“Кино ертөнц” буландаа тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох хамгийн хүлээлттэй байгаа таван киног танилцуулж байна.
IF
Хүүхдүүдийн төсөөллийн найзууд үнэндээ төсөөлөл биш байсан бол яах вэ. Том болох үед нь алга болох ёстой гэж бодож байсан тэдгээр найз нь үнэндээ жинхэнэ амьтад байсан бол яах вэ. Энэ бол Жон Красинскигийн бичиж найруулсан гэр бүлийн инээдмийн “IF” киноны гол санаа юм. Райн Рейнолдс, Кэйли Флеминг нар энэ төсөөллийн найзуудыг харж чаддаг гол дүрүүдийг бүтээсэн юм. Красинкигийн оффисын хуучин хамтран зүтгэгч Стив Карелл “Blue” хэмээх аварга үслэг төсөөллийн найзын дүрд дуу оруулсан байна.
Зохиолч энэ гайхамшигт санаагаа өөрийн бяцхан охидын тоглоомоос сэдэвлэн бичсэн байна. Түүний эхнэр Эмили Блант түүний ажилд санаа зовниж байсан ч амжилттай яваа карьерыг нь хараад сэтгэл нь уужирсан байна. Красински “Entertainment Weekly” сэтгүүлд өгсөн ярилцагадаа “Миний эхнэр надад чамайг ийм зүйл хийж байгаад үнэхээр баяртай байна гэж хэлж байсан юм. Түүний хэлсэн үг надад их урам зориг өгсөн” гэжээ. Түүний бүтээсэн энэ кино 17-ноос олны хүртээл болно.
Робот мөрөөдөл
Пабло Бергерийн бүтээл нь 1980-аад онд Нью-Йорк хотноо ганцаараа амьдардаг нохойны тухай өгүүлэх Сара Вароны зурагт номоос сэдэвлэсэн юм. Тэрээр нэг өдөр шуудангаар робот захиалснаар түүний амьдрал өөрчлөгдөж буй тухай өгүүлнэ. Тэрээр өөрийн шинэхэн төмөр найзыгаа Робот хэмээн нэрлэж, сайн найзтай болох ямар байх, амьдрал хэрхэн хөгжилтэй болж байгааг олж мэдснээр үйл явдал үргэлжилдэг. Гэвч дараа нь зэвэрсэн робот далайн эрэг дээр түгжигдэж гацаанд ордог.
Энэ анимейшн бүтээл нь хөгжилтэй хошигнол, ухаалаг санаа, сэтгэл хөдөлгөм бодит байдалд ойр үйл явдлуудаар өрнөдөг гэдгээрээ онцлог бүтээл болж байна. Энэ талаар "The Observer" сэтгүүлд "Сүүлийн жилүүдийн хамгийн шилдэг анимейшнүүдийн нэг. Хэдий анимейшн ч гэсэн бяцхан балчруудаас эхлээд өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид гээд бүх насныханд сургамжтай сайн бүтээл” гэжээ. Энэ бүтээл хамгийн эхний нээлтээ 9-нд Герман улсад хийсэн ба үргэлжлүүлэн 31-нээс эхлэн АНУ болон бусад улсад нээлтээ хийхээр болжээ.
“Гарфилд” бүрэн хэмжээний кино
Хөгжилтэй хөвсгөр Гарфилд муурын тухай түүхийг бид сайн мэднэ. Анх 1978 онд Жим Дэвисийн цуврал бүтээлээр дэлгэцнээ гарсан цагаасаа хойш Гарфилд муур хүүхэлдэйн киноны хамгийн алдартай тэжээвэр амьтдын нэг билээ. Тэрээр олон телевизийн цуврал, хэдэн зуун зар сурталчилгаа, баярын тусгай дугааруудад оролцдог. Ийнхүү 20 жилийн дараа үзэгчид лазаньяд дуртай хөвсгөр шар муурын тухай өгүүлэх бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хүлээн авах гэж байна. Энэ төсөл эхний хэдэн жилдээ гацалттай байсан. Хөгжүүлэгчид төслийг үргэлжлүүлэн 2021 оны арваннэгдүгээр сард алдарт жүжигчин Крис Пратт Гарфилдэд дуу оруулах болсноо албан ёсоор зарласан юм. Ийнхүү хүсэн хүлээсэн мөч ойртож бид 24-нөөс эхлэн “Гарфилд” бүрэн хэмжээний киног хүлээн авч үзэх болно.
Furiosa: A Mad Max Saga
“Анхны галзуу Макс” кино нээлтээ хийснээс хойш 45 жил болж байна. 2015 онд найруулагч Жорж Миллер "Галзуу Макс: Галзуугийн зам" киногоороо сүйрлийн дараах цувралаа амилуулснаас хойш есөн жил өнгөрчээ.
Гэвч үзэгчид төдийгүй уран бүтээлчид ч кино төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Ийнхүү бид Аня Тейлор-Жойг болон аянгын бурхан Торын дүрийг бүтээсэн жүжигчин Крис Хемсворт нарыг тус төслийн шинэ дүр төрхөөр харах болно. Албан ёсны нээлт 24-ний өдөр тохиож байна. Үзэгчдэд ердөө хэдхэн хоногийн хүлээлт л үлдлээ.
Back to Black
Эми Уайнхаус бол үеийнхээ хамгийн онцгой нэгэн байсан юм. Түүний хүчирхэг дуу хоолой, стиль имиж өнөөг хүртэл түүний шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлд хадаастай. Гэвч залуу дуучин бүсгүй амьдралынхаа сүүлийн жилүүдийг донтолттой тэмцэж, сэтгүүлч, гэрэл зурагчдаас зугтаж, олны нүднээс нуугдаж амьдарсан. Гайхалтай уран бүтээлч тэрээр 2011 онд дөнгөж 27 настайдаа харамсалтайгаар хорвоог орхисон юм. Түүний амьдралын талаар өгүүлэх “Эми” хэмээх баримтат кино 2015 онд гарч байсан. Харин энэ сард бид алдарт дуучны тухай өгүүлэх намтарчилсан уран сайхны киног хүлээн авч үзэх гэж байна. Жон Леннонын бага насны тухай өгүүлэх “NoWhere Boy” киноны уран бүтээлчид болох найруулагч Сэм Тэйлор-Жонсон найруулж, зохиолч Мэтт Гринхалг зохиолыг нь бичжээ. Алдарт дуучны дүрд жүжигчин Мариса Абела тогложээ. Зохиолч, кино шүүмжлэгч Питер Бредшоу “The Gaurdian” сэтгүүлд “Гол дүрийг бүтээсэн Мариса Абелиагийн сэтгэл татам байдал, эелдэг ааш нь Эмигийн залуу насны гал халуун дүр төрх, гайхамшигт хоолойтой багахан зөрчилдөх ч энэ кино бүх цаг үеийн хамгийн сайн бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдоно” хэмээн нийтэлжээ. Кино 17-ны өдрөөс олон нийтэд хүрнэ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 98 (7342)