Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг амжилттай тоглолоо. Энэхүү дуурийн Нансалмаагийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран гоцолсон юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа түүний тухай онцолж байна.
Гобой хөгжимчин
Монголын сонгодог урлагийн ертөнцөд энэ цаг үед өөрийн авьяас, хоолойн чадал, гоо үзэсгэлэнгээрээ бусдаас ялгарч, өөрийгөө тунхаглаж яваа уран бүтээлч бол Б.Энхнаран юм. Театрт тавигдаж буй бүхий л уран бүтээлийн гол дүрд дуулж, саппоран хоолойны гайхамшгийг мэдрүүлж яваа тэрээр яруу тансаг тэгсэн мөртлөө чанга хатуу сонгодог урлаг гэх ертөнцийн энэ цагийн тэргүүн хатагтай нарын нэг яахын аргагүй мөн билээ. Үүнийг түүний хамгийн сүүлд бүтээсэн “Макбет” дуурийн Хатагтай Макбет болоод анх бүтээсэн “Евгений Онегин” дуурийн Татъяна, өчигдөрхөн дуулсан “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа гэсэн гурван өөр дууриас харж болох юм. Дуурийн гоцлооч Б.Энхнарангийн бүтээсэн дүрүүд мэргэжлийнхэн болоод театр судлаачдаас үргэлж өндөр үнэлгээ авдаг. Учир нь тэрээр зөвхөн дуулах бус дүрээ бүрэн мэдэрч, хэрхэн гаргахаа төгс мэддэг. Чихэнд бус зүрхэнд хүртэл дуулах өвөрмөц арга барилтай нэгэн ажээ. Б.Энхнаран нийслэлийн 44 дүгээр сургуульд суралцаж байгаад тавдугаар ангиасаа тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежид элсжээ. Дөнгөж 10 гаруйхан настай охины хувьд урлаг, тэр дундаа дуурийн урлагийн тухай төдийлөн мэдлэг байхгүй. Харин охиныхоо авьяас, мэдрэмжийг олж харсан аав, ээж нь ийнхүү түүнийг урлагийн зам руу хөтөлжээ. Тухайн үед тэрээр ардын хөгжим, сонгодог найрал хөгжим гэсэн үндсэн хоёр ангид элсэлт авч байв. Бяцхан охин ёочин хөгжмийн ангид шалгуулсан боловч тэнцээгүй гэдэг. Ёочин нь бусад ардын хөгжмийг бодвол хурдан ритмтэй байхыг шаарддаг ажээ. Ингээд гобой хөгжмийн ангид шалгалт өгөөд тэнцсэн байна. Үлээвэр хөгжимчин хүн амьсгааны суурьтай байх ёстой. Б.Энхнарангийн хувьд байгалиас заяасан амьсгааны суурьтай байсан нь шалгалтын үед хамгийн сайнаар нөлөөлсөн ажээ. Гобой хөгжим нь эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлэхээр бүтээгдсэн, их нарийн аялгуу гаргадаг, эмэгтэй хүнд зориулсан хөгжмийн зэмсэг юм байна.
Шилдэг дүрийн шагналтан
Б.Энхнаран оюутан байхаасаа л дуурийн урлагт тасралтгүй амжилт гаргасан түүхтэй. Тэрээр 2006 онд Монгол-Оросын найрамдлын 46 дахь сарын ажлын хүрээнд болсон Оросын ари, романс дуулаачдын уралдаанд оролцож байв. Мөн гавьяат жүжигчин Д.Бандийн нэрэмжит Ари, романс дуулаачдын III уралдааны нэрэмжит шагнал, 2012 онд Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторит “Евгений Онегин” дуурийн Татъянагийн дүрийг бүтээж магистрын зэргээ амжилттай хамгаалсан байдаг. Мөн тус ондоо Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын II уралдааны тэргүүн байр, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт Б.Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны тэргүүн байрт шалгарч байжээ.
Б.Энхнарангийн Монголын сонгодог бүтээлүүдээс нэрийн хуудас болсон дүр нь “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа юм. Тэрээр 2016 онд энэ дүрээрээ Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" шилдэг дүрийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн байдаг. Б.Энхнаран магистрын дипломын ажлаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъянагаар хамгаалсан ажээ. Учир нь дуурийн дуучин бүр нэрийн хуудас болсон том бүтээлтэй байх учиртай. Ингээд театрт ороод хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа УДБЭТ-т “Евгений Онегин” дуурийг тавихаар болжээ. Энэ үед удирдаач, Ж.Бүрэнбэх түүнд итгэл хүлээлгэж, төрөлх театрынх нь тайзнаа Татъянад дуулах боломжийг дахин олгосноор Б.Энхнаран энэхүү дүрээрээ гоцлол дуучны шалгуурыг амжилттай давсан байдаг. Энэ цаг үеэс хойш шилдэг саппоран, тэргүүн гоцлооч түүний аялгуу эгшиг театрын тайзнаа тасралтгүй эгшиглэсээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 104 (7348)