П.ЛХАГВАЖАРГАЛ
Цагаахан цас мэт гэнэн томоогүй гэрэлтэж явсан хүүхэд нас хүний амьдралын хамгийн нандин үеийн нэг билээ. Сэтгэл зүрхнээ тодоос тод хадгалагдах сайхан дурсамжууд тэнд л оршдог. “Зууны мэдээ” сонин энэ удаа “Миний хүүхэд нас” буландаа урлагийн тайзнаа шинэ өнгө төрх болж яваа залуу дуучин Б.Хишигжаргалыг урилаа.
“Н.Норовбанзад гуайн магтаалд хөөрч, баясдаг хүүхэд байлаа”
Торгон хилийн онц хилчнээс түмнээ цэнгүүлэх авьяаслаг дуучин болсон түүнийг Б.Хишигжаргал гэдэг. Тэрээр дуунд мөнхөрсөн Дэрэн нутгийн морин дэл дээр дэрвэж өссөн, эрэмгий охин ажээ. Уртын дууны яруу тансаг, гайхам сайхныг дэлхийн дахинаа таниулж явсан нэрт уртын дуучин, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад түүний эмээгийн дүү юм. Мэдээ орсон цагаасаа л Н.Норовбанзад гуайг дэргэдээс нь харж, сонсож өссөн болохоор түүн шиг дуучин болохыг мөрөөддөг байжээ. Н.Норовбанзад гуайг хамаатнууд нь “Ов” гэж авгайлан дуудна. Б.Хишигжаргал “Ов эгч биднээр дуулуулаад чихэр өгнө. Хөөрхөн дуулж байна шүү гэж урмаар шагнана. Би тэр үгэнд нь их баярлаж, хөөрдөг хүүхэд байлаа” гэж дурссан юм. Дуу хуурын өлгий Дундговь аймгийнхан шандаст хурдан хүлгээ шаггүй уядаг, эрдэмт уяач олонтой. Тэдний нэг нь хүрэн мориороо нутагтаа алдартай, хашир уяач Жанцан билээ. Б.Хишигжаргал Жанцан ахынхаа хурдан буяныг долоон нас хүртлээ унажээ. Говь нутаг шинэ гэр барьж, гал голомтоо бадраасан айл морь уралдуулдаг уламжлалтай. Тэр нэгэн жил хоёр айлын гэрийн найр зэрэг болж таарчээ. Тэр өдөр Жагаа охин хурдан хүрэн морьтойгоо түрүү магнайд хурдалжээ. Ийнхүү тэр нэгэн өдөр хоёр даага бэлгэнд авсан нь өнөөдрийг хүртэл сэтгэлээс нь гардаггүй хүүхэд насных нь гэгээн дурсамжийн нэг болж үлдсэн байна.
Бага ангидаа “Ян тайван гөөгөө”-г дуулдаг байжээ
Говийнхон тал шигээ тайван гэж ярих нь бий. Аав нь түүнийг “Манай Жагаа их тайван хүүхэд шүү” хэмээнэ. Зургаан охин, нэг хүүгийн инээд хөөр цалгисан их өргөөний эзэн ухаант аав нь охин үрийнхээ бахархал юм. Тэрээр “Миний аав гэр бүлээ хайраар дутааж үзээгүй. Өглөө бүр эртлэн босоод боорцог хайраад орон доогуур хийчихнэ. Өдөр бүр шинэхэн хайрсан халуун боорцог иддэг байснаа мартдаггүй. Аав минь гэртээ байгаа үедээ ээж болон зургаан охиноо гал тогоонд цөөхөн оруулсан шүү” гэж хайрлагдаж өссөн хүүхэд насныхаа тухай ярьсан юм. Б.Хишигжаргалыг бага байхад аав нь тууварт их явна. Авсан цалингаараа 120-ын цэнхэр саваар дүүрэн орос тоглоом авчирч, сумынхаа хүүхдүүдэд үнэгүй тараадаг байжээ. Аавынхаа энэ л энэрэнгүй, өгөөмөр сайхан сэтгэлээр нь охин ихэд бахархдаг байсан тухайгаа дурсаж байв. Б.Хишигжаргал хэдийгээр урлагийн сургуульд ороогүй ч удам дамжсан уянгалаг хоолойгоо сургуулийнхаа тайзнаа гайхуулж явсан аж. 1-5 анги хүртлээ “Ян тайван гөөгөө” дуугаар гангарч, торохгүй дуулдаг байсан гэнэ. Харин түүнийг ахлах ангид орох үед “Ice Top” хамтлагийн “Жаргал даахгүйн зовлон” дуу хит болж байв. Тэрээр энэ тухай “Тухайн үед ангийнхаа хоёр хүүтэй хамтраад дахилтыг нь дуулдаг байсан. Бидний үзүүлбэр сургуульдаа шалгараад шинэ жилийн тоглолтод оролцож байсан түүхтэй. Ая нь олдохгүй байсан тул дуун дээр нь давхарлаад дуулж байсан хөгжилтэй үе бий” хэмээн солонго мэт алаглах хүүхэд насны нандин мөчүүдээ хуваалцсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)