Монгол Улсын Соёлын яам, БНСУ-ын соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй соёл, урлагийн боловсролын хөгжлийн “ODA” төслийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Энэхүү төслийн хүрээнд БНСУ-ын театрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, тэр дундаа Хүүхэлдэй театрын мэргэшсэн баг хамт олон хүрэлцэн ирж, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдэд чиглэсэн сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах юм. Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа соёлын хамтын ажиллагааны хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй тус төсөл нь цар тахлын улмаас хойшлогдон өнгөрсөн жилээс эхлэн амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачууд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, урлаг гоо зүйн мэдрэмж мэдлэг олгохоос гадна театрын уран бүтээлчдийг чадавхжуулж, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй юм.
Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул төслийг нээж үг хэллээ. Тэрээр “Солонгос улстай хамтран хэрэгжүүлж буй ОДА төслийн хоёр дахь үе шат нээлтээ хийж байгаад миний хувьд туйлын баяртай байна. Манай театрын уран бүтээлчид төслийн хүрээнд олон ур чадварыг олж авч байна. Энэхүү төсөл нь эхний жилдээ илүү нарийвчилсан моно жүжгийн сургалтууд голлон явагдсан бол энэ жилийн онцлог нь сүүдрийн театрын мэдлэг олгох болон олон нийтийг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах болсонд таатай байна. Учир нь төслийн хугацаанд урлагийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг хувийн хэвшил, их дээд сургууль болон орон нутгийн багш, уран бүтээлчид нээлттэйгээр хамрагдах юм” гэлээ. Төслийн хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирэх баг хамт олныг тодорхой хугацаанд сонгон шалгаруулалт явуулж сонгодог. Улмаар Өмнөд Солонгосын урлагийн нэгдсэн сургуульд 26 жил багшилсан туршлагатай Им Жон Ми багшаар удирдуулсан “Wanderlust” байгууллагын хамт олон Хүүхэлдэйн театрын уран бүтээлчдэд сүүдрийн хүүхэлдэйн урлагийн сүүлийн үеийн онцлог, арга барил, түүхийн талаар онол, практик хослосон сургалтыг орох юм. Сүүдрийн театр нь гэрэл сүүдрийн тусламжтайгаар явагддаг эртний нэг төрөл билээ. Иймд сүүдрийн жүжиг найруулах ур чадвар, гэрлийн зохицол хийгээд хөгмийн цогц мэдлэг олгох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)