2014 он

Найруулагч Б.Тамирын хийсэн ээлжит инээдмийн кино нь “247 градус” юм. Энэхүү уран бүтээл үзэгчдэд хүрснээр тус продакшны хувьд киноны аль ч төрлөөр даацтай уран бүтээл хийж чадна гэдгээ дахин баталсан байдаг. Кинонд найз залуудаа хаягдсан Ариунаа сэтгэл санаагаар унаж сэтгэлээ тайтгаруулахын тулд танихгүй дугаар руу залгаж бухимдлаа гаргана. Гэтэл тэрхүү дугаарын эзэн нь санаанд багтамгүй хүн байлаа. Гэхдээ тэд бие биеэ танилгүйгээр нэг нэгэндээ татагдаж эхэлдэг. Залуусын хайр сэтгэлийг хөгжилтэй хэлбэрээр үзүүлсэн тус бүтээлийн гол дүрд жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Ууганбаяр, Э.Алдар, Б.Одончимэг нар тоглосон байдаг.

Хар сувдны нууц

2015 он

“Фантастик”-ийн дараагийн инээдмийн кино нь “Хар сувдны нууц” байв. Энэхүү киногоо тэд анх удаа хил дамнаж буюу Вьетнам улсад зураг авалтаа хийсэн билээ. Энэ нь тэдний олон улсад гарах хамгийн анхны алхам байсан гэж хэлж болно. Киноны найруулагчаар Б.Тамир ажилласан бөгөөд гол дүрд Г.Алтаншагай, Б.Дэлгэрсайхан, Г.Баярбат, Г.Намуунцэцэг нар тогложээ. Кинонд Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан дөрвөн хулгайч Вьетнамыг зорино.Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөнө.

Том толгойтын романс

2015 он

“Фантастик” продакшны ихэнх уран бүтээлийн автор нь найруулагч Б.Тамир байдаг билээ. Харин “Том толгойтын романс” киног жүжигчин Б.Барслхагва найруулснаараа онцлог. Энэхүү бүтээлийг Италийн кино зохиолч Lina Wertmüller-ийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Группын өв залгамжлагч, ерөнхийлөгч бүсгүйн адармаатай амьдрал нь түүнийг хөтлөн энгийн нэгэн аж ахуйч, цахилгаанчин залуутай учирч байгаагаар энэхүү кино эхэлнэ. Гэнэтийн явдлаас болж ухаан санаагаа алдсан бүсгүй гурван хүүхдийн ээж болж гэр хорооллын амьдралын бүхий л нугачааг туулж өнгөрүүлдэг. Гол дүрд жүжигчин Б.Одончимэг, Ж.Алтаншагай нар тогложээ.

Маш нууц

2016 он

Тус продакшны хамгийн анхны бодит явдлаас сэдэвлэж хийсэн бүтээл бол “Маш нууц” кино юм. 1960-1970 оны хооронд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан Барилгын цэргийн...-р ангид болсон явдлыг тус бүтээлд өгүүлжээ.  .Уг кинонд үзэл бодлын зөрчил, эх үрсийн хагацал мөн хэцүү бэрхшээлтэй үед эрчүүдийн үерхэл нөхөрлөл улам батжиж байгаа зэргийг үзүүлдэг. Хугацаат цэргийн албаа дуусгаж, гэр гэрийн зүг явах гэж байгаа цэргүүдэд дээд газрын тушаалаар дахин нэг жил хугацааг сунгаснаар киноны үйл явдал эхэлнэ.

18 нас би чамд хайртай

2016 он

“Фантастик”-ийн ээлжит драм төрлийн бүтээл нь “18 нас Би чамд хайртай” кино юм. Энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Э.Одбаяр, Ч.Сэлэнгэ нар тоглосон байдаг. Кинонд  UFC буюу холимог тулааны тамирчин залуу, хийл хөгжмийн ангийн оюутан охин хоёр мөсөн гулгуурын талбай дээр санамсаргүй танилцсанаар  хайрын түүх нь  эхэлнэ. Тэдний хайр дурлал гайхалтайгаар үргэлжлэх боловч гэнэтийн асуудлаас болж бүх юм өөр тийшээ эргэдэг. Залуу насны хайр дурлал анхны хайр хэрхэн өрнөх бол.

Зүрхний хилэн

2017 он

Найруулагч Б.Тамирын бүтээл “Зүрхний хилэн” кино нээлтээ хийснээсээ хойш Монголын кино чаартуудыг тэргүүлж эхэлсэн юм. Энэхүү бүтээлд Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн шоронд хоригдож буйгаар эхэлнэ. Тэрээр хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээ ч хүн оргож  байгаагүй Батгүн шоронгоос зугтана. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу хамаг аргаа хэрэглэнэ... Тус бүтээлээр эрх чөлөөний үнэ цэн, монгол эр хүний арга ухаан,  Монголоо гэсэн сэтгэлийн тухай өгүүлдэг билээ.

37-р точка

2019 он

“Фантастик”-ийн хамгийн анхны цуврал бөгөөд хамгийн алдартай, үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл бол гурван бүлэгт “37-р Точка” юм. Тус бүтээлд ах дүү дөрвийн хувь тавилангийн тухай өгүүлдэг.  Энэхүү  бүтээлийн Дарханд хийгдсэн олны хэсэг бүхий зураг авалтад 1200 хүн оролцжээ. Харин хотын төвийнхэн болонзахын залуусын хооронд болдог зодооны зураг авалтад 400 гаруй хүн орсон гэсэн статистик бий. Киноны үйл явдал түүхэн цаг үед өрнөдөг ч дүрүүдийн харилцаа холбоо болон түүхүүд зохиолчийн сэтгэлгээнээс бий болсон уран сайхны үйл явдал гэдгийг кино багийнхан онцолдог.

Zura

2020 он

Харин сүүлийн дөрвөн жил үзэгчдийг кино театр руу татаад буй “Фантастик” продакшны ээлжит адал явдалт уран бүтээл нь “Зура” гурван ангит кино юм. Анхны анги нь 2020 онд үзэгчдийн хүртээл болсон бол сүүлийн анги нь энэ онд “Зура: Цэвэрлэгээ” нэртэйгээр үзэгчдэд хүрээд байна. Киноны өмнөх хоёр ангийн улс төрч, цагдаа, шүүхийн дүрд Монголын томоохон кино урлагийн төлөөллүүд тоглосон байдаг бол энэ удаа гавьяат Золбоотоос гадна Б.Ялалт, Г.Бархүү, Э.Тодгэрэл , мөн эсрэг талын дүрд Малайзын жүжигчин Kam Kia Kee тогложээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)