УДБЭТ-ын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгийг амжилттай тоглолоо. Энэ удаагийн хар цагаан хунд тус театрын залуухан гоцлоочид болох Б.Марал, Г.Нямцэрэн нар бүжиглэсэн юм.
Б.Марал
Анх 18 насандаа олон улсын балетын тэмцээнүүдэд гялалзсан амжилт гаргаж, театр сонирхогчдын анхаарлыг татсан уран бүтээлч бол Б.Марал. Тэрээр бүжигчин болсныхоо мөрөөдлийг биелүүлж, энэ цаг үед “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар, цагаан хунгийн гоцлолоор өөрийгөө “тунхаглаж” байна. Б.Марал анх найман настайгаасаа Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд элссэн үеэсээ балетчин болохыг мөрөөдөх болжээ. Ингээд хоёр жил сурсны дараа ээж нь Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөхийг санал болгосноор 10 настайдаа элсэж, зургаан жил суралцаж төгсөөд, өдгөө УДБЭТ-ын гоцлол бүжигчнээр ажиллаж байна. Б.Марал анх ахлах ангид байхдаа гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит улсын анхдугаар уралдаанд оролцож, мөнгөн медаль хүртжээ. Энэхүү амжилтдаа урамшсан охин илүү их хичээснийхээ үр дүнд сургууль төгсөх жилээ тус тэмцээнд түрүүлсэн байна. Ингээд Токиод болсон Ази номхон далайн орнуудын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Улаан-Үдэд болсон Орос, Япон Евро-Азийн тэмцээнээс алтан медаль хүртсэн чадварлаг уран бүтээлч ажээ. Түүний гэр бүлд нь урлагийн хүн байхгүй. Б.Марал өөрийн төрмөл авьяас, хичээл зүтгэлээрээ ийнхүү сонгодог урлагийн оргил өөд тэмүүлж яваа юм. Тэрээр тайзан дээр байхдаа алдах вий гэхээс илүү дүрдээ орж, илүү чөлөөтэй, аз жаргалтайгаар дүрээ бүтээхийг хичээдэг гэсэн. Б.Марал “Балетаар хичээллээд миний амьдрал, үзэл бодол, зорилго тэмүүлэл өөрчлөгдсөн. Мэдээж надад урдаа тавьсан олон зорилго бий. Балетчин хүн хамгийн гол нь хариуцлагатай, төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Хэрэв буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй” хэмээж байжээ.
Г.Нямцэрэн
Энэ цаг үед авьяас билэг, үзэсгэлэн гоогоо хар цагийн хунгийн гоцлолд зориулаад буй дараагийн гоцлооч бол Г.Нямцэрэн билээ. Тэрээр багадаа ихээхэн хөдөлгөөнтэй охин байсан тул ээж, аав нь балетаар хичээллүүлэхээр шийджээ. Ийнхүү таван настай байхдаа бүжгийн дугуйланд явж эхэлсэн охинд бүжгийн урлаг таалагджээ. Ингээд долоон настай байхдаа гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багштайгаа учирснаар балетын тухай илүү өргөн ойлголт, суурьтай болох эхлэл нь тавигджээ. Түүний хамгийн анх гарсан тайз нь “Щелкунчик” балет. Жил өнгөрөх тусам туршлагажсан охин энэхүү алдарт бүтээлийн гол дүрд нь бүжиглэснээр хүүхдийн уран бүтээлээс завсарлажээ. Багш дээрээ гурван жил хичээллэсний дараа түүнд нэгэн боломж олдсон нь ОХУ-ын Пермь хотын балетын сургуульд суралцах хүүхдүүдийг сонгон шалгаруулалт байсан юм. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөсөн охин шалгалтдаа тэнцэж, сонгодог урлагийн уурхай болсон ОХУ-ыг зорьсон байна. Дөнгөж 10 гаруйхан настай жаахан охин ээж ааваасаа хол алсын оронд очиход гавьяат жүжигчин Д.Алтантуяа хариуцан явжээ. Г.Нямцэрэн анх 2019 онд Буриад улсын Улан-Үд хотод болсон Орос, Япон, Евро-Азийн балетын анхдугаар тэмцээнд амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарч байв. Мөн 2022 онд БНСУ-д зохион байгуулсан KIBC тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээс гадна Москвагийн олон улсын тэмцээнд ч оролцжээ. Г.Нямцэрэнгийн онцлох нэг дүр нь “Дон Кихот” бүжгийн жүжгийн Кити ажээ. Хүүхэд байхаасаа л энэ дүр дээр ажиллахыг хүсдэг байсан охин УДБЭТ-д ороод энэхүү мөрөөдлөө биелүүлсэн байна. Үүнээс гадна “Жизель” балетад ч гоцлоод амжсан тэрээр энэ удаад алдарт “Хунт нуур” балетын гол дүрээр үзэгчидтэй уулзаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 100 (7344)