П.ЛХАГВАЖАРГАЛ
Монгол хүний уужуу холын харц, унаган төрхийг эндээс л тольдоно
Шинэ содон бүтээлээр урын сангаа баяжуулж, хайрлан хамгаалж, судлан сурталчилж, түмэн олны хүртээл болгодог 103 жилийн түүхт Монголын уран зургийн галерей шинэ үзэсгэлэнгээ толилуулаад байна. Үзэсгэлэнгийн төв танхимаар зочлоход уул ус, байгаль дэлхийн өнгө алагласан үзэмж, нүүдэлчин монголчуудын аж байдал, ахуй амьдралыг алган дээр тавьсан мэт, буурал түүхт баатрууд, хацар гоо бүсгүйчүүд, ханагар сайхан эрчүүдийн нүд алдам хөрөг сэтгэлийг цэнгүүлж, бодлыг цэгцэлнэ. Монгол уран зургийн гайхам сайхныг, Монгол орны яруу тансаг байгалийг, монгол ахуйн дурсамж сэргээж, сэтгэл дулаацуулах үнэнийг, монгол хүний уужуу холын харц, унаган төрхийг эндээс л Та тольдоно. Энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан үзэсгэлэн юм.
30 гаруй сор бүтээлийг дээжлэн барьжээ
“Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” үзэсгэлэнд түүний 30 гаруй сор бүтээлийг дээжлэн барьжээ. Манлай ван Дамдинсүрэнгийн тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө эрүү шүүлт, хатуу чанга дэглэмийг тэсвэрлэж гав дөнгөтэй хоригдсон ч нүдний гал, сэтгэлийн оч нь унтраагүй байх тэр л босоо монгол баатрыг дүрсэлсэн байна. Алдарт “Өвгөн хуурч”-ийг туурвисан, Монголын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэн, Гавьяат жүжигчин Ичинноров тэргүүт хөрөг. Алтайн нурууны үргэлжлэл алсаас дүнхийх Мөнххайрхан уул, Хангайн нуруунаас эх аван, хад хайрган дундуур хоржигнон урсах Чулуут голын санаа алдам хөндий. Энэ л миний бага нас, өссөн, төрсөн эгэл амьдрал гэж хэлмээр хонины бэлчээр дэх бяцхан охин. Өөр нэгэн хананд сөнтэй айргаас хул дүүргэн мэлтэлзүүлэн барих дунд эргэм насны эмэгтэй, түүний архан хаалгаар алсын уулс цэнхэртэн сүүмэлзэж үзэгдэнэ.
“Хурмастын чуулга” зургийг Н.Цүлтэм гуайн ар гэрийнхэн үрчлэн авсан
Үзэсгэлэнгийн төвд сүр жавхлантайгаар орших “Хурмастын чуулган” бүтээл бол 15 жилийн дараа дахин түмэн олны мэлмийг баясгахаар танхимд заларсан юм. Мөн Н.Цүлтэмийн 100 насны ойн цогц арга хэмжээний нэг хэсэг болох “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрөөр сэргээн засварлагджээ. Монголын уран зургийн галерей нь энэ хөтөлбөрийг зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Галерейн бүртгэл мэдээллийн санч Б.Чимэдхорлоо “1977 онд зурсан Хурмастын чуулган бүтээл нь 2009 онд галын үүднээс гэмтэж, сэргээн засварлах шаардлагатай болсон. Тиймээс энэ зургийг Монголын уран зургийн галерейн галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилготой “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд дахин амилуулсан. “Урлагийн бүтээл үрчлүүлэх” гэдэг нь галын гэмтэлтэй уран зургийг байгууллага, хамт олон, сайн дурын бүлгийнхэн сэргээн засварлах төлбөрийг нь гаргаж, тодорхой гэрээний хүрээнд давуу эрх эдэлдэг хамтын ажиллагаа юм. Жишээлбэл, тухайн бүтээлийг эх хувиас нь өөр хэлбэрээр эзэмших, хуулбарлан олшруулах зэрэг уран зургийн галерейн онцгой эрхийг эзэмшдэг онцлогтой. “Хурмастын чуулган” зургийг бол Н.Цүлтэм гуайн ар гэрийнхэн үрчлэн авсан” хэмээв. Мөн эдгээр бүтээлээс гадна уран зургийн боловсрол олгох зорилготой тэр тусмаа сэргээн засах үйл явцыг харуулсан бичлэг, Н.Цүлтэм гуайн баримтат киноны хамт үзэсгэлэнгийн их танхимд байршиж байна. Уншигч энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхохыг хүсвэл есдүгээр сарын 8-ныг хүртэл Уран зургийн галерейн үүд хаалга нээлттэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)