Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалаад тэс өөр. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэдэг билээ. Энэ удаа залуу үеийнхний дунд хамгийн их алдартай дуучин Ariana grande болон түүнтэй нас чацуу Монголын дуучин Amra буюу Амаржаргал нарыг онцолж байна.
Попын гүнж Ариана Гранде
Энэ цаг үед дуучин, жүжигчин Ариана Грандег танихгүй хүн ховор биз ээ. Ялангуяа өсвөр насныхан. Анх хүүхдэрхүү төрх, цээлхэн хоолойгоороо бусдаас онцгойрч байсан тэрээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган шүтэн бишрэгчтэй, дэлхийн хэмжээний “од” болж чаджээ. Ариана Гранде 2001 онд гэр бүлийнхэнтэйгээ амарч байхдаа усан онгоцны караоке өрөөнд дуулсан байна. Түүний дуулахыг сонссон Глория Эстефан охиныг дуулахыг зөвлөж, од болж чадна гэж итгэл хайрласан гэдэг. Энэ үеэс бяцхан Ариана Гранде Өмнөд Флоридагийн филармони, Флоридагийн Саншине эстрад, найрал дууны оркестрт дуулж, Флорида Пантерс хоккейн багт зориулж үндэсний телевизээр АНУ-ын сүлд дууллыг анх удаа дуулсан байна. Улмаар 2005 онд “Бродвей театрын мюзиклын Шарлоттын дүрд тогложээ. Харин 2008 оноос эхлэн телевизийн "Victorious", "Nickelodeon" зэрэг шоунд оролцож, олонд танигдах гараагаа эхлүүлсэн түүний жинхэнэ нэрийг Ариана Грандэ Бутера гэдэг бөгөөд 1993 оны зургаадугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Флорида мужид мэндэлсэн. Дунд сургуулийн сурагч байхаасаа л урлагт дуртай байсан охин өсвөр насандаа "Side To Side", "Into You", "Focus" болон "Let Me Love You" зэрэг хит дуунууд гаргаж эхлэв. Тэрээр дуулахаас гадна жүжиглэдэг. Анх "Victorious" болон "Sam & Cat" гэх олон ангит инээдмийн киногоор олонд танигдсан байдаг. Ариана Грандегийн анхны албан ёсны дууны клип нь "Put your hearts up" нэртэйгээр 2011 онд цацагдсан юм. Дуулахын хажуугаар кинонд тоглож эхэлсэн нь түүний карьер огцом өсөхөд түлхэц болжээ. Харин анхны цомгоо гаргахын тулд гурван жилийг зарцуулсан бөгөөд уг цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л 138 мянган хувь борлогдож байжээ. Мөн 2015 оны дөрөвдүгээр сард гаргасан цомог нь гарсан даруйдаа Америкт 600 мянган хувь борлогдсон ажээ. Дуучин Арианна Грандегийн амьдралд тохиолдсон гунигтай үйл явдлуудын нэг нь Их Британийн Манчестер хотод болсон алан хядах ажиллагаа юм. Учир нь тэр үйл явдал болохоос хэдхэн минутын өмнө тус хотод Ариана Грандегийн тоглолт болсон ажээ. Тус халдлагын улмаас 22 хүн амь эрсдэж, 20 гаруй хүн шархадсан билээ. Энэ гунигт мэдээ дуучин бүсгүйд хүнд цохиолт болж, дэмжсэн Кэти Перри, Милей Кирус, Жастин Бибер нартай хамтран дуулсан “Манчестер хотын хайр” дуугаа зохиосон байна. Энэ бүхнийг даван туулсны дараа Ариана Гранде “Thank U, Next”, “No Tears Left to Cry” гэсэн шинэ дуугаа зохиожээ. Мөн хэсэг хугацааны дараа дөрөв дэх “Sweetener” цомгоо гаргасан юм. Тэрээр "2016 оны шилдэг уран бүтээлч" болон MTV Video Music Awards зэрэг нэр хүндтэй шагналын эзэн билээ.
Тайванийн лэйблтэй хамтрагч Amra
Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн дуу хоолой, өнгө төрхөөр ялгаран гарч буй залуу уран бүтээлчдийн нэг бол дуучин, ая зохиогч Amra билээ. Түүний "Take Me There", "Never", "Free your mind" зэрэг дуу нь хөгжмийн ертөнцөд алдартай. Түүний жинхэнэ нэрийг А.Амаржаргал гэдэг. 2011 онд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг төгсөөд, СЭЗИС-ийг Санхүүгийн менежмент мэргэжлээр 3.5 жил суралцаж төгссөн ажээ. Төгсөөд "Голомт" банканд хоёр жил хагас, дараагаар нь олон улсын аудитын төсөл дээр хагас жил буюу нийт гурван жил гаруй хугацаанд Монголд үндсэн мэргэжлээрээ ажилласан байна. Ингээд 2018 онд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан “Ritsumeikan Asia Pacific University”-д хоёр жил магистрын хөтөлбөрт сурч төгсөөд, эх орондоо иржээ. Японы соёл, амьдралын хэв маяг түүнд олон талаар нөлөөлсөн гэнэ. Тэнд очоод анх удаа ганцаараа амьдарч үзсэн учир өмнөх амьдралын хэв маягаа өөрчилж, олон шинэ зүйл туршихыг хичээжээ. Энэ хугацаандаа “Medium” дээрх блогоо идэвхтэй хөтөлж, бүтээлчээр бичих авьяасаа хөгжүүлэн, үзэл бодлоо нээлттэй хуваалцах болжээ. Amra-гийн блогийг уншихад бичих дуртай нь төвөггүй мэдрэгддэг. Түүнд зохиолч Харуки Мураками, Г.Аюурзана, Л. Өлзийтөгс нарын дүрийг нарийн дүрслэл гаргаж, нууцлаг зангилаа үүсгэн бичдэг нь таалагддаг гэнэ. Тэдний бичлэгийн хэв маягаас асар их урам зориг авдаг тухайгаа ярьсан байна. Хэрэв өөрийн авьяасаа сайн хөгжүүлж байгаад хэзээ нэгэн цагт өөрийнхөө бичсэн өгүүллийн номыг гаргах юм сан гэж боддог тухайгаа ч дурссан юм. Amra Тайваний хамгийн том индепентент лэйбл болох "Рок Рекордс”-той таван жилийн хугацаатай соло артистын гэрээ байгуулсан анхны монгол дуучин. Энэ нь түүний гаднын хөгжмийн зах зээлд гарах хамгийн том алхам юм. “Рок Рекордс”-ын тухай товч танилцуулахад Тайванийн Тайпэй хотод байрладаг рекординг лэйбл /label/ бөгөөд 1980-аад онд “Rock Music Publishing” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Тус рекордс нь хятад хэлээр ярьдаг орнууд дахь хамгийн том лэйбл төдийгүй Азидаа хоёрт ордог аж. Amra одоогоор Тайванийн лэйблтэй уран бүтээлүүд дээрээ хамтарч байгаа. Amra-ийн хувьд өмнө нь “Mine Forever” дууных нь ая дээр Лос Анжелес хотын "AudioTreats" буюу Хайин Лий хэмээх продюссер ажиллаж байжээ. Мөн "Araatan"-тай хамтарсан "Зэрэглээ" дуу нь Парис хотын "Record Record" лэйблийн "Filet Mignon 4" цомогт багтаж, 2016 онд цацагдаж байв. Amra Тайванийн лэйблтэй хийсэн гэрээний дагуу хоёр бүтэн цомог гаргах учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 123 (7367)