Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх сарын 5,6-ны өдрүүдэд үзвэрийн 62 дахь удаагийн улирлын нээлтээ “Хунт нуур” бүжгэн жүжгээр хийхэд бэлэн болжээ. Тэгвэл нээлтийн тоглолтод театрын гурван гоцлоочоос нэгийг нь сонгох ажээ.

 

О.Анужин

 

Гавьяат жүжигчин, балетын гоцлооч О.Анужингийн хувьд 2016 онд буюу 21 настайдаа БНСУ-д болсон “Korea international ballet competition” Олон улсын балетын “А” зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож, хүрэл цом, тусгай шагнал хүртсэн билээ. Түүний энэхүү амжилт балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа үргэлжлүүлсэн юм. Тодруулбал, 1981 онд Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин С.Оюун Японд болсон Олон улсын уралдаанаас гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй. Тэгвэл энэ цагийн балетын гоцлооч О.Анужин дэлхийн 20 орны 150 бүжигчид оролцсон наадамд өөрийн авьяас, ур чадвараа харуулан хүрэл цом хүртэж байв. Тэрээр “Би багадаа Плехановын нэрэмжит орос сургуульд сурдаг байсан. Манай сургууль урлагийн хамтлагтай. Тэнд бүжиглэнэ. Бага байхын урлагт дуртай хүүхэд байсан. Манай ангийн охины ээж театрт балетын бүжигчин байсан. Жаахан хүүхдэд их л гоё санагдсан байх. Тэгээд ээждээ нэг удаа “Сувдаагийн ээж шиг балетын бүжигчин болмоор байна” гэж хэлсэн. Ээж маань тэр үед “Балетын урлаг их хэцүү. Чи чадна гэж бодож байгаа бол өөрөө л мэд” гэж надад хэлж байсан юм. Удалгүй ээж, бид хоёр Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар очоод тэнцсэн” хэмээн сонгодог урлагтай холбогдсон түүхээ хуваалцсан байна.

 

Б.Марал

 

Харин дараагийн яригдаж буй гоцлооч бол Б.Марал.Түүний хувьд 2017 онд Монгол Улсын консерваторыг балетын бүжигчин мэргэжлээр төгсжээ. Ингээд дөнгөж сургуулиа төгсөөд УДБЭТ-т өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б.Маралын хувьд анх 18 насандаа олон улсын балетын тэмцээнүүдэд амжилт гаргаж, театр сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн юм. Тэрээр анх найман настайдаа Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд элссэн байна. Ахлах ангид байхдаа гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит улсын анхдугаар уралдаанд оролцож, мөнгөн медаль хүртжээ. Энэхүү амжилтдаа урамшсан охин илүү их хичээснийхээ үр дунд сургууль төгсөх жилээ тус тэмцээнд түрүүлсэн байна. Ингээд Токиод болсон Ази номхон далайн орнуудын тэмцээнээс хүрэл медаль хүртэж,  Улаан-Үдэд болсон Орос, Япон Евро-Азийн тэмцээнээс алтан медаль хүртсэн чадварлаг уран бүтээлч ажээ.  Б.Марал “Балетаар хичээллээд миний амьдрал, үзэл бодол, зорилго тэмүүлэл өөрчлөгдсөн. Мэдээж надад урдаа тавьсан олон зорилго бий. Балетчин хүн хамгийн гол нь хариуцлагатай, төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Хэрэв буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй” гэсэн юм.

 

Б.Саруул

 

УДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлооч Б.Саруул 2000-2007 оны хооронд Монгол Улсын консерваторыг балетын бүжигчин мэргэжлээр суралцан төгсжээ.  Харин 2005 оноос театрт балетын жүжигчнээр ажиллаж, 2007 онд балетын тэргүүн гоцлооч болсон юм. Тэрээр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан, хар хун, А.Аданы “Жизель”-ийн Жизель, П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж” балетын Аврора гүнж зэрэг балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч билээ. Б.Саруул 2011 онд Сөүл хотноо болсон “SEOUL INTERNATIONAL DANCE COMPETITION” тэмцээнд амжилттай оролцож “Тусгай байр”-ын шагнал хүртэж байв.Үүнээс гадна Япон улсын “Комаки” балетын урилгаар очиж, “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглосон билээ. Тэрээр “Сургуулиа төгссөнөөс хойш нэг жил гаруйн дараа “Хунт нуур”-ын хар, цагаан хунгийн дүрд тоглосон. Энэ дүрийг бүтээхэд маш их шантарч байсан. “Балетчид өөрийн онцлогт тохирсон, янз бүрийн хун бүтээдэг. Хэн нэгнийг дуурайсан, яг ижил хун гарна гэж байхгүй. Хар, цагаан хунгийн дүрийг анх бүтээхдээ юуг илүү гаргах ёстой вэ гэдгээ бүрэн ухаараагүй байсан. Зөвхөн дүрийн цаана гарах нь чухал гэж боддог байж. Багшийн хэлсэн бүхнийг хийх гэж хичээдэг байсан. Тэгээд дүрийн судалгаа хийж, тухайн дүрийн онцлог эсрэг, тэсрэг байр суурийг гаргахыг хичээдэг болсон” хэмээн энэхүү бүжгэн жүжгийн тухай ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)