Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Театрыг бид ариун сүмтэй зүйрлэх нь бий. Тэр сүмд орсон хүн бүхэн гарахдаа өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож,  жүжгийн утга, хэлэх гэсэн санаанаас уярал ухаарлыг мэдрээд гарах учиртай. Ялангуяа, цахим хэрэглээ хэт хөгжсөн, амьд харилцаа алсран холдож буй энэ цаг үед урлагийн хамгийн чухал хэрэгцээ нь театр болоод байна. Гэвч  XXI зуунд бидэнд яг ямар театр хэрэгтэй юм бол... 

 

 “Тунг нь тааруулах нь зөв”

 

Жүжигчний уран чадварын хичээл дээр мэргэжлийн багш нар эхлээд бие халаалт хийлгэдэг. Анги тойрч гүйх зэргээр дасгал хөдөлгөөн хийсний дараа тайзан дээр гарч, дүрд ажиллахыг зөвшөөрдөг билээ. Тухайн жүжигчин биеэ халааснаар тайзан дээр илүү чөлөөтэй, бие сэтгэлээ дайчлан тоглох боломж бүрддэг гэж Ардын жүжигчин Б.Мөнхдорж агсан жүжигчин, найруулагчийн ангийн оюутнуудад байнга захьдаг байв. Зөвхөн урлагийн сургуулийн оюутнууд ч бус УДЭТ-ын уран бүтээлчид ч энэ зарчмаар ажилладаг билээ. Ер нь театрын урлаг хэнд хэрэгтэй вэ. Үзэгчид юуны төлөө театруудыг зорьдог юм бол. Учир нь яг л тэнд амьд харилцаа, бодит мэдрэмж, жинхэнэ урлаг байдаг болохоор гэж хариулах биз ээ. Үеийн үед театр энэ л замналаар хөгжиж ирсэн. Үе үеийн үзэгчид ч үүнийг л хүсэж театрыг зорьдог байв. Харин сүүлийн үед Монголын театрууд дэндүү орчин үеийн шийдэл, техник технологийг ашиглах болсон нь театрын хөгжлийн шинэ замнал уу. Театрын тайзнаа том дэлгэц байрлуулж, драмын театрт бус кино театрт орсон мэт мэдрэмж төрүүлэх нь зөв шийдэл үү гэж хааяа асуумаар санагдах юм. Мэдээж дэлхий ертөнц даяаршиж, техник технологи эрчимтэй хөгжиж байгаа нь сайшаалтай. Үүнийг дагаад соёл, урлаг ч хувьсан өөрчлөгдөж, илүү шинэлэг зүйл рүү тэмүүлж байна. Гэхдээ театрын мөн чанар юу вэ.

Тайзан дээр тоглож буй жүжигчний дуу хоолой хамгийн арын үзэгчид хүрч, хажуугаар гүйгээд өнгөрөхөд нь хөлснөөс нь хөдөлмөр үнэртэж, тайзны доор суух үзэгчдэд жүжигчний амьсгал түргэсэх мэдрэгдэх нь театрын урлагийг илүү үнэ цэнтэй болгодог гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Жүжгийн турш тухайн дүрээр амьдарч, шаналж, шатаж “амьдруулдаг” болохоор театрын жүжигчид хамгийн мэдрэмжтэй, үнэн тоглодог ч байж магад. Харцнаас нь текстээс нь үнэнийг харж, мэдрэхийн тулд театрын жүжгийг алгасахгүй үздэг мянга мянган үзэгч бий. Тэгвэл тэдний энэ мэдрэмжийг дэлгэцээр дамжуулах нь хэр зөв юм бол. Энэ тухай Улсын хүүхэлдэйн театрын уран сайнхны удирдаач, “Про” театрын найруулагч О.Итгэл “Тайзны жүжигт дэлгэц ашиглахыг нэг талаараа зөв гэж бодож байна. Харин нөгөө талаараа тунг нь тааруулах нь чухал. Учир нь дэлхий тэр чигээрээ цахим үндэстэн болж байна. Бид тэдэнд зориулсан уран бүтээл хийх учиртай. Тиймээс ч манай залуу найруулагч нар уран бүтээлдээ мета гэдэг ч юм уу техник технологийн дэвшлийг ихээр ашиглах болсон. Дэлхийн чиг хандлага ч энэ зүгт явж байна. Намайг 2010 оны үед ОХУ-д сурч байхад л Оросын театр тайз, дэлгэц хослох зарчмаар хөгжиж байсан. Одоо түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Тиймээс уран бүтээлчид олон улсын чиг хандлага, хөгжлөө дагах нь зөв. Гэхдээ хэтэрхий нэг тал руу нь хэвийлгүй, яг л тунг нь тааруулах нь чухал болов уу” гэв.     

