П.Лхагважаргал

“Уян” уран нугаралтын тоглолт энэ сарын 7, 8-нд Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ тоглолт өнгөрсөн жил анх удаа АНУ-ын Лас Вегас хотод үзэгчдэд хүрсэн билээ. Санаачлагч гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэг, гавьяат жүжигчин Л.Энхцэцэг, АНУ-ын уран нугараач Кевин нар тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Хоёр дахь удаагийн уран нугаралтын чуулга уулзалт нь олон улсын хэмжээнд болж буйгаараа онцлог юм. АНУ, Япон, Европын холбооны улсын 40 гаруй уран нугараач, олон улсад ажилладаг уран бүтээлчдээс гадна Монгол орны өнцөг булан бүрд суугаа уран нугараачид чуулж, нийт 300 гаруй гаруй уран бүтээлч оролцоно. Уул, ус, байгаль тэргүүтэй сэдэвчилсэн үзүүлбэрийг толилуулна.

Гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэг “Монголд анх удаа уран нугаралтын чуулга уулзалтыг зохион байгуулах болсондоо баяртай байна. Үүнийг зохиох болсон нь 1990 оноос хойш Монголын уран нугараачид олон улсад амжилттай ажиллаж эхэлсэнтэй холбоотой. 1991 онд АНУ-ын циркт тоглосны дараа дөрвөн уран нугараач тэндээ суурьшсан. Тэд зөвхөн ажиллаж амьдрахаас  гадна монгол уран нугаралтыг дэлгэрүүлж, сургах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Монголын уран нугаралтын үр үндсийг дэлгэрүүлэх зорилгоор гадаад хүүхэд, залуучуудад зааж сургаж эхэлсэн юм. Үүнээс хойш 30 жил өнгөрчээ. АНУ-ын Флорида, Сан-Франциско, Чикаго, Лас-Вегас хотод Монголын уран нугаралтын студи сургуулийг байгуулж, олон шавь бэлдэж байна.

Анхны сурагчдаас тоглолтод оролцохоор ирээд байна. Анхны чуулга уулзалтаар Монголын уран нугараачид мэргэжлийн хэмжээнд, олуулаа болсныг  харуулсан уран нугаралтын хөтөлбөр үзэгчдэд хүрсэн. Монголд болон АНУ-д буй багш, сурагчид бие биеэсээ суралцсан сайхан үйл явдал болсон. Үүнийгээ Монголд зохиох нь зүйтэй гэж үзсэн юм. Цирк хувьчлагдсан тэр үеэс Монголд уран нугаралтын 30 гаруй  студи сургууль байгуулагдсан байна. Олон жил Монголдоо тоглоогүй мэргэжлийн уран нугараач, гадаадын уран бүтээлчдийг эх орондоо авчирч энэ урлагаар хичээллэж буй өсвөр үеийн хүүхдүүдэд урам зориг өгч, гайхамшгийг мэдрүүлэх, туршлага солилцуулж, харилцан суралцах зорилготой хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулна” гэв.

Эх сурвалж www.zms.mn