Б.Нямсүрэн 

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан А.Төгсбаяр уран бүтээлийн пянзаа сонсогч олондоо хүргэлээ. Тус пянзад 11 уран бүтээл багтсан байна. Нийт 1000 ширхгийг хэвлүүлжээ. Пянзны нэрээ “Би чамтай” хэмээн нэрлэсэн нь дуулсан дуу бүр нь үзэгч сонсогчтой хамт гэсэн санааг илэрхийлсэн. Нэгэн үе хүмүүс пянзыг сонсдог байсан. Харин одоо үед эргээд пянзыг сонсдог болсон сайшаалтай хэмээн нээлтийн үйл ажиллагаанд уригдсан зочид онцлов.

А.Төгсбаяр  80 гаруй уран бүтээлийн үг, аяыг зохиосон билээ. Тухайлбал, Зүгээр л”, “Зүрх уучил”, “Хүмүүсээ”, “Одтой байгаарай”, “Чи миний гээд тоочоод байвал дуусахгүй олон уран бүтээлтэй. Анх наймдугаар ангид байхдаа “Зүгээр л” дуугаа сонсогчдод хүргэсэн.

Пянзны нээлтийн үеэр А.Төгсбаяр “Пянзаа гаргаж байгаадаа баяртай байна. Бүх хамтарч ажилласан хүмүүстээ баярлалаа. Мөн хамтлагтаа 20 гаруй жил уран бүтээлээ туурвиж яваа хамтлагийн хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье. Маргааш 18:00 цагт бид тоглолтоороо түмэн олонтойгоо уулзана. VIP тасалбар авсан сонсогчдын гарт пянз маань хүрнэ” гэв.

Чаппи “Би өглөө пянзыг нь зүүдэлж сэрсэн. Бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнтэй. Медалийн бүрийн ард хүч хөдөлмөр байдаг гэдэг. Үүнтэй адил Төгсбаярын маань пянзанд хөдөлмөр шингэжээ. Ингээд утга төгөлдөр сайхан нэртэй пянзаа гаргасан эрхэм найздаа цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Тоглолтоо хийх гэж байгаа хөдөлмөрч хамтлагт баяр хүргэе. Guys хамтлагийн уянгалаг дууг сонсдог үе үеийн хүмүүс бий. Дууг нэг насанд зориулдаггүй учраас үг нь амьтай. 28 жилийн өмнө бичсэн бүтээл өнөөдөр хүмүүсийн аманд аялагдаад явж байна гэдэг сайхан. Хүний оюун санаа хөдөлмөрөөс ургаж гарсан бүтээл мөнх настай байдаг. Маргааш сайхан уран бүтээлүүдийг жаргаж сонсъё. Үг баян бол амьдрал баян” гэлээ.

Сонирхуулахад, гурван жилийн дараа буюу 2027 онд Guys хамтлагийн түүхт 30 жилийн ой тохиох юм.

Эх сурвалж: www.zms.mn