Ч.ГАНТУЛГА

Маргааш зургаадугаар сарын 1. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр бяцхан үрсээ үзвэр үзүүлэхээр төлөвлөж байгаа бол доорх үзвэрүүдээс сонголтоо хийгээрэй.

 

Хүүхэлдэйн театрт

“Пиноккио” хүүхдийн жүжиг

 Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныхаа нүүрийг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүүхэлдэйн театрын жүжигчдийн чадварлаг тоглолтоор үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Хүүхэлдэй хэвээр үлдэх үү, эсвэл хүн болох уу? Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насны хүнд зориулсан зохиол юм.

 

Улаанбаатар театрт

“Намайг дурсаарай Коко” хүүхдийн жүжиг

Гэр бүлийнхээ урлагийн эсрэг бат зогсох хатуу хоригийг үл харгалзан Мигель хөгжимд дурлана. Өөрийн хүслийг биелүүлэхээр Мексикийн уламжлалт гитар хөгжмийн наадамд оролцохоор явж байгаад сүнсний ертөнц рүү нэвтэрснээр түүний адал явдал эхэлнэ. Олон жилийн туршид жинхэнэ од болох мөрөөдөлтэй явсан бяцхан хүүгийн урлагийн авьяас болон сүнсний ертөнцийн гайхамшигт аялалыг хэрхэн өрнөхийг хүрэлцэн ирж үзээрэй.

 

Хүүхэд залуучуудын театрт

 

"Арслан хүлэгт баатар" хүүхдийн жүжиг

 Ухаант мэргэн хүүгийн адалт явдлаар дүүрэн аялалд аймшигт Рах мангасаас хэрхэн үзэсгэлэнт гүнжийг аварч буй тухай өгүүлнэ. Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Сүхдоржийн зохиол юм.

 

“The Corporate Hotel and Convention Centre”-д

"Питер Пен" хүүхэд, гэр бүлийн жүжиг

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шотландын алдарт зохиолч Ж.Барригын "Питер Пен Венди хоёр" зохиолоос сэдэвлэн Питер Пен хүүхэд, гэр бүлийн жүжиг тоглоход бэлэн боллоо. Энэхүү жүжиг нь циркийн гайхамшигт үзүүлбэр, ид шидийн арлаар аялах эцэс төгсгөлгүй адал явдлаар дүүрэн байх болно.

 

“CROCUS Event Hall”-д

“Шидтэний туслах Чами”  хүүхдийн жүжиг

Чами бол энгийн л нэг Шидтэний туслах. Тэрний дотор хамгийн агуу шидтэн болох хүсэл мөрөөдөл юу юунаас ч илүү байдаг. Гэвч яг үнэндээ тэр бол хамгийн муу шидтэн. Хийсэн шид болгон нь бүтэлгүйтдэгээс болж Чами үргэлж гадуурхагдана. Харин муу санаат шулам өөрийг нь суллавал Чамиг хамгийн агуу шидтэн болгож өгнө гэсэнд Чами хууртаж хорон санаат шулмыг суллаж орхино.

 

УДЭТ-т

 

"Миний аав супер баатар" хүүхдийн жүжиг

“Миний аав супер баатар" жүжгийн товч үйл явдал нь шавжны ертөнцийн бяцхан хотод амьдардаг шоргоолж хүү, тэр хотын хамгаалагч агуу хүчит супер баатрын адил ер бусын хүчтэй болох хүсэл мөрөөдөлтэй ажээ. Нэг өдөр түүнийг хорон санаат аалз аюулд оруулснаар адал явдал эхэлнэ. Гол дүрийн хүү шоргоолжид Д.Асардарь, аав шоргоолжид И.Дашнамжил, Өмхий хар-1 Б.Золжаргал нар дүр бүтээжээ.

 

УДБЭТ-д

Ф.Херольд "Дэггүй Лиз" балет

Тариачин хатагтай Симона ганц охинтойгоо амьдрах ба үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Симона хатагтай өөрийн ганц охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд чинхүү хайртай залуу болох Колентойгоо гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)