Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Кино ертөнц” буландаа UBS Pictures компанийн ээлжит уран бүтээл болох “Хайрын домог” киног онцолж байна. Тус уран бүтээл нь энэ сарын 10-нд нээлтээ хийнэ.

 

Туульсын арга ашиглаж бүтээсэн кино

 

UВS телевизийн уран бүтээлчид “Содура”, “Говийн домог”, “Нарны садан” зэрэг 10 гаруй киног бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тэгвэл энэ удаа “Хайрын домог” уран сайхны киногоо үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ. Тус бүтээлд буриад түмний ахуй соёл, домгийн улбаа, өвөрмөц хэв шинж, сэтгэлгээний онцлог, оюун санааг туульсын арга хэлбэрээр харуулсан аж. Мөн хайр дурлал, өшөө хорсол, өгөөмөр сэтгэл, уудам санаа, ухаант хайрт бүхнээр хослуулан өгүүлсэн нь  үнэ цэнтэй.  Тэгвэл “Хайрын домог” киноны ерөнхий продюсер, зөвлөх найруулагч, зохиолын санаачлагчаар хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Л.Балхжав, төслийн удирдагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Баяр, ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, киноны зохиолчоор МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр, ерөнхий зураглаачаар Соёлын тэргүүний ажилтан Д.Цэрэнчимэд, дууны найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэбаяр  ажиллажээ. Харин гол дүрд Ардын жүжигчин Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Лхагвадулам, Д.Мөнхтөмөр, Ч.Сэлэнгэ, Э.Лхагва-Очир, М.Тогтохжаргал мэргэжлийн ур чадвараа гаргаж ажилласан байна.

 

Буриадын долоон жүжигчин “Хайрын домог”-ын  дүрд ажиллажээ

 

“Хайрын домог” киноны зураг авалт хоёр жил гаруй үргэлжилсэн байна. Ингэхдээ Хэнтий аймгийн Дадал, Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр сумын нутагт зураг авалтаа хийсэн гэнэ. Дөрвөн улирлыг шингээсэн бүтээл болсноороо онцлог. Буриадын Бур драмын жүжигчид кинонд дүр бүтээсэн ажээ. Бүх оросын ардын жүжигчин Дугарова Людмила Лопсонова, Буриадын ардын жүжигчин Тангатова Должин Жаргаловна, Ринчинов Зорикто Ишинимаевич, Лубсанова дарима Жамсарановно, Ендонов Баярто Викторович, Жамбалов Дахале Саянович, Цыденова Арюна Ринчиновна гэсэн долоон жүжигчин дүр дээр ажиллажээ.

Энэ үеэр МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр “Хүний амьдралд байдаг бүхий л зүйлийг “Хайрын домог” киногоороо харуулахыг зорьсон. Тиймээс үзэгчдэдээ гоо зүй, урлагаас мэдрэх боломжтой сайхныг өгнө. Урлаг, уран бүтээл хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн кино үндэстний оюун санаа, ухамсар, гэгээрэл болон  хайрыг мэдрэх боломжтой. Мөн ухаалгаар хайрлах үзэл санааг ойлгуулах бүтээл” гэж онцоллоо. Уран бүтээлчдийн зүгээс үзэгчдийн сонирхол таашаалд нийцнэ гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 89 (7333)