Б.Нямсүрэн
Урлагийн уурхай СУИС-ийн Оюутан театрт дүүрэн үзэгчтэй, дулаан энергиэр “Учиртай гурван толгой” дуурь үзэгчдэд хүрлээ. Тод улаан өнгийн хөшиг хоёр тийшээ нээгдэж түүхэн дуурь эхлэв. Монгол дээлээрээ гоёсон уран бүтээлчдийг харахад өөрийн эргүй сэтгэл хөдөлж, бахархах мэдрэмж төрж байснаа нуух юун. Тоглолтын явцад үзэгчид биширч догдолж, аадар бороо мэт алга нижигнүүлэн ташна. Олон өдрийн бэлтгэл шаардсан нь уран бүтээлчдийн ур чадвар, дуулалтаас мэдрэгдэж байв. Тэндээс мэргэжлийн уран бүтээлчдийн ёс зүй, тайзны соёл гээд олон зүйлийг харж болохоор. Мөн СУИС-д одоо суралцаж буй ирээдүйн “од” дуучдыг ч харах боломж бүрдсэнээрээ онцлог юм. Дуучид жүжиглэж дуулах нь дуурьд чимэг нэмнэ. Арга ч үгүй биз түүхэн дуурийн дүрээр “амилж” байгаа учир.
Гурван бүлэг, таван үзэгдэлтэй “Учиртай гурван толгой” дуурийг анх 1934 онд Д.Намдаг дуулалт жүжиг хэлбэрээр найруулан тавьсан. Харин 1942 онд дуурь болгон шинэчилсэн бөгөөд Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Ө.Эрэнцэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулсан удаатай. Энэ удаад Юндэнгийн дүрд дуучин Х.Мөнхтүвшин ажилласан бол Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг дууллаа. Харин Балганы дүрд Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Хоролмаад Соёлын тэргүүний ажилтан Ч.Алтантүлхүүр. Худалдаачнаар С.Гантулга, Их хатан Д.Батжаргал, Д.Одончимэг нар ажиллав. Уртын дуучнаар Гавьяат жүжигчин Д.Мөнхбаатар, Бүүвэйчээр Д.Одончимэг, Замын тосуулаар Б.Гомбожав, Т.Батцэнгэл, Ард өвгөнд Б.Хонгор, Морин хуурч Х.Ганбилэг нар оролцов. “Учиртай гурван толгой” дуурьд нийтдээ 100 гаруй уран бүтээлч оролцсон байна.
Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар “СУИС-ийн оюутан театрт “Учиртай гурван толгой” дуурийг тухлан сууж үзлээ. Энэхүү дуурь бол Монголын анхны түүхэн дуурь. Энэхүү уран бүтээлийг анхны дүр нь миний багш Д.Намдаг билээ. Би багшаасаа дүрийнх нь талаар их сонирхож судалсан. Тэр үеийг одоо үетэй харьцуулахад “Учиртай гурван толгой” мөнхийн бүтээл юм байна. Одоог хүртэл тоглогдож байгаа нь бахархалтай. Оюутан театр түүхэн дуурь тоглогдох нь үнэ цэнтэй” гэсэн юм.
СУИС мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Учиртай гурван толгой” байлаа. Ингээд дуурийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар Урлагийн гавьяат Е.Сарантуяа, хормейстрээр Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунчимэг, концертмейстрээр Т.Энхтуул нар оролцлоо. Мөн УДБЭТ, СУИС-ХУС-ийн дуурийн дуулаачийн ангийн оюутнууд нэгдсэн найрал дуучид тоглож УДЭТ-ын Симфони найрал хөгжимтэй мартахгүй аргагүй сонгодог урлагийн тоглолт болсныг онцлоё.
Эх сурвалж: www.zms.mn