П.ЛХАГВАЖАРГАЛ
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дэлхийн сонгодог урлагийн төлөөлөл болсон П.И.Чайковскийгийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг аравдугаар сарын 5, 6-ны өдөр тоглоно. “Хунт нуур” балетын тэргүүн цагаан хун Одетта, Ротбардын охин хар хун Одиллиягийн дүрийг Гавьяат жүжигчин О.Анужин бүтээх ажээ. Балетын удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг, балетмейстерээр Ардын жүжигчин Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж байгаа юм. Хоёр бүлэгт, дөрвөн үзэгдэлт энэхүү бүжгэн жүжгийн олны хэсэгт УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид, МУК-ны оюутнууд оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөнө. “Хунт нуур” балет нь УДБЭТ-ын тайзнаа анх 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер АЖ Б.Жамъяндагвын дэглэлтээр үзэгчдийн хүртээл болж байв. Харин одоо шинэ удирдаач, дүрийн бүрэлдэхүүнтэй үзэгч түмэнтэйгээ уулзахад бэлэн болжээ.
Эх сурвалж: www.zms.mn