Б.Нямсүрэн
Монголын түүхэн дуурь буюу дуулалт жүжиг болох “Учиртай гурван толгой” үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Шинэ сарын эхний өдөр урлагийн алдартнуудыг бэлтгэн гаргадаг СУИС-ын Оюутан театрын тайзнаа эгшиглэх гэж байна. Тус сургууль мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь “Учиртай гурван толгой”. Тоглолтод СУИС-ийн магистрант, оюутан, багш, уран бүтээлчид оролцох ажээ. Дуурийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар Урлагийн гавьяат Е.Сарантуяа, хормейстрээр Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунчимэг, концертмейстрээр Т.Энхтуул нар ажиллана. Мөн УДБЭТ, СУИС-ХУС-ийн дуурийн дуулаачийн ангийн оюутнууд нэгдсэн найрал дуучид тоглож УДЭТ-ын Симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Дуурийн Юндэнгийн дүрд урилгаар дуучин Х.Мөнхтүвшин дуулна. Түүний хувьд баритон хоолойтой уран бүтээлч билээ. “Учиртай гурван толгой” дуурийн тухай тодруулахад “Юндэнгийн дүрээр үзэгч олонтойгоо уулзах гэж байгаадаа баяртай байна. Монгол дуурийн анхны дүр. Оюутан байхдаа “Учиртай гурван толгой” дуурийн дүрд дуулахыг хүсдэг байсан нь биеллээ оллоо. СУИС-ийн дуулаачийн тэнхимийн Т.Энхтуул багш Юндэнгийн дүр надад тохирохыг зөвлөж цагаан сарын дараа дүрээ хүлээж авсан. Бэлтгэл бүрэн хангаж олон хүний хөдөлмөр шингэсэн түүхэн дуурь үзэгчдэд хүрэх гэж байна” гэсэн юм.
Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгч Их зохиолч Д.Нацагдорж, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар бичсэн гурван бүлэг, таван үзэгдэлтэй дуурь билээ. “Учиртай гурван толгой” түүхэн дуурийг одоогоос 90 жилийн өмнө буюу 1934 онд дуулалт жүжиг хэлбэрээр “Бөмбөгөр ногоон театр”-т жүжиг хэлбэрээр тавьсан удаатай.
Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурийн дүрийг танилцуулж байна.
Юндэн-Х.Мөнхтүвшин
Нансалмаа-Э.Чулуунчимэг
Балган-Э.Бумхүү
Хоролмаа-Ч.Алтантүлхүүр
Худалдаачин-С.Гантулга
Их хатан-Д.Батжаргал, Д.Одончимэг
Уртын дуучин-Д.Мөнхбаатар
Бүүвэйч-Д.Одончимэг
Замын тосуул-Б.Гомбожав, Т.Батцэнгэл
Ард өвгөн-Б.Хонгор
Морин хуурч-Х.Ганбилэг
Эх сурвалж: www.zms.mn