Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад “Элит балет” компанийн үүсгэн байгуулагч, балетмейстер Ц.Цолмонбудыг урилаа. Тэрбээр эх орондоо төдийгүй олон улсад анхдагч болж, “La La Land ” мюзикл киноны хөгжмийг албан ёсны эрхтэй, шинэ найруулгатайгаар балет, медиа арт, 3D технологитой хослуулсан энтертайнмент балетын жүжгийг дэглэн тавьсан билээ. Үүнээс гадна Ц.Цолмонбуд нь сонгодог урлагаараа дэлхийд тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгосын театруудад тэргүүн гоцлоочоор ажиллаж байсан Монголын шилдэг балетчдын нэг юм.
Монголын сонгодог урлаг академик чанараа алдаж, хүч нь шавхагдаж байна
-“La La Land” кино их романтик, гоё санагддаг. Анх киног нь үзэхэд танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Анх 2016 онд дэлгэцэнд гарч, “Оскар”-аас олон шагнал авч, дэлхийн кино урлагийн ертөнцөд тэсрэлт болсон уран бүтээл. Анх үзэхэд л хөгжим нь таалагдсан. Тиймээс байнга сонссоор ерөнхийдөө хөгжимд нь дурлачихсан гэж хэлж болно. Энэ үеэс буюу 2017 онд би Монгол болон Солонгост “Элит балет” компанийг үүсгэн байгуулсан. Гол зорилго нь Монголын сонгодог урлагийг олон улсад сурталчлах. Тиймээс яг тэр үед шуугиулж байсан “La La Land”-ийг балет хэлбэрээр тавих нь зорилгодоо хүрэхэд дөхөм болох юм байна гэж харсан. Ингээд балет болгохдоо медиа арт урсгалтай хослуулсан нь өөрөө олон улсад анхдагч болсон. Уламжлалт хэлбэрийн бүжгэн жүжиг хөшиг дээр зураг зурж, хөшиг хаагдаж, нээгдэж үзэгдэл солигддог бол медиа арт балет нь хлограмм буюу хайртай бүсгүйгээ тэврэхэд алга болох зэргээр илүү ид шидийн мэт шинэлэг тавилтыг эрэлхийлсэн. Мөн 3D орчин буюу яг бодит юм шиг төсөөллийн ертөнцийг бий болгож, илүү сонирхолтой шийдлүүдийг үзэгчдэд үзүүлсэн.
-Үнэндээ нэг хэвд зутгасан юм шиг балет үзэж буй бидэнд нүд нээгдэж, сэтгэл баясгасан бүтээл байлаа. Ер нь Солонгосын сонгодог театруудад медиа арт урлаг хэр эрчимтэй хөгжиж байна?
-Солонгост зөвхөн театрууд төдийгүй урлагийн бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Ганнамын гудамжинд рекламын самбар нь хүртэл медиа арт. Машины сурталчилгаа байлаа гэж бодоход өнөөх машин нь дэлгэцээсээ гарч ирж, яг бодит мэт мэдрэмжийг өгөх жишээтэй. Миний хувьд “La La Land”-ийг өчигдөр бодоод өнөөдөр хийсэн зүйл биш. Их олон жил бодож, төлөвлөж, медиа артын үзэсгэлэнгүүдийг үзэж, судалсны үндсэн дээр бүтсэн. Тиймээс ч медиа арттай хослуулахад хамгийн тохиромжтой бүтээл нь “La La Land” гэж дүгнэсэн. Яг одоогоор энэхүү киног балет хэлбэрт оруулсан орон байхгүй.
-Монголынхоо театр олон бүжгэн жүжиг үзсэн. Гэхдээ хөшиг хаагаад нээх бус технологийн дэвшил ашигласан өөр сонирхолтой шийдлүүдийг л үзмээр байна. Энэ шинэчлэл ирчихвэл ягаан театрыг дахин дахин зориход ч бэлэн залуус олон бий?
