Б.Нямсүрэн

Дэлхийн театрын өдөр ДБЭТ-ын тайзнаа “Мөнгөн наадам-2023” наадмын шилдгүүд тодров. Үе үеийн шилдгүүд нэгэн дор  чуулсан нь энэ. Соёл урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, бүтээл шалгаруулах “Мөнгөн мод-2023” наадам 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадам нь соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулж, алдаршуулах зорилготой билээ. Эргэн сануулахад 2008 онд Засгийн газрын 195 дугаар тогтоолоор “Мөнгөн мод” наадам зохион байгуулагдсан. Энэ удаагийн наадамд 216 уран бүтээлч өрсөлдсөн юм. Тэгвэл шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлч шалгаруулав. Тус наадам нь уран бүтээлчдийн ур чадвар,чансааг сорьдог онцлогтой. Өнгөрсөн онд 177 уран бүтээлч өрсөлдсөн удаатай.

dd

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Би Соёлын сайдаар ажилласан гурван жилийн хугацаанд эхний хагаст олон жил орхигдсон байсан салбарын бодлогыг бий болгох, тогтолцооны суурь репорм хийх, хууль эрх зүйн орчинг бэхжүүлэхэд анхаарлаа. Мөн Монгол Улс, хүн, түүх, уран бүтээлийг дэлхийд таниулах. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан суурь тавьхад төвлөрч ажиллаа. Энэ хугацаанд дэмжиж ажилласан соёл урлагийн салбарын уран бүтээлчид, эртэмтэн  судлаач нартаа гүн талархал илэрхийлье.  Өнгөрсөн онд Монголын экспортын орлого цар тахлын өмнөх үеэс хоёр дахин нэмэгдсэн. Мөн улсын хэмжээнд 87 соёл урлагийн байгууллага ашиглалтанд орлоо.  Мөн 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор соёл урлагаар дамжуулан эх орноо сурталчлан таниулж байна. Тиймээс "Монгол урлаг, өв соёл дэлхийд" гэдэг уриан дор арга хэмжээгээ зохион байгуулж байна” гэсэн юм.

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүдийн танилцуулж байна.

 Тус наадмын салхийг хагалж Дуу хөгжмийн шилдэг бүтээл шагналыг “RISING SUN” пянз цомгоор Э.Шүтээн хүртлээ.

Харин шилдэг хөгжимчин шагналыг ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Г.Солонго гардан авав.

Шилдэг удирдаачаар ҮУИТ-ын  удирдаач Э.Мөнхбаяр шалгарлаа.

Шилдэг дуучин шагналын эзнээр УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран тодорсон юм. Тэрээр энэ удаа шилдгээр шалгарч хос цомтой болов. Өмнө нь 2019 онд шилдэг дуучнаар шалгарч байсан билээ. Сайхан уран бүтээлүүд минь шагнал дагуулсанд баяртай байна. Б.Энхнаран 20 гаруй жилийн өмнө урлаг хэмээх их айлтай холбогдсон. Харин ДБЭТ-т ажиллаад 10 гаруй жилийг үдэж байгаа. Жилд 20 гаруй бүтээлд оролцохоос гадна олон улсад хэд хэдэн тоглолтоороо уулзсан уран бүтээлч юм.

Шилдэг хөгжмийн зохиолч шагналыг Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр хүртсэн.

Гэрэл зургийн шилдэг бүтээлээр “Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” гэрэл зураг танин мэдэхүйн цувралаараа гэрэл зурагчин Ч.Батзаяа шалгарсан юм. Түүний хувьд “Аян” төслийн хүрээнд гаргаж буй гурав дахь цуврал болох казах түмний онцлог, аж байдал, шувуулах соёлын тухай өгүүлсэн “Бүргэд” номоо гаргасан. Мөн Монголын бахархал цоохор ирвэсийн тухай бүтээл, цаатнуудын онцлогийг харуулсан “Цаатан” номоо түмэнд хүргэсэн билээ.

-Шилдэг архитектурын бүтээлээр “Их хуралдай орд өргөө” цогцолбор бүтээлээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Төртогтох тодорлоо. 

-Шилдэг дүрслэх урлагийн бүтээл шагналыг “Монгол эр хүн” ХҮРЭЛ БАРИМАЛ бүтээлээр уран барималч Т.Даваасамбуу хүртэв.

-Шилдэг дизайны бүтээл шагналыг “Урьхан брэнд 2023” КОЛЛЕКЦ бүтээлээр Урьхан брэнд хүртлээ.

-Шилдэг хувцас загварын бүтээл шагналыг “Үүлэн цуврал” коллекцоор Б.Ганбаатар хүртсэн юм.

-Шилдэг цахим бүтээл шагналыг "Соёл, боловсролын интерактив контент"-оор О.Батхолбоо хүртлээ.

-Шилдэг зар сурталчилгааны бүтээл шагналыг “Гайхамшигт жолооч – уусан бол жолоо барьдаггүй” нөлөөллийн аян-аар "АПУ" компани шалгарлаа.

-Шилдэг ном хэвлэлийн бүтээл шагналыг “Соёл судлалын үндэс” бүтээлээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хүртсэн байна.

-Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг шагналыг “Хөг-жим тээгч” төслөөр Н.Тэмүүлэн гардлаа.

-Шилдэг судлаач шагналыг Монгол Улсын Консерваторийн багш Доктор, профессор Л.Эрдэнэчимэг хүртлээ.

-Шилдэг бүжигчин шагналаар  “Амка данс студи”-ийн бүжигчин Э.Амаржаргал тодорлоо.

-Шилдэг бүжиг дэглээч шагналаар ҮУИТ-ын бүжиг дэглээч Х.Хашхүү шалгарав.

-Шилдэг зураач шагналын эзнээр “Про” театрын найруулагч, зураач Б.Анхбаатар тодорлоо.

-Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч шагналыг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар хүртэв.

-Шилдэг жүжигчин шагналыг Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг хүртсэн юм. Тэрээр өнгөрсөн онд 20 жилийн дараа тайзнаа эргэн ирж, “Pro” театрын бүтээл, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийн гол дүрээр үзэгчидтэй уулзсан. Түүнийг урлагийн замналд хөтөлж оруулсан багш нь Г.Доржсамбуу, Н.Цэвээнравдан. 1984 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа гавьяатай.

-Шилдэг найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Ч.Найдандорж шалгарлаа.

-Шилдэг кино урлагийн бүтээл шагналыг Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “Шар гэгээ” Уран сайхны кино хүртсэн юм.

-Шилдэг тайзны уран бүтээл шагналыг “Хүннү гүрэн онгод” циркийн тоглолт хүртэв.

Эх сурвалж: www.zms.mn