Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Италийн нэрт зохиолч К.Коллодийн “Пиноккио” хүүхдийн жүжгээр энэ хаврын үзвэрийн хөшгөө хаасан билээ. Тус жүжгийн найруулагчаар Б.Анхбаатар ажиллажээ.

 

Бодит хүүгийн түүх 

Хүн болохыг хүсдэг, хөгжилтэй, сэргэлэн модон хүүгийн тухай үлгэрийг уншаагүй, киног нь үзээгүй багачууд ховор биз ээ. Харин энэхүү үлгэр Хүүхэлдэйн театрт жүжиг болон “мэндэлсэн” юм. Танхим дүүрэн бяцхан багачууд хөшиг нээгдэхийг хүлээх зуур тайзан дээр ядуу хөгшин Жеппетто алхана. Тэрээр тосгондоо алдартай дархан хүн. Үр хүүхэдгүй өтөлсөн учраас хүүтэй болохыг чин сэтгэлээсээ хүсдэг байв. Гэтэл дугараг хэлбэртэй нэгэн мод олсноор хүсэж мөрөөдсөн хүүтэйгээ учрах нь тэр. Уран дархан аавынхаа гараар “төрсөн” Пиноккио. Тэрээр өөрийгөө эгэл жирийн хүүхдүүдтэй адилтгана. Харин бусад хүмүүс болоод ан амьтад түүнийг эгэл бус нүдээр ширтэх нь хэцүү. Энэхүү жүжгээр эцэг эхдээ ачлалтай байж, бусдад уруу татагдахгүй, худал хэлэхгүй, хамгийн гол нь өөрийгөө гололгүй сэтгэл хангалуун байхыг сургамжилсан ажээ. Харин Пиноккио эсрэгээрээ аливаа зүйлийн учрыг ойлголгүй худал хэлж, муу хүмүүст уруу татагдан, эцгийнхээ үгэнд оролгүй гэрээсээ төөрдөг. Хөөрхий аав нь хүүгээ хайж явахдаа  халиманд залгиулна. Энэ хооронд модон хүү нь олон шинэ адал явдалтай учрах ажээ. Танхимд цугласан бяцхан үзэгчид Пиноккиог буруу зүйл хийхэд нь өмнөөс нь сандран, сануулж, зөв зүйл хийхэд нь баярлан хөөрөх нь хөөрхөн. Ийнхүү Пиноккио жинхэнэ хүүхэд болох хүсэлдээ автаж явахдаа сахиусан тэнгэртэй таарна.

 

Пиноккио бол багачуудын хайртай баатар

Зохиолч К.Коллоди бяцхан модон хүүхэлдэйн түүхийг бичсэнээс хойш нэгэнтээ хоёр зуун өнгөрчээ. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүх одоо ч хүүхэд багачуудын шимтэн үздэг, сургамж авдаг хайртай баатар нь хэвээр байгаа юм. Харин энэхүү бүтээл Монголын театрт “амилсан” нь цагаа олсон, театрын тэр дундаа Хүүхэлдэйн театрын хөгжлийг нэг алхам урагшлууллаа гэж театр сонирхогчид үнэлж байв. 70 гаруй жилийн түүхтэй Монгол Улсын хүүхэлдэйн театр энэ онд удирдлагын бүтцээ өөрчилж, уран бүтээлчдийн тоогоо 10 жүжигчнээр буюу “Про” театрынхаар бүл нэмсэн. Ийнхүү хүч сэлбэсэн тус театрынхны анхны бүтээл нь энэхүү “Пиноккио” жүжиг байсан юм. Энэ тухай тус театрын дарга З.Баянзул “Про” театрын уран бүтээлчид 2014 онд сургуулиа төгсөөд эх орондоо ирсэн боловч театрт авах орон тоо байгаагүй.  Би тухайн үед Соёл, спорт, Аялал жуулчлалын яаманд газрын даргаар ажиллаж байсан үе. Гэвч яам маань татан буугдаад, Хүүхэлдэйн театрын жүжигчдийн орон тоог нэмэх асуудал түр зогсоод байсан үе л дээ. Тиймээс хүүхдүүд маань буцаад ОХУ-ыг зорьж, өөр өөрийн театрт ажиллахаар явсан. Харин би 2023 оны арванхоёрдугаар сард Хүүхэлдэйн театрын захирлаар томилогдож ирээд, энэ залуустаа санал тавьсан. Нэгэнт л Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хүүхэлдэйн мэргэжил эзэмшсэн тул театртаа ирж ажиллаач гэж. Манай залуус ч миний хүсэлтийг хүлээж авч, өнгөрсөн гуравдугаар сараас театрынхаа үндсэн жүжигчин болоод ажиллаж эхэлсэн. Мэдээж “Про” театрынхны хувьд хэд хэдэн жүжиг тоглоод, Монголын театрын урлагт өөрийн гэсэн орон зай, үзэгчтэй болсон. Гэхдээ улсынхаа театрт ажиллаж, сурч мэдснээ энэ театрын хөгжилд зориулах нь зөв гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 121 (7365)