Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа залуу жүжигчин А.Номин-Эрдэнийг онцолж байна.
-Он гараад багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлийн үед ямар уран бүтээлд ажиллаж байна вэ?
-Миний хувьд Монголын түүхэнд тодорхой байр суурь эзэлсэн бүсгүйн дүнд ажиллаж байна. Энэхүү кино нь намтарчилсан бүтээл гэдгээрээ онцлогтой. Кино үзэгчдэд хүрэх тов одоогоор тодорхой гараагүй байна. Зураг авалт өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлсэн. Миний өмнөх бүтээлээс хамгийн удаан хугацаанд үргэлжилж байгаа нь тус кино. Мөрөөдлөө биелүүлээд түүхэн хүний дүрд ажиллаж байгаадаа баяртай байна.
-Та өнгөрсөн хугацаанд 10 гаруй кинонд ажилласан. Уран бүтээл бүрээсээ туршлага хуримтлуулдаг байх даа?
-Уран бүтээлүүдээсээ суралцаж, мэргэжлийн ур чадвараа сайжруулдаг. Аливаа уран бүтээл жүжигчнийг мэргэжлийн ур чадвараас гадна, хувь талаас нь хөгжүүлж өгдөг. Бусадтай харилцах, зөв дадал гээд олон зүйлийг суралцаж явна. Ихийг сурсан кино гэвэл “Сорил”, “Сэр сэр салхи”. Эдгээр уран бүтээл ур чадварыг минь сайжруулсан. Би ажилласан дүр бүрээ сэтгэлээсээ гаргахыг хичээдэг. Тухайлбал, “Сэр сэр салхи” кинонд ажиллахдаа амьдралынхаа хоёр жилийг зарцуулсан. Учир нь дүрийн сонгон шалгаруулалт удаан хугацаанд үргэлжилсэн. Дүрээ сайн гаргахын тулд их бодсон, чадахгүй зүйлээ хичээж сурсан даа.
-“Сорил” кинонд ажиллах болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Нэг өдөрт хичээлдээ сууж байтал найруулагч Т.Батдэлгэр ах холбогдсон. Тэгээд очиж уулзахад “Ах нь кино хийх гэж байгаа. Анх зохиолоо бичихдээ чамайг тоглуулна гэж тооцоолсон” гэж хэлсэн. Ингээд “Сорил” кинондоо ажиллахаар болсон. Өдөр шөнөгүй ажиллаж зураг авалтаа өндөрлөсөн. Тухайн үед би СУИС-ийн оюутан байсан. Тиймээс зураг авалт, хичээлдээ амжуулж байлаа. Өмнө нь миний ажиллаж байсан бүтээлүүдээс арай өөр байсан учраас “Сорил” киноны дүрээрээ багш нартаа өөр өнцгөөс харагдсан байх.
-Уран бүтээлчийн замнал амаргүй. Ер нь шантрах үе гарна биз?
-Би урлагийн гэр бүлд төрж, өссөн. Миний хамгийн үнэнч зөвлөгч гэр бүл минь. Шантарсан үедээ аав, ээжтэйгээ ярилцдаг. Тэд минь урлагийн тогоонд багагүй хугацааг өнгөрүүлсэн учраас жаргал зовлонг нь сайн мэднэ. Надад зөв гаргалгаа хэлж, тайвшруулдаг. Хэцүү зүйл байвал урмын үгээр тэтгэнэ. Миний буруу байвал шүүмжлэл сонсдог. Мөрөөдлөө бодохоор өмнө минь тулгарсан асуудал жижигхэн санагдах жишээтэй.
-Хүн бүрд хэтийг харсан зорилго бий. Тиймээс мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлсэн байна?
-Хүний мөрөөдөл хязгааргүй. Би таван жилийн өмнө одоогийн байгаа түвшнээ бодож байсан. Харин одоо хэтийг харсан зорилго минь өөрчлөгдсөн шүү. Жүжигчин бүрд ажиллахыг хүсдэг дүр байдаг болов уу. Би дэлхийн алдартай сонгодог жүжгийн дүрд ажиллах битүүхэн хүсэл бий. Дэлгэцийн уран бүтээлийн дүр алдаж болохгүй боломж мэт санагддаг. Би мэргэжлийн бүжигчин учраас бүжигчний дүрд ажиллах бодолтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 92 (7336)