Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Эргээд бодоход хүний амьдралын хамгийн жаргалтай үе сурагч нас байдаг ажээ. Инээн баясаж, догдлон тэмүүлж, гомдон тунирхаж, хайр дурлалын амтыг мэдэрч, хамтдаа ирээдүй өөд тэмүүлж явсан бидний 18 нас.  Чи одоо хаана байна вэ. Тэртээх олон жилийн өмнөх дурсамжид минь үлдчихсэн үү. Театрт цугласан ихэнх үзэгчдэд яг л ийм бодол төрсөн болов уу. 18 нас хүрчихээд өөрийгөө том хүн болсон мэт бодож, хурдхан л их сургуулийн оюутан, цаашлаад ажлын талбар дээр гарч, эрх дураараа амьдрах юм сан гэж бодож явсан үеэ санахаар дэндүү гэнэхэн санагддаг даа. Түүний оронд зүгээр л сурагчийн дүрэмтээ өмсөөд, хажуу ангийн хөөрхөн хөвгүүнийг ичингүйрэн ширтэж, хааяахан багшдаа загнуулж, юу ч бодолгүй гүйж явсан 18 нас, 18 дахь хавартаа л үүрд үлдмээр. Харин энэ гэнэхэн хүслээ Хүүхэд залуучуудын театрт очиж биелүүлээ. Тэнд яг л энэ зуны цэцэгс шиг 18 настай охид хөвгүүдийн тухай хүүрнэж байна. Улсын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид "18 дахь хаврын хайр" драмын жүжгийг энэ сарын 9-ийг  дуустал тоглолоо. Жүжгийн зохиолыг Н.Уранзаяа бичиж, найруулагчаар Э.Ёндоншарав, продюссерээр гавьяат жүжигчин Н.Ариунболд  ажилласан байна.  Тус жүжигт өсвөр насны хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, хайр дурлал, өрсөлдөөн, нэгнээ ялж, давж гарахын хүслийн тухай өгүүлэх ажээ. Жүжгийн зохиолыг бичсэн Н.Уранзаяа өөрийн цахим хуудаснаа “Их сонин мэдрэмж байдаг юм байна.  Мөнхийн догдлол, сандралтай. Анхны өөрийн бүтээл болоод ч тэр үү хайр дүүрэн, гэхдээ л цаанаа нэг айдастай. ... Өнөөдөр үзэгчид хэр байсан бол, үзэгчид яаж хүлээж авсан бол гээд... цаг минут тутам бодлогоширно. Жүжгийн дараа хүүхдүүдийн дундуур явах их гоё, багшийгаа тэвэрч уйлна.  Найзуудаараа тэврэлдэнэ, тэдний шивнэлдэхийг сонсох их сайхан байдаг юм. Яг манай өсвөр насныхан, ахлах ангийн сурагчдад, хонхны баяраараа багштайгаа үзэх жүжиг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс тэр орон зайг дүүргэхийг хүссэн нь манай Улсын Хүүхэд Залуучуудын Театр-ын "18 дахь хаврын хайр" драмын жүжиг юм” гэжээ.

Үнэхээр театрт цугласан ахлах ангийнхан тайзан дээр тоглох жүжгээс өөрийгөө тольдож, үеийнхнийгээ харж, эргэцүүлэн бодсон нь лавтай. Мөн багш хүний хүүхдүүдээ гэсэн чин сэтгэл, заавар зөвлөгөө нь олон сурагчдад урагшаа тэмүүлэх урам, хүч болдгийг энэхүү жүжгээс харж болох ажээ. Монголын театрын урлагт залуучуудын тэр дундаа өсвөр насныханд зориулсан жүжиг тун ховор. Хүүхэлдэйн театр ихэвчлэн бага насныханд зориулж хүүхдийн жүжиг тавьдаг. Драмын жүжиг хэдий нас заадаггүй ч ихэвчлэн  томчуудад зориулсан, тэдэнд хандсан сэдэвтэй байдаг билээ. Харин яг л сурагчийн ширээнээс өндийж, олон сорилт, сонголтын өмнө ирдэг өсвөр насныханд зориулсан жүжиг тэр бүр байдаггүй. Харин тэрхүү орон зайг “18 дахь хаврын хайр” жүжиг нөхжээ. Тус жүжгийн гол дүр болох Учралын дүрд ажилласан, жүжигчин Г.Анун дүрийнхээ тухай “Учрал бол надаас тэс өөр дүр. Гэхдээ би энэ дүрдээ хайртай. Хэн ч Учрал шиг байдалд орж болно. Тэрээр цахим орчны буруу хэрэглээ, үүнээс үүдсэн дээрэлхэлт, эмзэглэлийг нэгтгэж харуулсан дүр гэх үү дээ. Гаднаасаа харахад ширүүн, догшин ч дотроо ганцаардсан, хайрлуулахыг хүсдэг, найзуудтай болохын хүсдэг зөөлөн охин. Гэхдээ түүнийгээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй нь хамгийн өрөвдөлтэй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 114 (7358)