Баатарын НЯМСҮРЭН 

“Зууны мэдээ” сонин “Дүрслэх урлаг” буландаа Дархан-Уул аймгийн "Дарханы бүсгүйчүүд"  сургалтын төвийн багш, зураач С.Мөнгөнзулыг урилаа. 

 

-Та саяхан бүсгүй хүний үзэсгэлэнг илэрхийлсэн “Дөрвөн улирал” хэмээх бүтээл туурвисан. Тус бүтээлийн онцлог юу вэ? 
-Би өмнө жилийн гуравдугаар сард анхны бие даасан “Гүнж” үзэсгэлэнгээ гаргасан. Уран бүтээлийн үзэсгэлэнд маань бүсгүйчүүдийг илэрхийлсэн бүтээл зонхилсон. Үзэсгэлэнд 20 гаруй бүтээл багтсан. Бүх цаг үеийн эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг харуулсан үзэсгэлэн гэж онцолмоор байна. Тиймээс шинэ он гарснаас хойш эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг харуулсан бүтээлүүд  илүүтэй зурж байна. Саяхан эмэгтэйчүүдийн баяраар миний уран бүтээлийн дөрвөн улирал хэмээх бүтээлээр бүтээгдсэн гоёмсог торгон алчуур гарсан. Үүнийг Дархан-Уул аймгийнхаа Эмэгтэйчүүдийн ордонтой хамтарсан юм. Эмэгтэйчүүд бүх цаг үед хүчирхэг гэдгийг тус бүтээлээр  илэрхийлэхийг зорилоо. 


-Таны бүх цаг үед зурсан зураг ихэвчлэн бүсгүйчүүд байдаг уу. Өөр сэдвийн зураг бий юу? 
-Миний  бүтээлийн ихэнх нь тэмээ. Учир нь оюутан байхад монгол ахуй илэрхийлсэн зохиомж зураг зурахдаа тэмээ оролцсон зураг зурж байлаа. Би СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. Дипломоо хамгаалахдаа “Нүүдэл” сэдвээр бүтээл зурж хамгаалсан. Монгол зургаар уран бүтээлээ туурвидаг зураачдыг харахад тэмээ зурах нь ховор байдаг. Тэмээ бол их сүрлэг амьтан. Дэл, сүүл, бөхийг зурах нь сайхан шүү. Удахгүй тэмээ буга хоёрын үлгэрийг зохиомжилж зурах бодол бий. Ер нь бүтээл бүрийн мэндлэх хугацаа нь харилцан адилгүй. Зургийн хэмжээ, зохиомж, ажиллагаанаас шалтгаална. Ер нь уран бүтээл зураачаас их тэвчээр шаардах нь бий. Миний хувьд бүтээлээ зурж дууссаны дараа нэрийг нь өгдөг. Зурмаар санагдсан үедээ сэдэвчилж бүтээлээ туурвидаг онцлогтой.  

 


-Монгол зургийн төрлөөр хэзээнээс уран бүтээл туурвих болсон бэ? 
-Багаасаа л уран бүтээлч болох хүсэлтэй байлаа. Монгол зургийг сонгосон минь манай дугуйлангийн багштай салшгүй холбоотой. Дизайнер болох хүсэлтэй охин багшийнхаа бүтээлийн хараад л монгол зургаар уран бүтээл туурвих сэдэл авсан. Тиймээс монгол зургийн чиглэлээр зургаадугаар ангиасаа зурж билээ.  Сурагч байхдаа зургийн дугуйланд хамрагдаад олон зүйлийг сурсандаа талархаж явдаг. Тухайлбал, анхаарал төвлөрөл сайжирч, сууж сурсан. 


-Зураачийн замнал амаргүй байх. Илүү хичээх сэдэл юунаас авдаг вэ? 
-Би 2019 оноос хойш эмэгтэйчүүдийн ордонд зургийн багшаар ажилласан. Жилийн өмнөөс хань бид хоёр уран бүтээлдээ шамдаж байна. Миний хань  Н.Хишигбаатар мөн зураач мэргэжилтэй. Бид оюутны нэг ангийн уран бүтээлчид.   Нөхөр минь надад сайхан бүтээл туурвих орон зай, боломжийг  олгодог. Хоёулаа уран бүтээлч байхын давуу тал их. Ямар ч үед нэгнээ ойлгож дэмжинэ. Хань минь том хэмжээний зураг илүүтэй зурдаг бол би жижиг хэмжээтэй чамин зураг зурдаг. Мөн бүтээлийн өнгөний сонголт ч өөр. 


-Та хоёрт хамтарч гаргасан бүтээл олон бий юу? 
-Бид 2015 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа. Мөн 2018 онд урд хөршид очиж жил гаруйн хугацаанд найзуудтайгаа 108 метр урттай “Шашин дэлгэрсэн түүх” хэмээх бүтээл зурсан.  Тус бүтээлийн өндөр нь метр 50. Энэхүү бүтээлийг бид хариуцаж ажилласан даа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)