П.ЛХАГВАЖАРГАЛ

Үзэгч, сонсогчдынхоо зүрхэнд гэрэлтэх нар нь болсон “Outlaw” хамтлагийн 20 жилийн ой есдүгээр сарын 20-нд тохиож байна. Дуулах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн дэггүй хэдэн хөвгүүнийг алдрай үрсийн эцэг, айл гэрийн ноён нуруу болтол 20 жилийг хамтдаа үджээ. Уран бүтээлийг нь хайрлан сонсож, үргэлж хамт байсан үзэгч, фенүүддээ "Зүрхэн тэнгэрийн наран” тоглолтоороо бэлэг барьж байна. Ойн тоглолтын тухай хэвлэлийн бага хурлаа өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр хийлээ.

“Ядуу хүн дурлах эрхгүй” анх удаа тайзан дээр дуулагдана

“Зүрхэн тэнгэрийн наран” тоглолтод шилдэг 35 дуугаа дуулна. Үүнээс арвыг нь амьд хөгжимтэй дуулж буйгаараа онцлог.  Мөн “Ядуу хүн дурлах эрхгүй”, “Эгшиглэнт” зэрэг хит дуугаа анх удаа тайзан дээр дуулах юм. Энэ цаг үеийн урлагийн ертөнцөд тод өнгө төрх болж, уран бүтээлээрээ байлдан дагуулж байгаа 20 артист хүрэлцэн ирж, ая дуугаа өргөж сэтгэлийн гүнд хадгалагдах мартагдашгүй үдшийг хамтдаа бүтээх ажээ.  "Зүрхэн тэнгэрийн наран" тоглолт нь дахин давтагдашгүй, гайхалтай гэнэтийн бэлгээр дүүрэн, сэтгэл догдлуулсан дурсамжийг сэргээсэн энэ намрын хаалтын хамгийн том тоглолт байх болно гэдгийг хамтлагийн гишүүд мэдэгдлээ.

Бяцхан үрсийнхээ ирээдүйд өнгө нэмэх "20Х20" аяныг зохион байгуулна

Outlaw хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд "20Х20" аяныг зохион байгуулаад байна. Энэхүү аян нь хүүхэд багачуудыг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой юм. Тодруулбал, сургууль орчмын бүс, орон сууцны хороолол дундах зам, гэр хорооллын гудамжинд хурдаа 20 км/ц-т тохируулж, гарцан дээр 20 секунд хүлээх. Мөн хүүхэд багачуудыг гарцаар гаргахдаа хөтлөх, хараа хяналтаа нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг уриалж байгаа юм. Уг аяны хүрээнд Respect ticket-ийн борлуулалтын тодорхой хувийг осол аваар хамгийн их гарч буй нийслэлин 20  цэг, уулзваруудад гарцны тэмдэг тэмдэглэгээ хийх, анхааруулах самбар байршуулах зэрэг ажилд зарцуулна.  Ирээдүй болсон хүүхэд багачуудаа осол гэмтэлээс урьдчилан сэргийлж, хамгаалах ажилд бодит хувь нэмрээ оруулахад зориулах ажээ. Бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүдэр тусахаас сэргийлж, хамгийн том хувь нэмрийг оруулахыг уриалж байна.

Амьдралынхаа ганц нарыг дагуулаад “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолтыг зориорой. Насан туршид хадгалагдах гайхалтай дурсамжийг бүтээгээрэй.

Эх сурвалж: www.polit.mn