Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

Монголын анхны төрт улс болох “Хүннү” гүрний эзэн Модун Шаньюйгийн тухай түүхийг үзүүлэх Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг энэ цаг мөчид шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр УДЭТ-ын тайзнаа тоглож байгаа билээ. Энэхүү бүтээлийн онцлох дүрүүдийн тухай товч мэдээллийг хүргэе.   

Могол хатан

“Тэнгэрийн хүү” жүжгээс онцлох эхний дүр бол Могол хатан. Эх хүний элбэрэл хайр чин сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь ажиллаж байгаа юм. Түүний хувьд Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин, удам дамжсан жүжигчин гэдгийг нь мэдэхгүй хүн ховор биз ээ. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн охин өнөөдрийг хүртэл УДЭТ-аар овоглож, театрын тайзан дээр олон сайхан дүрийг “амьдруулж” яваа энэ цагийн авьяаслаг уран бүтээлчийн нэг юм.Тэрээр дүрийнхээ тухай  “Могол хатны дүрд өмнө нь Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд эгч ажиллаж байсан. Харин миний хүүд жүжигчин Б.Шинэбаяр ажиллаж байна.Түүхийг нь уншихад Модуны аав хоёр эхнэртэй байсан гэж гардаг. Эхний эхнэр нь Могол хатан буюу Модуны ээж. Гэхдээ их эрт нас барсан гэдэг юм билээ. Монгол хаадын хувьд хатан сонгох нь их чухал. Н.Сувд эгчийн бүтээсэн Могол хатан бол уужуу ухаан, алсын хараа, сэтгэлийн хаттай, олон зүйл ярьдаггүй ч нэг хэлбэл жинтэй үг хэлж чаддаг эмэгтэй гэж дүрслэгдсэн байдаг. Миний дүрийн хувьд ч жанжин шугам нь энэ. Би энэ жүжигт ажиллах хугацаандаа найруулагч Н.Наранбаатараараа их бахархсан. Учрыг нь үзэгчид ирж үзээд ойлгох байх. Их өвөрмөц, содон найруулгатай болсон гэж онцолмоор байна” гэсэн юм.

 

Модун Шаньюй

“Тэнгэрийн хүү” жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жил өнгөрсөн. Жүжгийн агуулга нь Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлтийг хийсэн гэж үздэг ажээ. Харин энэ удаад тус жүжгийн гол дүр буюу Модун Шаньюй хаанд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр тоглож байна. Өмнө нь энэхүү дүрийг гавьяат жүжигчин Б.Эрдэнэбилэг бүтээж байсан билээ. Б.Шинэбаярын хувьд анх 2014 онд тус театрт театр студийн жүжигчнээр орж, 2015 онд үндсэн жүжигчин болсон даруйдаа У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрд сонгогдож байсан юм. Үүнээс цааш театрт тавигдсан бүхий л уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсээр энэ цаг үед Хүннү гүрний их хаан Модун Шаньюйгийн дүрээр үзэгчидтэй уулзаж байна. Б.Шинэбаярын хувьд жүжигчнээс гадна Н.Наранбаатар найруулагчийн “Өчигдөр”, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн “Хэрээт төгөл” жүжигт туслах найруулагчаар ажилласан байдаг. Түүний ажилласан дүрүүдээс онцолбол Б.Баатар найруулагчийн “Адууны түүх” жүжгийн Жанжаа, офицер гэх хоёр дүрээс эхлээд Ч.Түвшингийн “Жаргаагүй нар” жүжгийн Д.Нацагдорж, “Бүсгүйн зурвас” жүжгийн Ирээдүй, “Хаадын хаан” жүжгийн Хорчин бөө, “Надтай үлдээч” жүжгийн Хосбаяр, “Сычуаны сайн хүн” жүжгийн үсчин Шу Фу гээд урт цуваа болох ажээ. 

 

Шунхуй хатан

Жүжгээс онцлох дараагийн дүр бол Шунхуй хатан билээ. Энэхүү дүрд УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг тоглож байна. Түүний хувьд анх “Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Чамайгаа алдмааргүй байна” жүжигт тоглож, дэлгэцийн уран бүтээлд “Орхидос” киноны хойд эхийн дүрээр цахиур хагалж явсан түүнийг энэ цагийн тайз, дэлгэцийн сайхан бүсгүй, сайн жүжигчин гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Анх театрт ороод “Парисын дарь эхийн сүм” жүжигт гал улаан даашинзтай, цыган бүсгүйн дүрийг бүтээж “Гэгээн муза” наадмын шилдгээр шалгарч явсан нь саяхан. Нэг хэсэг уран бүтээлээсээ чөлөө авч, алсын АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн Г.Отгонцэцэг театртаа эргэж ирээд “Сычуаны сайн хүн” жүжгээр үзэгчидтэй уулзсан. Харин одоо “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр үзэгчидтэй уулзахад бэлэн болжээ. Тэрээр энэхүү бүтээлийн тухайд “Би Тэнгэрийн хүү жүжгийн анхны бүрэлдэхүүнд багтаж байсан. Эргээд энэхүү уран бүтээлд оролцох болсондоо баяртай байна. Жүжгийн хувьд их том утга санааг агуулсан, олон дүртэй гэдгээрээ онцлог. Ялангуяа энэ жүжгийн эрэгтэй дүрүүд их гайхалтай. Үзэгчид Тэнгэрийн хүү жүжгийг үзсэнээр монгол хүн болж төрснөөрөө, өөрсдийн түүх, соёл, ёс заншлаараа бахархах сэтгэл төрнө” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)