Баатарын НЯМСҮРЭН
Дуу бол энерги сэргээх увидастай сэтгэл засах шидтэй билээ. Цоглог хөнгөн аятай уран бүтээлийг хүн бүр шимтэн сонсдог. “Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа залуу дуучин А.Ууганзаяаг онцолж байна.
Таван настайгаасаа авьяасаа хөгжүүлжээ
Дуучин А.Ууганзаяа 2020 онд урлагийн алдартнуудыг бэлтгэн гаргадаг СУИС-ийг хөгжмийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Оюутан байх хугацаандаа мэргэжлийн ур чадвараас гадна урлагийн хүнд байх төлөвшлийг өөртөө суулгажээ. Урлагийнхан багаасаа л авьяасаа өнгөлж өнөөдрийн замналынхаа эхлэлийг тавьдаг. Авьяаслаг, адтай охин А.Ууганзаяа таван настайгаасаа эхэлж дуулж, бүжиглэж, шүлэг уншиж эхэлжээ. Энэ л ундарсан их авьяас нь урлагийн хүн болоход түлхэц болж холыг харсан дэврүүн хүсэл, дундаршгүй мөрөөдөл нь ирээдүйн хөдөлмөрч дуучныг бүтээсэн байна. А.Ууганзаяа бага байхдаа эмээ, өвөөдөө хөтлүүлж урлагийн тэмцээнүүдэд оролцдог байжээ. Тэндээс л ирээдүй нь тодорхой болж, урам зориг авч бяцхан охины сэтгэлд нар “мандсан” гэнэ. Сонгосон мэргэжил, уран бүтээлийг нь дэмжиж урмаар усалж, үгийн сайнаар ерөөдөг ээж нь түүний аз жаргал, амьдралын утга учир нь. Залуу дуучин маань ээжийнхээ их хайрын ачаар өдий зэрэгт хүрсэн гэдгээ онцолж байсан юм.
Шинэлэг шийдэлтэй “Хайр уу” дуу
А.Ууганзаяа анхны уран бүтээл болох “Хайр уу” дуугаа үзэгч, сонсогчдодоо хүргээд удаагүй байна.Түүний уран бүтээлээс аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч бүсгүй болохыг нь харж болно. Тус уран бүтээлээ “Funky pop” стилийн дуугаралттай туурвисан нь хүмүүст хөгжилтэй, аз жаргалтай, гэгээлэг мэдрэмж төрүүлэхүйц болжээ. Дууны зураг авалтаа Вьетнам улсад хийсэн нь орчин цагийн шинэ өнгө, өвөрмөц шийдлийг бий болгохыг зорьжээ. Өнөөгийн нийгэмд гэрэл гэгээтэй өнгөлөг мэдрэмжийг “Хайр уу” дуунаас мэдрэх боломжтой. А.Ууганзаяа анхны уран бүтээлээ хэдэн жилийн турш бодож, хөдөлмөрлөсний эцэст зорьсондоо хүрсэн байна. Түүний дууг хүмүүс ч эерэгээр хүлээж авчээ. Залуу дуучин өөрийн гэсэн өнгө, авьяастай уран бүтээлч болох “BaljkaMusic”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, ихийг бүтээхээр ханцуй чамлан орсноо дуулгасан юм. А.Ууганзаяа удахгүй шинэ уран бүтээлүүдээ өлгийдөн авахаар завгүй ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 116 (7360)