 

“Тайзан дээр жүжигчдийн тоглолт явж л байна. Энэ нь өөрөө амьд”

 

Монголын театрын урлагт тод мөр, мөнхийн уран уран бүтээлээ үлдээсэн ховорхон найруулагчид бий. Тэдний нэг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсан байв.  Түүний тухай нийтлэлч Б.Алтанхуяг “Алдарт Лев Толстойн туужаас сэдэвлэсэн “Адууны түүх” Монголын театрт морин төвөргөөн пижигнүүлэхээс өмнө Б.Баатар найруулагч төсөрхөн төсвөөр Ц.Хулангийн “Монгол ардын суут” жүжгийг хүүхэлдэйн театрт найруулан тавьж байв. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”, П.Батхуягийн “Үйлийн гурван чулуу”, Ц.Хулангийн “Монгол ардын суут” гэсэн гурван жүжиг тавигдсан. Үүн дотроос их зохиолчийн амьдралын сүүлчийн шөнийг харуулсан “Монгол ардын суут” жүжиг зохиол, утга агуулга, найруулгаар эрс ялгарч байсан билээ. Уг чанартаа “Монгол ардын суут" жүжгийн текст, дууны найруулга, гэрэл, тайзны зураг зэрэгт өөлчихмөөр эсвэл бүр онцгойлчихмоор зүйл юу ч байсангүй. Энэ нь үзэгч хэмээх “би”-д төрсөн анхны сэтгэгдэл. Бүх зүйлийг байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлж эсвэл дутаалгүйгээр хийсэн. Энэ бол мэдээж Б.Баатар найруулагчийн гавьяа гэдгийг онцлон дурдууштай” хэмээн бичсэн байдаг. Үнэхээр Б.Баатар, Б.Мөнхдорж гэсэн эрхэм найруулагчдын бүтээлд ямар ч гял цал өнгө, хэлбэр хөөсөн жижиг хэрэглэл, чанга дуу шуум, цацарсан гэрэл, дэлгэц байдаггүй. Тэгсэн мөртлөө үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч чаддаг нь гайхалтай. Тэгэхээр теарын урлагт агуулга чухал уу, үзэмж чухал уу. Энэ тухай саяхан мета драм хэлбэрээр “Клеопатра” жүжгийг тавьсан, “Монгол театр”-ын найруулагч А.Чингүн “Тайзны жүжигчний уран чадвар амьд мэдрэмжид тогтдог учир театр амьтай байдаг болов уу. Харин түүнийг илүү тодотгоход техник технологийн хөгжлийг ашиглах нь зөв гэж боддог. Ялангуяа, үзэгчдэд уран бүтээлээ илүү хялбараар ойлгуулж, байхгүй зүйлийг харуулахад техникийн дэвшил хэрэгтэй. Орчин үед тайзан дээр хоёр жүжигчин гараад тоглоод байх нь уйтгартай болж байна. Тиймээс тайз дикраци, гэрэл техникээр тодотгох шаардлага зайлшгүй хэрэгтэй. Гол нь орчин үеийн үзэгчид үүнийг хүсээд байна. Театрт орж ирээд уламжлалт хэлбэрээс илүү сандал нь хөдөлдөг байхад дурлах жишээтэй. Ялангуяа, манайд 40-өөс дээш насныхан жүжиг үздэг гэсэн ойлголт бий. Тиймээс бид залуу үеийн үзэгчдээ татах ёстой. Тайзан дээр жүжигчдийн уламжлалт тоглолт явж л байна. Энэ нь өөрөө амьд юм шүү дээ. Үүнийг л алдаж болохгүй” гэсэн юм. Тэгвэл театрын онолч Питер Брукийн онолд үүнийг эсэргүүцдэг тухай зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва онцолж байсан юм. Тэрээр “Их Британийн найруулагч Питер Брук дэлхийн театруудын хөгжлийг судалсан хүн. 1930-аад онд театр судлаачид шинжлэх ухааны ололт амжилтыг театрт, тайзан дээр ашиглах ёстой гэж үзээд театраа бүтэн механикжуулсан. Доороос нь гарч ирдэг яам, дээрээс бууж ирэх зэргээр театрт том шинэчлэл хийлээ гэж үзсэн. Гэтэл энэ нь эцэстээ болохгүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Хэтэрхий механикжуулахаар театрын амьд харилцаа байхгүй болж, тэр нь үзэгчид болоод жүжигчинд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг” гэж онцолсон юм. Аливаа зүйл хоёр талтай. Тиймээс орчин цагаа дагаж, тэдэнд зориулсан уран бүтээл хийх нь зөв. Гэхдээ хэтэрхий технологижиж, өнгө хэлбэр хөөсөн уран бүтээл Монголын театрын мөн чанарыг урагшаа бус хойш нь татна гэж Ардын жүжигчин А.Равдан дэлхийн театрын өдрөөр болсон хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм. Дэлхийн театрын урлагийн чиг хандлага хаашаа явж байна. Гэхдээ бид түүнээс юуг авч, юуг нь үлдээхийг бодож, тунгаах цаг театрын найруулагч нарт ирээд байна. Цахим ертөнц, гар утас ширтэж, техник, технологийн боол болж буй  XXI зууны үзэгч бидэнд тархиа амраах, тунгаан бодох, дижитал орчноос хоромхон ч болтугай холдоход  бодит мэдрэмж, “амьтай” урлаг хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 113 (7357)