Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА


 
ЭХЛЭЛ...

Клеопатраг үзсэн үү. Тэнд Египетийн домогт хатны түүх “амилж”, Ромын тэргүүн жанжныг уран арга, үзэсгэлэн гоогоороо ховсдож, эх орон, ард түмнийхээ энх тайван, эрх чөлөөний төлөө энэ амьдралаа зориулах ажээ. Эмэгтэй хүнд хатан ухаан, гоо үзэсгэлэн цогц бүрдсэнээр ямар хүчирхэг болдгийг, үрээ хамгаалах эхийн хайр ямар агуу гэдгийг Клеопатра өөрийн биеэр тунхаглаж байв. Түүний суу алдар Египетийн болоод дэлхийн түүхэнд хамгийн сонирхолтой мөртлөө, олон янзаар бичигдэж үлдсэн байдаг. Ямар ч найруулагчийн зүрхшээдэг энэхүү түүхийг “Монгол театр” барьж авсан нь өөрөө том зориг, аз сорьсон алхам ч байж магадгүй. Дээрээс нь мета хэлбэр. Техник технологийн шийдлээр метаверас дотор агуу Ром, Египетийг “бүтээжээ”. Хэдэн мянганы өмнөх Египетийн цамхаг, торгон элс, хатны сэнтий... “Улаанбаатар” чуулгын хаалгаар ороход л эртний ид шид шингэсэн, нууцлаг Египет улсад ирсэн мэт бодит мэдрэмжийг бүрдүүлсэн нь гайхалтай. 


Харин “Орфей” театрт таныг тэс өөр орчин угтах ажээ. Пост драм аа гэж. Цав цагаан тайз, цас шиг цагаахан сандлууд, ритм өндөртэй хөгжим. Ирээдүйд эсвэл өнгөрсөнд очсон мэт цаг хугацааны хувьд сонин мэдрэмж. Улс төрийн эрх мэдэл, “том” ахыг шүтэн бишрэх “Ангсоц” намынхан. Энэ ертөнцөд зөвхөн “том” ахын үг хууль. Түүнийг үл хүндэлж, түүний тухай сөрөг давхар бодол тээсэн хүн үхэх ялтай. Энэ орчлонд хүн болж төрсний хамгийн чухал зүйл юу юм бол. Эрх чөлөө, хайр дурлалгүй амьдрал шал утгагүй. Өөрийн дураар амьдарч, хүссэнээрээ хайрлаж, хэнээс ч айхгүйгээр орших ямар үнэ цэнтэй юм бэ.  Хувь хүний эрх чөлөө бол хүн төрлөхтний оршихуйн үндэс ажээ. Учир иймд Жорж Оруэллийн "1984" хэмээх сэтгэхүйн уран зөгнөлт бүтээл цагаа олсон юм. “Би бодож байна. Тиймээс би оршиж байна”... Зохиолыг жүжгийн зохиол болгосон СУИС-ийн багш, зохиолч Я.Баяраа цахим хуудастаа, “Энэ бол өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай зохиол биш. Үүрдийн сэдэв, хүний мөн чанарын тухай. Бодох эрх чөлөөний тухай юм” хэмээн бичжээ. Үнэхээр хүн төрөлхтөн оршин байгаа цагт энэ сэдэв үүрдийнх. Харин Смит шиг бид эцэст нь бууж өгөөд хайртай бүсгүйгээ ч танихгүй, “том” ахын дагуул болж дуусах уу. 


Нөхөрлөл гэж юу юм бэ. Нөхөрлөлийн мөн чанар юунд оршдог юм бол. Миний хамгийн сайн найз хэн билээ. Ямар хэмжүүрээр “хамгийн сайн” гэсэн тодотголыг авсан билээ гэж та өөрөөсөө асууж үзсэн үү. Тэгвэл үүний хариултыг “PRO” театр өгч байна лээ. А.Дюмагийн “Шадар гурван цэрэг” жүжиг тус театрын тайзнаа физикл хэлбэрээр хүрч байна. Бас л нэг шинэ төрөл. Жүжгийн үйл явдлыг үг ярианаас илүү үйлдэл хөдөлгөөнөөр илэрхийлнэ гэж найруулагч нь өөрөө онцолсон. Шатрын хөлөг шиг тайзан дээр тэд төгс тулаануудыг үзүүлж, нөхөрлөлийн тухай тунхаглаж байв. Өмнө нь тэд бидэнд визуал драм гээчийг заасан. Тайзан дээрээс залуучуудын эрч хүч, хүсэл тэмүүлэл гал мэт дүрэлзэж, үзэгчдийг төөнөж байна.   