-Би хувь уран бүтээлчийнхээ хувьд Монголд мэргэжлийн тайзны урлаг хөгжөөсэй гэж их хүсдэг. Миний хувьд сүүлийн 20 гаруй жил Япон, Солонгосын балетын театруудад тэргүүн гоцлоочоор ажилласан. Энэ хугацаанд олон орны тайзан дээр гарч, олон улсын бүжигчид, найруулагч, продюссеруудтай хамтарсан байна. Монголын балетын хувьд өмнөх нийгмийн үед ОХУ-аас их хүчтэй орж ирсэн. Харамсалтай нь одоо үед хөгжил нь зогсонги байдалд орчихов уу гэж хардаг. Бид 2024 онд амьдарч байна. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Гэхдээ хувьсаж, шинэчлэгдэнэ гэдгийг өмнөх уламжлалт сонгодог хэлбэрээ эвдэх бус илүү үзэгчдийн сонирхлыг татахын тулд бүтээлдээ зөв урсгал, шийдлүүдийг л шигтгэж өгөх ёстой. Монгол Улсын хувьд балет үзэгч, сонирхогчдын тоогоор дутмаг. Гэтэл аливаа улс, гүрнүүдийн өнгөрсөн цаг үеийнх нь түүхийг харъя гэвэл үндэсний урлагаар нь, одоо цаг үеийн хөгжил нь хэр байгааг сонгодог урлагаар нь тодорхойлдог. Хэдийгээр Монголын сонгодог урлаг итгэл төгс сууриа тавьж чадсан боловч энэ цаг үед үндсэн академик чанараа алдаж, хүч нь шавхагдаж байгаа нь харамсалтай. Уг нь мэргэжлийн тайзны урлаг хүчтэй байх ёстой. Үүний тулд техник технологийн хувьд шинэчлэгдэж, дэлхийд тавигдаж буй томоохон бүтээлүүдийг тоглож, урын сангаа шинэчилж, олон улсад “том” өрсөлдөгч болох хэрэгтэй.
-Өнгөрсөн зун манай улсад Ромын пап лам айлчилсан. Энэ үеэр төв талбайд “La La Land” -ийг тоглосон нь Монгол Улсыг олон улсад сурталчилсан томоохон PR боллоо гэж харсан шүү?
-Энэхүү үйл ажиллагааг “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ дэмжсэн. Ромын папын айлчлалын үеэр Монголын төв талбайд олон улсад анхдагч болсон медиа арт бүтээлийг тоглоно гэдэг бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж буйг илтгэсэн томоохон сурталчилгаа болсон. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд болсон тоглолтыг “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд мөн л БОАЖЯ-наас дэмжиж, гаднын элчин сайдууд болон аяллын шугамаар Монголд ирсэн жуулчид, Монголд амьдарч буй солонгосчуудын төлөөлөл ирж үзлээ. Манай компанийн хувьд ийнхүү зорилгодоо тууштай байж, монгол үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэж, цаашлаад олон улсад эх орныхоо сонгодгийг сурталчилж байгаадаа үргэлж сэтгэл хангалуун байдаг.
-Зарим хүн сонгодгийг элитүүдийн урлаг гэх нь бий. Тиймээс зөвхөн театрт л тоглох ёстой гэсэн хандлага ажиглагддаг. Харин “La La Land”-ийг задгай талбайд тоглоход ямар байсан бэ?
-Би эхлээд төв талбайд тоглоно гэхэд санаа зовниж байсан. Учир нь Монголд балет үздэг хүн цөөхөн. Дундаас нь явчих вий гэсэн айдас байсан ч залуучууд үнэхээр эхнээс нь дуустал шимтэж үзсэн. Бараг 20 мянга гаруй хүн цугласан байх. Яг ийм чанартай, хүртээмжтэй сонгодог урлагийн тоглолтуудыг тогтмол хийвэл Монголд үзэгч хангалттай байна гэдгийг тэр өдрийн тоглолт баталж өгсөн болов уу. Харин балетын утга санааны хувьд төв талбайд тоглох нь их тохиромжтой байсан. Учир нь энэ бүтээл драм, жааз хэлбэрийн найруулгатай учир яг төгс болсон гэж хэлмээр байна. Учир нь ард том, том барилгууд, хотын гудамж бодитоор байсан учир орой тоглоход илүү бодит мэдрэмжийг төрүүлсэн шүү.
