Г.МӨНХЗУЛ
60 гаруй жилийн өмнө Италийн нэгэн балгасаас олдож байсан тэрхүү зураг Пабло Пикассогийн бүтээл мөн болох нь батлагдвал өндөр өртөгөөр үнэлэгдэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Италийн Помпей хотноо гэр бүлийн жижиг дэлгүүр эрхлэх Луижи Ло Россо, орхигдож хаягдсан орон сууц, эдлэнгээс дэлгүүр дээрээ зарж болохуйц юу л байна бүгдийг хайж, ухсаар амьжиргаагаа залгадаг байлаа. 1962 онд Капри арлын ойролцоо орших балгас болсон виллаг Луижи нэгжиж байхдаа хуйлаастай зотон даавуун дээр тэгш бус эмэгтэй хүнийг дүрсэлсэн нэгэн зургийг олжээ.
Швейцарт төвтэй урлагийн сэргээн засварлах ашгийн бус “Аркадиа” сангийн хүндэт ерөнхийлөгч болох урлагийн мэргэжилтэн Лука Жентиле Канал Маркантегийн хэлж буйгаар уг зурагт Пикассо өөрийн амраг асан Францын гэрэл зурагчин, яруу найрагч Дора Маарыг дүрсэлсэн зураг байх боломжтой гэжээ.
Зотон даавуун дээр дүрслэх улаан уруулын будагтай цэнхэр даашинз өмссөн эмэгтэй яах ч аргагүй Пикассогийн тэгш бус зурах хэв маягийг тусгана.
24 насыг зооглоод удаагүй байсан аав минь тэрхүү урлагийн бүтээлийн зүүн дээд буланд "Пикассо" гэж бичсэн гарын үсэг ямар нэг юм илэрхийлнэ гэж бодоогүй өнгөрөөчихсөн нь лавтай хэмээн түүний хүү Андреа Ло Россо CNN-д өгсөн ярилцлагандаа дурьджээ. 2021 онд бурхан болсон аав маань уг зургийг хямдхан жаазанд жаазлаад, ээжид бэлэг болгон өгч байсан ба тухайн үед ээж их гомдолтой хүлээн авч байсан гэсэн. Заръя гэсэн ч зарагдахгүй л биз гэж ээж бодоод 50 гаруй жилийн турш гэрийнхээ хананд , дараагаар нь өөрсдийн ресторандаа тэр зургийг өлгөсөн. Царай нь хачин жигтэй зурагдсан байсан болохоор нь “Сараачсан зураг” гэж ээж нэрлэдэг байсан. Аавын яриаг сонсдог байсан хүний хувьд хэлэхэд Капригийн балгасаас хоёр зураг олдсон. Зөвхөн нэг нь л Пикассогийн гарын үсэгтэй. Тухайн хоёр зураг хоёулаа шороо, тоосонд хучигдчихсан байсан болохоор нь ээж хивс юм шиг л дэлгэж тавьж байгаад, угаалгын нунтагаар угааж байсан гэдэг хэмээн хүү нь дурсжээ. 1980-аад онд Андреа Ло Россо бага сургуульд байхдаа урлагийн түүхийн сурах бичгээс Пикассогийн "Buste de femme Dora Maar"-ыг үзээд,мөн Испани зураач 1950-иад онд Капри хотод хэсэг амьдарч байсан талаар мэдсэн даруйдаа тухайн зураг үнэ цэнэтэй байж болзошгүй болохыг ээж, аавдаа хэлсэн аж. Ийнхүү тэрхүү урлагийн бүтээл дээрх гарын үсгийг баттай мөн эсэхийг тодруулах олон арван жилийн аялал эхэлсэн байна .
Тэд хэд, хэдэн урлаг судлаачтай уулзаж шалгуулах үед судлаач бүр зургийг эх хувь нь биш байна гэж дүгнэдэг байсан мөртлөө зургийг худалдаж авах хүсэлтэй буйгаа илэрхийлдэг байв. Энэ үйлдэл Ло Россо гэр бүлд сэжигтэй санагдсан тул Италийн Соёлын өвийн цагдаад зургаа бүртгүүлсэн бөгөөд цагдаа нар эхэндээ зургийг хулгайлагдсан байж болзошгүй гэж үзсэн боловч тухайн үед зураг яг баттай Пикассогийнх гэж үзээгүй тул гэр бүлд уг зургийг гэртээ байлгахыг нь зөвшөөрсөн байна. Тухайн урлагийн бүтээл 2019 оноос хойш Миланд хадгалаастай байсаар өнгөрсөн сард Миланы соёлын өвийг хамгаалах шүүхийн гар бичвэр судлаач Шинцзиа Алтиер тэрхүү гарын үсэг Пикассогийнх мөн болохыг баталж чадсан юм. Алтиери уг зурган дээр хэдэн сарын турш ажиллаж, Пикассогийн бусад бүтээлтэй харьцуулж, мөн Пикассог амьд байх үеэр зурагдсан эсэхийг шалгах үүднээс шүүхийн шинжилгээ хийсэн аж.
"Түүний гарын үсэг яах ч аргагүй мөн байна. Зургийг хуулбар гэж хэлэхээр зүйл дүн шинжилгээний явцад ерөөсөө илэрсэнгүй " хэмээн Шинцзиа Италийн хэвлэлөгсөн ярилцлагандаа онцолжээ. Ло Руссогийн гэр бүлтэй хамтран ажилласан урлагийн мэргэжилтэн Марканте энэ зургийг жинхэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа CNN-д ярьжээ. Одоогийн урлагийн зах зээл дээр үндэслэн Алтиери, Марканте нарын үнэлгээгээр бол Ло Россогийн зураг ойролцоогоор 6 сая евро буюу 6.6 сая доллараар үнэлэгдэж мэдэхээр болоод байгаа юм.Хэрэв Парисын Пикассо сангаас баталсан гэрчилгээ олговол энэхүү үнэ илүү өсөх байр суурьтай байгаа аж. "Миний сэтгэл ихэд хөдөлж байгаа хэдий ч бүгдээрээ юу юуны духанд хүрэхгүй шууд тэмдэглэхгүй байя , энэ гайхалтай түүхээ дуусгахаас өмнө хийх нэг чухал алхам бидэнд үлдээд байна аа. Энэхүү зураг Парис хотод ч гэсэн жинхэнэ гэсэн баталгаагаа авах өдөр ирнэ гэдэгт би итгэж байна. Тийм ч учраас энэ хүртэл хичээж ирсэн юм чинь, төгсгөл хүртэл нь хичээх болно оо " хэмээн Андреа Ло Россо сэтгэгдлээ илэрхийлжээ. Ийнхүү Пикассо санг өөрийн зүгээс мэдэгдэл хийгээч хэмээн CNN холбогдсон байна. Пикассо сангийн зүгээс үнэ нь хоёр дахин өсөх боломжтой гэж мэдэгдэл хийх төдийд , Ло Россо дүү нартайгаа тухайн зургийг баталгаажуулж, зарах хүсэлтэй байсан аавынхаа хүндэтгэлд зориулж дуудлага худалдаанд оруулах төлөвлөгөөтэй буйгаа хуваалцжээ.
Эх сурвалж: www.zms.mn