П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

Он цагийн дарааллаар нь дэглэн дэлгэсэн

Зочлоод гарахад үүд хаалга нь үргэлж нээлттэй, шинэхэн үзэсгэлэнгээр мэлмий мялааж байдаг өнгө будаг алагласан газар бол Монголын урчуудын эвлэл. Уран зураг, уран баримал, уран бичиг гэсэн уран тансаг болгоныг дэлгэхийн сацуу түүх соёлын дурсгалыг ч мөн гаргадаг ажээ. Энэ удаа шинжлэх ухаан, урлаг хоёрын төгс нийлэмжийг өгүүлэх архитектурын гэрэл зургийн үзэсгэлэнг нэгэн танхимдаа залсан нь Б.Батзоригийн анхны бие даасан “Архив” үзэсгэлэн байв.

Дэлхийн II дайны дараагаас хүчтэй дэлгэрсэн дүрслэх урлагийн нэгэн төрөл болох архитектурын гэрэл зураг нь зөвхөн барилгын тухай биш тэр үеийн нийгмийг мөн харуулдгаараа онцлог юм. Архитектурын бүтээл нь гоо зүйн үнэ цэнтэй объект төдийгүй хүн төрөлхтний материаллаг түүх соёлын чухал хэсэг ажээ. Архитектурын өв нь тухайн үеийн уран сайхны хэв маяг, тухайн бүс нутгийн хүмүүсийн амьдрал, соёл, итгэл үнэмшил, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин зэрэг олон төрлийн мэдээллийг агуулдаг байна. Энэ өвийг гэрэл зурагт буулгаж, түгээн дэлгэрүүлж яваа хүн бол Б.Батзориг билээ.

Б.Батзориг нь 2007 онд архитектурын гэрэл зургийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрээр гэрэл зурагчин төдийгүй мэргэжлийн архитектурч  хүний хувьд 2011 оноос Монгол Улсын түүхэн барилгуудыг он цагийн дарааллаар нь архивлан хадгалж байв. Түүнээс өмнө 2008 онд барилга угсралтын явцын туршлага судлахаар Англи улсыг зорихдоо, 2010 онд Амстердамын гудамж олон улсын оюутны семинарт оролцохдоо архитектурын гэрэл зургаа дарсаар байв.  Ийнхүү 2007 оноос хойш Монголын төдийгүй дэлхийн шилдэг архитектурын шийдэлтэй барилгуудыг гэрэл зурагт буулган, он цагийн дарааллаар дэглэн дэлгэснээрээ онцолсон юм. Зөвхөн гэрэл зураг талаас нь бус архитектурын шийдлийг мөн тусгаснаараа шинэлэг байв. Мөн сонордуулахад “Архив” үзэсгэлэнгийн куратороор түүний төрсөн дүү Б.Бат-Оргил ажиллажээ.

 

Сонгодог харагдавч монгол ур ухааныг шингээсэн байдаг

Б.Батзориг “Монголын архитектурыг дэлхийн сонгодогтой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай боловч түүнтэй дүйцэхүйц сүм хийд, эртний орд харшууд бий. Харин орчин үеийн барилгын салбар үүсэж хөгжсөн сүүлийн 90-ээд жилийн хугацаанд манай ахмадууд сонгодог барилгыг дуурайхаасаа гадна монгол ур ухааныг шингээсэн байдаг. Жишээлбэл, Дуурийн театр сонгодог хийцтэй харагдавч нарийн ажиглавал малчин ахуй, нүүдлийн соёлыг шингээсэн баримлаар чимэглэсэн байдаг. Мөн Амарбаясгалант хийд, Чойжин ламын сүм зэрэг монгол архитектурын гайхалтай ур ухааныг шингээсэн байдаг. Үүнийг гадаадын хүнд хийцтэй, хугацаа шаардсан сонгодог барилгуудтай харьцуулж болохгүй. Гэхдээ энэ бол манай хотжилтын түүхийг өгүүлэх үнэт өв юм” хэмээсэн юм.

Монгол Улсад энэ чиглэлийн гэрэл зураг хөгжлийн эхэн шат дээрээ явааг үл хөдлөх зуучлалын газрууд борлуулалт, сурталчилгаандаа мэргэжлийн бус зураг авч олон нийтэд түгээж буйгаас харж болно. Архитектурын гэрэл зураг нь аливааг үнэн бодитойгоор хүргэх зорилготой бөгөөд мэргэжлийн байх тусмаа цаг хугацааны шалгуурт үлдэх үнэ цэн нь нэмэгддэг ажээ. Мөн түүхэн барилгуудыг сэргээн засварлагдахад ашиглагддаг чухал ач холбогдолтойг Б.Батзориг хэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)