Сонин юм шүү. Дэлхийн сонгодгуудтай зэрэгцээд монгол зохиолчийн жүжиг ч зуузай холбож байна. Тэр нь “Мөрөөдлийн театр”-ын бүтээл “Тод хувцастай эмэгтэй. Найруулагч Н.Наранбаатарын энэхүү бүтээл олон хүнийг уйлуулж, олон хүнд ухаарал хайрлаж, үзэгчдээр тасрахгүй байгаа нь олзуурхууштай. Жүжигт монгол ээжийн үрээ гэсэн чин сэтгэл, энэ амьдралыг дүүрэн байлгаж, хүүхдүүдийнхээ амьдралыг түвшитгэх гэсэн агуу их хайрын тухай өгүүлдэг юм. Магадгүй зөвхөн монгол ээж л амьдралын тэр их нугачаа, жаргал зовлонг дааж, өөрийгөө золиослон байж, үрийнхээ төлөө амиа өгөх сэтгэлийн тэнхээтэй нь байх. Хүний амьдралын утга учир гэдэг элэг бүтэн, аз жаргалтай гэр бүлд л оршдог ажээ.  

 

 

“ТЕАТРЫН УРЛАГ СЭРГЭЖ БАЙНА”

 

Гуравдугаар сар Монголын театрын ертөнцөд шинэ жүжгүүд нээлтээ хийж, үзэгчдэд үзэх, сонирхох, сонжих, ухаарах, бодох хугацааг өгсөн өгөөжтэй өнгөрч байна. Хамгийн гайхалтай нь театрууд өдөр бүр үзэгчдээр дүүрч, сонгодог бүтээлд хөрөнгө оруулалт хийж, тархиа цэнэглэж байгаа нь өөрөө цоо шинэ соёл биш ч, энэ цагийн залуусын боловсролын үнэлэмж, юу хүсдэг,  гэдгийг тодорхойлох хамгийн өндөр шалгуур ч байж болох юм. Нэгэн цаг үед бид зөвхөн УДЭТ-т л драмын жүжиг тоглодог гэсэн ойлголттой байсан. Харин театр нь жилд 1-2 шинэ уран бүтээл хийх төсөвтэй. 


Ингээд бид соёлоор, тэр дундаа тайзнаа бүтээлээр  “цангаж” байх дор Монголын анхны хувийн театруудын нэг “Хувьсал” продакшн “өндийсөн” байдаг. “Шөнө дундын бүжиг”, “Би эр хүнд хайртай”, “Чи минийх” гээд задгай тавилт, энтертайнмент маягийн өгүүлэмж нь уламжлалт театрын арга барил, тавилтыг үзэж “хүмүүжсэн” үзэгчдийн хувьд нэг ёсны тэсрэлт, “шок” байсан нь лавтай.  Энэ бол 2002 оны эхэн үе юм. Зөвхөн “Хувьсал” продакшны жүжгийг үзэхийн тулд залуус тасалбарт дугаарлаж, жүжгийн агуулга гол дүрийн жүжигчдийн тухай яриа өрнүүлж, дараагийн уран бүтээлийн товыг лавлан асуудаг байсан тухай гавьяат жүжигчин У.Уранчимэг ярьсан байдаг.


Харин үүний дараа “Black Box” хэмээх абсурд театр гарч ирсэн байдаг. Энэ мэт 2000 оны эхэн үеэс Монголын театрын урлагт өөр, өөрийн онцлогтой театрууд “төрсөөр” бидний энэ цаг үед ирээд байна. Харин өнөөдөр бол бид драмын урлагийг сонголттой үздэг, ямар театрт зочлохоо сонгодог, Монголын театр энэ цагтаа л оргил үедээ ирээд байна. Театр бүхэн өөр өөрийн онцлогтойгоор оршин тогтнож, “Орфей” театр руу ороход л  найруулагч М.Батболдын сэтгэхүйн, сэтгэлгээний, үзэл бодлын үнэр ханхийх нь таатай. Тэрээр “Би төгсөж ирээд УДЭТ-д жил орчим ажилласан. Тэндхийн найруулагчдын хайрцаглагдсан, харанхуй, түүнийгээ өөрсдөө мэддэггүй, тусгаж авч, хөгжүүлэхийг хүсдэггүй, хоцрогдмол байдалдаа шүүмжлэлтэй ханддаггүй хандлагууд нь надад амьсгалж, амьдрах боломж өгөөгүй.


