Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа өсвөрийн морин хуурч Б.Хуланг онцолж байна.
- Морин хуурын олон улсын VII наадам Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд мэргэжлийн хуурчдын ангилалд өрсөлдөв?
-Энэ удаагийн тэмцээн гурван ангилал, шаттай зохион байгуулагдлаа. Би мэргэжлийн ангилалд нь өрсөлдсөн. Мэргэжлийн ангилалд өрсөлдсөн уран бүтээлчдээс хамгийн залуу нь би байсан. Суралцаж яваа учраас олон улсын тэмцээнд оролцсон минь нэр хүндтэй. Бэлдсэн үзүүлбэрээ эхний шатандаа сайн гаргахыг хүссэн. Уралдаанд оролцохын тулд өнгөрсөн зургаадугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн. Үүнээс өмнө хичээлтэй байсан болохоор бэлтгэлдээ цаг гаргаж амжаагүй. Морин хуур олон улсын уралдаан гурван жилийн дараа дахин зохион байгуулагдана. Үүнд амжилттай оролцохын төлөө хичээнэ дээ.
-Сарын турш бэлтгэлээ базаасан гэлээ. Тайзнаа ямар уран бүтээлээр өрсөлдсөн бэ?
-Уралдааны шат бүрд гурван зохиол тоглох ёстой. Батчулууны хуурдсан “Эртний сайхан” бүтээл тоглохыг заасан байсан. Үүнээс гадна Ж.Энхбаярын Ноктюрн. Өөрийн урын сангаасаа гэвэл Рахманиов Романс бүтээлийг толилуулсан. Энэ бүтээлийг өмнө нь морин хуураар тоглож байгаагүй юм билээ. Шинэлэг бүтээлээр өрсөлдөхийг илүүд үзсэн учраас тэр л дээ. Хоёрдугаар шатанд Ш.Өлзийбаярын “Glisando and spiccato”, татлагын төрөлд нь “Ээвэн голын урсгал” бүтээлийг тоглосон. Мөн “Gabriel Faure” бүтээлийг морин хуураар хөгжимдсөн.
-Залуу уран бүтээлчийн хувьд олон улсын тэмцээнээс юуг ойлгож ухаарав?
-Уран бүтээлч бүр уралдаанд оролцохыг чухал. Уралдаанаас хүн ихийг сурч, туршлага хуримтлуулна. Тайзнаа уран бүтээлээ толилуулж байгаа ах нарыг хараад биширсэн. Би аравдугаар ангиасаа тэмцээнд оролцсон. Анх “Гэрэгэ” олон улсын уралдаанд гуравдугаар байр эзэлсэн. Дараа нь Жамъянийн нэрэмжит уралдаанд тусгай байрт шалгарсан. Мөн өөрийн алдаа дутагдлаа олж харсан. Би Монгол Улсын Консерваторт зургаадугаар ангиасаа суралцсан. Үүнээс өмнө морин хуур хөгжмийг мэддэггүй байсан. Тухайн үед гадаадын хөгжмүүдийг л мэддэг байсан. Яг сургуульд элсэх үед аав маань ямар хөгжим сонгохыг асууж байлаа. Би хийл хөгжим тоглох хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Гэтэл хийл сурахын тулд нэгдүгээр ангиас суралцах шаардлагатай байдаг юм билээ. Ингээд аав морин хуурын ангийг сонгож өгсөн. Харин ээж эмэгтэй хүүхэд морин хуурын ангид сурах тохиромжгүй хэмээн дурамчхан хүлээж авсан. Эргээд бодоход аавын гаргасан шийдвэр миний ирээдүйн луужин болжээ. Тиймээс тусалж, дэмждэг аав ээждээ талархаж явдаг.
Миний анхны багш бол А.Бат-Очир. Мөн Р.Амарбаяр, н.Лхам багш нар минь бий. Одоогийн мэргэжлийн багш маань Ш.Болдбаатар. Багш бүр өөрийн гэсэн заах арга барилтай. Тэднээсээ ихийг сурч, мэдсэн. Анх Ш.Болдбаатар багшийг хуур тоглож байгааг хараад үлгэр дуурайлал авсан.
-Морин хуураар хичээллэсэн зургаан жилийн хугацаанд ихийг сурсан байх. Ер нь шантрах үе гарсан уу?
-Хүмүүсийн дунд морин хуурыг эрэгтэй хүн тоглодог гэсэн ойлголт байдаг. Үүнээс шантрах мэдрэмж авч байсан. Гэхдээ надад урам өгдөг хүн олон байсан учраас даваад гарсан. Морин хуураар хичээллээд тэвчээрт суралцсан. Би их мөрөөдөмтгий. Анх морин хуурыг сонгохдоо дэлхийд алдартай уран бүтээлч болно гэсэн зорилго тавьж байлаа. Үүний дараа Морин хуур чуулгад орохыг бодсон. Харин одоогийн зорилго морин хуурын техникээ сайн эзэмших.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7390)