Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Дүрслэх урлаг” буландаа зураач Р.Чинзоригийг онцолж байна.

 

-Та саяхан уран бүтээлийн ээлжит үзэсгэлэнгээрээ үзэгч олонтойгоо уулзлаа. Үзэсгэлэнгийн онцлог юу байв?

-Энэ удаагийн “Даяарших дадал” үзэсгэлэн нь миний зургаа дахь удаагийнх. Би 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Эргээд бодоход уран бүтээлдээ 24 жилийг зарцуулжээ. Харин 2010 оноос өөрийн гэсэн уран бүтээлийн онцлог шинжийг бүтээхээр зориг шулуудсан. Ингээд монгол зургийг орчин үеийн урлагтай хослуулж уран бүтээлээ туурвиж байна. Энэхүү уран бүтээлийн арга барилыг хүмүүс үзэсгэлэнгээс харж болно. Гадаадын жуулчид уран бүтээлийг минь ирж сонирхож байгаа.

-Таны өмнөх үзэсгэлэнгүүд олон уран бүтээлээс бүтсэн байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд хэдэн бүтээл багтсан бэ?

-Үзэсгэлэнд маань 30 гаруй уран зураг багтсан. Миний уран бүтээлээс монгол зургийн техник болон дүрслэх урлагийг мэдрэх боломжтой. Үүнээс гадна монголчууд бид буддын шашин шүтдэг. Шашны соёл, арга барилыг бүтээлээс минь харах боломжтой. Буддын шашин нь олон хэлбэртэй. Би уран бүтээлдээ бурхны нүүрэн хэсгийг шингээсэн. Хүний сэтгэлийг нүднээс мэдэх боломжтой байдаг. Тиймээс бурхны нүүр хэсгийг сонгож зурсан даа. Монголын дүрслэх урлагийн музей 20 мянган үзмэртэй. Үүний ихэнх нь буддын соёлтой холбоотой байдаг. Тэдгээрийг харах, судлахад сэтгэл их татдаг. Бидний өвөг дээдэс хангалттай хийх зүйлээ хийж, бүтээсэн нь харагддаг. Энэ уламжлалыг нь таслахгүйгээр чадах чинээгээрээ үргэлжлүүлэх нь зөв. Чадах, үгүйгээ мэдэхийн тулд өөрийгөө сорьж явна даа. Аль болох сайхан бүтээл харахаар сэтгэл тайтгарч ихийг бүтээх хүсэлд хөтлөгддөг. Ийм мэдрэмжээр сэтгэлээ дүүргээд уран бүтээлээ зурдаг.

-Зураач бүр өөрийн гэсэн арга барилтай. Таны уран бүтээлдээ тавьдаг шалгуур юу вэ?

-Уран бүтээлийн шалгуур нь цаг хугацаа юм билээ. Тухайлбал, 300 жилийн өмнөх бурхан зургийн арга барил гэхэд их төгс техникээр бүтсэн байдаг. Хадны зураг гэхэд шинэ санаа төрүүлэхүйц байх нь бий. Үүнээс урам зориг авна. Харин миний хувьд уран бүтээлдээ баримталдаг зарчим гэвэл цаг үеэсээ хоцрохгүй, орчин үеийн шинэлэг шийдлийг бүтээлдээ багтаахыг хүсдэг. Мөн чанарыг эрхэмлэдэг. Ихийг бүтээх тусам шинэ санаа орж ирнэ. Зарим үед санамсаргүйгээр зурна, бодож зурах уран бүтээл ч бий.

-Уран бүтээлээс хүмүүс юуг ойлгож мэдрэх ёстой гэж бодож байна. Тухайн хүний аливааг харах өнцгөөс шалтгаалах уу?

-Хүн бүр өөрийн гэсэн үзэл баримтлалтай. Өнгөрсөн үеийнхний бүтээлээс эрч хүч авдаг. Бид ирээдүйдээ чадах зүйлээрээ хамгийн сайнаараа хийж өвлүүлэх хэрэгтэй. Монгол зураг нь уран бүтээлчээс гарах зүйл болов уу. Хийж бүтээх хүсэл бол уран бүтээлчээс гарах зориг. Урлагийг ганцхан шүүлтүүрээр харах утгагүй. Өргөнөөр сэтгэж томоор харж сайн бүтээл мэндэлнэ. Хүмүүс үүнийг мэддэг болбол олон зүйлийг ойлгож ухаарна. Харахад олон зураг зурсан байгаа ч санаанд нийцсэнээр үзэгчдэд толилуулдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 144 (7388)