Шинэ сэтгэлгээг, өөрөөсөө өөр юмыг хүлээж авах сэтгэл зүйн хандлага үүсээгүй байсан. Энэ дунд уран бүтээл хийх хүндрэлтэй байсан. Тиймээс өөрийгөө нотлох хүсэл төрсөн. Өөрийгөө өөр өнцгөөр нотолмоор санагдсан. Тэгээд би өөрийгөө нотолж байна” хэмээн “Эгүүр” сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан бол тэрээр энэ жилээс УДЭТ-т дахин ажиллах болсон билээ. Түүнээс Монголын театруудын хөгжлийн тухай асуухад  “Театрын урлаг сэргэж байна. Уран бүтээлийн хувьд чанар ярихаас илүү үзэгчид театр руу зорих болсон нь сайшаалтай. Өөртөө зав гаргаж, жүжиг үздэг үзэгчид олон байгаасай. Энэ бол хүн, театр, нийгэм хөгжих эхлэл юм” хэмээн хариулсан юм.  

 

“1990-ЭЭД ОН БОЛ МОНГОЛЫН ТЕАТРЫН ҮХМЭЛ ҮЕ”

 

Тайзны урлаг хүнд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг ажээ. Ялангуяа жүжгийн урлаг хүний дотоод ертөнц рүү нэвтэрдэг увдистай. Тиймээс ч үзэгчид нэг хэсэг “шуурдаг” байсан хошин шогийн продакшнуудаас татгалзаж, оюундаа хөрөнгө оруулах, жинхэнэ драмын бүтээл рүү тэмүүлэх болжээ. Үүнийг ч хошин шогийн хамтлагууд ойлгож, үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн драм төрлийн бүтээл рүү ханцуй шамлан орж буйг “Мөрөөдлийн театр”,-аар жишээ татаж болно. Энэ тухай “Монгол театр”-ын ерөнхий найруулагч А.Чингүн “Өнөөдөр Монголын театрын урлагт өөр, өөрийн онцлогтой олон театр төрж байгаад баярладаг. Үүнийг дагаад үзэгчид ч жүжиг үзэхдээ сонголт хийдэг, чанарын үнэлэмжийг өгч чаддаг болсон байна. Театр бол мэдрэмжийн урлаг. Мөн шинэ цагийн театр бол уран бүтээлдээ техник, технологийн дэвшлийг ашиглах нь зүй ёсны хэрэг.  Бид “Клеопатра” жүжгээр драмын урлагт техник технологийн хөгжлийг хэрхэн ашиглаж болохыг харуулахыг зорьсон. Жишээлбэл, график дүрс. Дэлхий тэр чигээрээ хувьсан өөрчлөгдөж байна. Бид одоо ганцхан урсгалаар мэдээлэл авахаа больсон. Хүн төрөлхтөн техник технологийн дэвшлээ дагаад уран бүтээлийг харах өнцөг, бодол нь өөрчлөгдөж байна” гэсэн юм. 


Харин “Боролдой” студийн захирал, “Black box” театрын захирал  С.Мягмар энэ сэдвийн хүрээнд “Шинэ, залуу театр, найруулагч нар гарч байгаа нь олзуурхууштай. Гэхдээ үүнийг Монголын театр мандан бадарч байна гэж шууд хэлж, дүгнэж болохгүй. Үүнийг цаг хугацаа харуулна. Харин 1990-ээд он бол Монголын театрын үхмэл үе. Үүнээс өмнөх үе бол театрын хөгжил зөв замаар явж байсан юм. Бид дэлхийн театртай хөл нийлүүлэн алхах болоогүй байна. Хаа ч байсан юм. Одоо л театр үхмэл байдлаасаа гарч, гар хөлөө хөдөлгөх хэмжээний болж байна. Амьдрах гэсэн эхний оролдлогоо байгаа нь энэ. ” гэв. Харин найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд “Манай киноны уран бүтээлчид хуультай болсон. Гэтэл театрын хууль гэж хаана байна вэ. Театрын хуулийг яаралтай боловсруулмаар байна. Бид нэгэн үе хамгийн сайн уран бүтээлчид төв театрт ажиллах ёстой гэсэн бодлого баримталдаг байлаа. Харин энэ тогтолцоо одоо өөр болсон. Хот болоод орон нутгийн театрууд ижилхэн хөгжиж байна” гэсэн юм. 