-Энэ цаг үед монгол залуус сонгодог бүтээлийн үнэ цэнийг илүү ойлгодог болсон. Тиймээс ч хөнгөн хөгжим, шоу тоглолтоос илүү театрт очиж, “амьд” мэдрэмж авах хүсэлтэй бараг нэгэн үе бий болоод байна?
-Үндэсний урлаг өөрсдийн үзэгчтэй болж байгаа нь сайхан. Өнгөрсөн жил “Тамгагүй төр” драмын жүжиг тоглож, олон улсад эх орноо сурталчиллаа. Яг үүнтэй адилхан балетын урлаг ч зэрэгцэн алхаж, үзэгчдийг татмаар байна. Театрын балет ангийнхны хувьд маркетингийн асуудал жаахан сул юм шиг ажиглагддаг. Үүнийг хийхийн тулд зөв бодлого л хэрэгтэй болов уу.
-“Элит балет” компанийн хувьд монгол уран бүтээлч бий юу. Уран сан хэр арвинтай болж байна?
-Манай компани анх Солонгос улсад үүсгэн байгуулагдсан. Энэ улсын хувьд сонгодог бүтээлийг тултал нь дэмждэг төртэй. Миний хувьд Солонгост суурин амьдардаг. Тус улсын театрт тэргүүн гоцлооч хийж байхдаа өөрөө бүжиг дэглэх, найруулах хүсэлтэй байсан. Ингээд 22, 23 наснаасаа бага зэргийн бүжгүүдийг дэглэж, туршлага хуримтлуулж эхэлсэн. Энэ хугацаанд Солонгосын балетын урлагийн системийг түлхүү судалсан. Тиймээс солонгос уран бүтээлчидтэй хамтарч компаниа үүсгэж байлаа. Маш амжилттайгаар олон бүтээлийн ард гарсан. Жишээлбэл, “Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг онцолж байна. Солонгост энэ бүтээлийг анх медиа арт хэлбэрээр тоглоход үзэгчид их сайхан хүлээж авсан. Мөн мэргэжил нэгт Солонгосын бүжигчин, найруулагч, багш нар өндрөөр үнэлсэн нь миний хувьд их том урам, дахин уран бүтээл хийх ташуур болж өгсөн. Ингээд 2018 онд Монголдоо “Элит балет” компаниа байгуулж, цаашдаа Монголын балетыг олон улсад таниулах, сурталчлах ажлыг хийхээр сэтгэл шулуудсан. Миний хувьд эх орондоо тоглолт хийхдээ Монголын уран бүтээлчдээсээ урьдаг. “Щелкунчик ба гайхамшгийн орон” бүжгэн жүжгийг Монголд тавихад “Steppe Arena” биднийг бүрэн дэмжсэн. Тус тоглолтыг бараг зургаан мянга гаруй үзэгчид үзсэн. Энэ мэт сонгодог урлагийг дэмждэг, ойлгодог байгууллагууд олширч байгаад баяртай байдаг.
-Хувь хүн, байгууллагууд дэмжлээ дэмжлээ гээд манай театр өнөөх уламжлалт арга барилаасаа салах хол байх шиг санагдах юм?
