Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаа “Миний хүүхэд нас” буландаа Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д.Үүрийнтуяаг онцлон хүргэж байна. Түүний бага нас, хүүхэд ахуй насны сайхан дурсамжаар уншигч Та бүхнийг аялуулъя.

https://youtu.be/Q6ZrMePwFCo?si=SGDW2Flua4snytpX

Хүний сэтгэлд гэрэл гэгээ тусгасан сайхан мэргэжлийн эзэн болсон

Дундговь аймгийн театрын бие даасан тоглолтын үеэр. 2002 он.

Дуу хуурын өлгий Дундговь аймгийн цээлхэн хоолойт, цараатай дуучдын нэг бол яах аргагүй уртын дуучин Дүүрэнгийн Үүрийнтуяа юм. Нарт хорвоод өнгө нэмэхээр, найраг дуунд эгшиг нэмэхээр, айл гэрийн өрхийг татахаар, аав ээжийн амин эрдэнэ болж алаг хорвоод айлын том охин болж мэндэлжээ. Тэрээр дурсамж дүүрэн бага насаа өнгөрүүлсэн өвөөгийнхөө нутаг Говь-Угтаал сумаар овоглодог гэнэ. Боржигон найраар алдартай говь нутгийн охин өглөөнөөс үдэш хүртэл, төрөхөөс өсөх хүртэл уртын дууны айзам хэмнэлд бүүвэйлэгдэн өсжээ. Энэ боржигон найраас л тэсвэр тэвчээртэй, ёс суртахуунтай байх хүмүүжил, төлөвшлийг олж авчээ. Түүний өвөө нутагтаа алдартай найрын дууч Ц.Дамчаа гэж хүн байв. Дуу хөгжимд дуртай зээ охиноо анзаарсан өвөө нь найр наадамд дагуулж явах дуртай. “Манай Туяа амьсгаа  урттай, уушгины багтаамж сайтай. Ер нь уртын дууч болох байх шүү” хэмээн хашир гярхай шинжсэн нь өдгөө биеллээ олжээ. Өвөө нь “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яваарай” хэмээн захидаг байсан нь одоо түүнийг  аливаа юмны арга ухааныг олж, тэгш тэнцүү авч явахыг сургасан гэнэ.

Түүний аав Л.Дүүрэн, ээж Д.Нэргүй хоёр нь эрчим хүчний инженер мэргэжилтэй ба тухайн үед аймагтаа гэрэл түгээгч хэмээх буянтай сайхан ажлыг хийдэг байв. Тэрээр “Аав ээж хоёр минь айл бүрийн гэрт гэрэл гэгээ түгээдэг сайхан ажил хийдэг байсан учир тэр буян нь үр хүүхдүүдэд нь ирсэн байх. Тиймээс би хүний сэтгэлд гэрэл тусгаж, өнгө нэмдэг дуучин мэргэжлийн эзэн болжээ” хэмээн боддог гэв. Ээж нь түүнийг багадаа хэрсүү, ухаалаг, дуу цөөтэй хүүхэд байсан хэмээн ярьдаг.  Түүний хамгийн тоглох дуртай газар гэрийнх нь урдхан байрлах нэг давхар эмнэлгийн арын шат. Дуулах хүсэлдээ хөглөгдсөн бяцхан охины дурсамж дүүрэн анхных нь тайз. Харин эрчмийн цэцэрлэгт ороод “Хөөрхөн халиун” бэсрэг уртын дууг сурч, анхны албан ёсны тайзан дээрээ гарч, эцэг эхчүүддээ тайлан тоглолт хийжээ. Тэрээр “Тухайн үед жоохон хүүхэд гар чичрээд их л сандарч байсан санагддаг юм” гэж дурсан ярив. Унаган авьяасаа хөглөсөөр, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөр олон тайзнаа гарсны хамгийн том нь “Найрамдал” зуслангийн 20 жилийн ойн тоглолтод  Дундговь аймгаа төлөөлөн ирж, С.Сүхбаатар гуайгаас сургаал хүртсэн тэр үе гэнэ.  Сэтгэлээс нь гардаггүй тайз бол “Би эстрадын дуучин” улсын уралдаан. Аравдугаар ангиа төгсөх жил оролцож, тэргүүн байр эзлээд СУИС-д элсэн орох эрхийн бичгээр шагнуулж дуучин болох хүсэлдээ нэг алхам ойртсон юм.

 

Багадаа Ардын жүжигчин Д.Чимэдцэеэ эгчийг л шимтэн сонсож өссөн

 

Бага байхдаа хааяа радиогоор Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуу тивийн наран” , Ардын жүжигчин Д.Чимэдцэеэгийн “Тэнгэр ээж минь өршөө”, “Үлэмжийн сайхан хорвоо” зэрэг дууг явахаар магнитфон дээрээ хурааж аван, сурдаг байжээ. Сургуулийнхаа урлагийн үзлэг, арга хэмжээн дээр бас дуулна. Тэрээр “Ер нь багадаа Д.Чимэдцэеэ эгчийг л шимтэн сонсож өссөн. Ахлах ангид орох үеэсээ Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, С.Цогтсайхан эгч нарыг сонсох дуртай болсон. Нутгийнхан  С.Цогтсайхан чинь 1990-ээд онд манай Дундговийн мисс болж байсан хэмээн ярихаар нь дуулахынхаа хажуугаар С.Цогтсайхан эгч шиг бас мисс болж болохын байна” гэж хүүхдийн цагаахан сэтгэлээр бодож байснаа дурсан ярив. Мөн урлагийн хүн гэдэг авьяастай байхаас гадна биеэ цэгцтэй, сэтгэлээ сайхан, бүх зүйлээ өв тэгш  авч явах ёстой юм байна.  Тэгж хэмээн энэ нэр алдрыг зүүж явдаг юм байна хэмээн ухаарсан гэдэг. Их сургуульд ороод удалгүй “Ханбогд” хамтлагт нэгдэж  Европын орнуудын соёлын фестивальд оролцож, багадаа арав гаран орноор уртын дуугаа дуулж, аялан тоглолт хийдэг байжээ. Одоо тэрээр хүндлэн биширч, шимтэн сонсож өссөн дуучдынхаа хамт нэг тайзан дээр гарч, олон улсад өв соёлоо таниулан сурталчлах гавьяатай үйлийн эзэн, Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болж, уран бүтээлээ туурвисаар явна.

"Дуулан өв" улсын уралдаан. 2000 он.
Дуурийн дуулаач Ө.Цэрэнчунтын хамт. 1999 он

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)