 

 

“АГУУ Б.МӨНХДОРЖ, Б.БААТАРЫН ЖҮЖГҮҮД ХААНА БАЙНА ВЭ”

УДЭТ бол эцэг театр. Өнөөдөр өөрсдийн театрыг байгуулж буй залуус ч энэ л театраас эхтэй. Харин театрын үзэгчид шинэ уран бүтээл, шинэ найруулагчдын сэтгэлгээ, шинэ театруудын “амбиц”-аар “гангарч”  буй энэ гуравдугаар сард төв театр нам гүм. Яг л энэ цаг үед эрэмбэ дараа, чанар чансааны хувьд дүү театруудад хичээл зааж, зангараг гаргаж суумаар. Тус театрын хувьд хамгийн сүүлд “Тоглоомчид” драмын жүжгийг толилуулсан ч удалгүй тайзнаас буусан. Тэр цагаас хойш засварын ажилтай гэх нэг хариултыг л өгөх. Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Н.Сувд “Манай театр 1930-аад оноос түвшин дордолгүй, уран бүтээлээ туурвисаар байна. Өнөөдөр энэ ариун сүмд ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид хамтарч ажиллаж чадаж байна. Хуучин туршлага, уламжлал нь, залуу үеийн шинэ сэтгэлээ нь ч байна. Үүнийг би найруулагчдын ур чадвар, жүжигчдийн ур чадварын түвшинтэй харьцуулахад дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна гэж дүгнэнэ” гэсэн юм. Харин зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва “Монголын театрын хувьд анх ЗХУ-аас мэргэжилтнүүд ирж, үндэс суурийг нь тавьсан. Харин Ардын армийн театрын хувьд өөрсдийн арга барилаар буюу арай өөр замаар хөгжсөн гэж үздэг. Ингээд 1990 он гэхэд төв театр уналтад орсон. Их олон уран бүтээлч ажлаа орхиж, театр эзгүйрсэн түүхтэй. Энэ цаг үеэс ард иргэдийг хөнгөн инээдээр хөгжөөх “шар” театрууд буюу хошин урлаг эрчимтэй хөгжиж эхэлсэн. Харин энэ цаг үед эсрэгээрээ. УДЭТ-ын хувьд нэг л унтаа байдалд орчихов уу. Уг нь Улсын драмын эрдмийн театр буюу “эрдмийн” тодотголтой театр чинь тогтвортой уран бүтээлээ хүр­гэ­дэг, урын сантай, тэргүүлэх чанар­тай байх учиртай. Гэвч энэ бүгд алга. Мөн чанараа авч явж чадахгүй бай­гаа болохоор сайн уран бүтээл хийхгүй байна. Агуу Б.Мөнхдорж, Б.Баатарын жүжгүүд хаана байна вэ. Яагаад “Найрын ширээний ууц” шиг мон­гол бүтээлүүд төрөхгүй байна вэ. Энэ цагийн үзэгчид боловсролтой, ур­ла­гийн өндөр мэдрэмжтэй болсон. Хөгж­лөө дагаад хөнгөн инээд бус жинхэнэ драмын бүтээлийг таашааж бай­на. Үүнийг нь хангахуйц шинэ, сайн театрууд ч “төрж” байна. Тиймээс одоо л Монголын театр олон улсын жиш­гийг дагаж хөгжлийн зөв зам руугаа орж байна уу гэж харж байна” гэв. 

 

ТӨГСГӨЛ

Үнэхээр Монголын театрын урлаг шинэ залуу театр, уран бүтээлчдээр “цус” сэлбэж, арилжааны бус сэтгэлгээний бүтээл гэх хязгаар нь үгүй далай руу шумбаж байгаа бол сайхан. Гэхдээ энэ цаг үеийг Монголын театрын оргил үе гэж хэлж болохгүй гэж уулзсан уран бүтээлч бүхэн онцолж байсан юм. Учир нь цаг үе, нийгэм бүхэн өөрийн театр, өөрийн өнгө аястай найруулагчдыг “төрүүлнэ”. Магадгүй энэ үеийг 50, 60, 70 жилийн дараа хэн нэгэн  Монголын театрын оргил үе байсан уу гэж шүүх ч эрх байхгүй биз ээ.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 59, 60 (7303, 7304)