-Өөрчлөгдөх, шинэчлэгдэх, олон улсад гарах боломж бүрэн бий шүү дээ. Харин үүнд хүрэхийн тулд мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэх шаардлагатай. Том хэмжээний уран бүтээл хийхэд манай театрын орон тоо бага. Мөн урын сангийн баяжуулалт, шинэчлэл дээр анхаарах хэрэгтэй. Монголын театрын хувьд жилд цөөхөн уран бүтээлийг олон давтамжтай тоглож байна. Үүнээс гадна уламжлалт балетуудаа хэт их өөрчлөөд байх шиг санагддаг. Жишээлбэл, “Жизель” балетыг тавилаа гэхэд хэтэрхий их өөрчлөлгүйгээр утга агуулгыг нь хөндөлгүй үндсэн уламжлалт хэлбэрээр нь хүмүүст хүргэвэл таатай болов уу. Харин “La La Land” ч юм уу орчин үеийн балетыг бол цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин цагийн хэлбэрээр хүргэх нь зүйтэй гэж боддог. Мөн манай театрт өндөр зэрэглэлийн багш нар болоод гадны уран бүтээлчидтэй туршлага солилцох, тэднээс суралцах зэрэг бодлогын түвшинд хийх ажлууд дутмаг байна. Шинэ үеийн бүжиг дэглээч, найруулагч нараар цус сэлбэх шаардлагатай гэж харагддаг.
-Таны хувьд эх орныхоо театрт хамгийн сүүлд ямар бүжгэн жүжиг үзсэн бэ?
-Би сүүлийн жил хагасын хугацаанд Монголдоо ирэн очин тоглолтуудаа зохион байгууллаа. Энэ үеэр Дуурийн театртаа “Хунт нуур” балетыг үзсэн. Олон ч зүйл бодогдсон. Хувь уран бүтээлчдийн ур чадвар нь сайн боловч үндсэн тавилт, уламжлалт сонгодог чанар нь илүү өөрчлөгдсөн санагдсан. “Хунт нуур” балет Монголд 1975 онд анх тавигдсан шүү дээ. Түүнээс хойш бараг 50 жил өнгөрч байхад өнөөх л зураг, хөшиг, техник хэрэгсэл хэвээрээ, шинэчлэгдээгүй байх жишээтэй. Энэ балетыг илүү чанаржуулж үзэгчдийг татахын тулд орчин цагийн шилдэг тайзны зураачидтай хамтарч ажиллах шаардлагатай. Болохгүй бол гаднаас ч хамаагүй мэргэжлийн хүмүүсийг авчраад ажиллуул л даа. Миний 20 жилийн өмнө үзсэн бүжгэн жүжиг өнөөдөр өөрчлөгдөөгүй, өнгө орсон зүйлгүй яг л тэр хэвээр байна гэдэг харамсалтай санагддаг.
-Гэтэл Өмнөд Солонгосын хувьд сонгодог урлаг хэрхэн хөгжиж байна. Таны хувьд уран бүтээлчийнхээ хувьд тэр их гүрнээс “шүүрдсэн” олз омог их байгаа байх?
-Сонгодог урлагийг нэг, хоёр, тав ч юм уу эрэмбэлэхэд тун хэцүү. Учир нь театр бүхэн өөрийн онцлог, түүх, уламжлалтай. Монголчуудын дунд нэг буруу ойлголт байдаг нь Монголын театр Азидаа тэргүүлдэг, мундаг гэсэн бодол. Энэ бол өмнөх нийгмийн үед гарсан яриа шүү дээ. Дотор нь бүжиглэж байгаа бүжигчид, багш нар нь хүртэл ийм бодолтой байна. Гэтэл бидэнд гадны театруудаас сурах зүйл үнэхээр их байна. Жишээлбэл, Солонгосын төв театр 1962 онд байгуулагдсан, Монголын театртай бараг л чацуу. Бүр цаашлаад судалбал, хоёр Солонгосын дайны өмнө ОХУ-аас мэргэжилтнүүд ирж, сонгодог театр байгуулсан гэх тэмдэглэл байдаг. Төв театрын хувьд 1992 онд АНУ-д шилдэг нео классик хийж байсан Баланченийн бүтээлийг тавьж байсан. Харин Монголд энэ уран бүтээлчийн бүтээлээс одоог хүртэл тавиагүй байна. Солонгосын төв театрын хувьд энэ үеэс эрчимтэй хөгжсөөр өдгөө Азийн сонгодог урлагийн төв болоод байна. Солонгосын балетын жүжигчид дэлхийн томоохон театруудад тэргүүн гоцлоочоор ажилладаг. Жишээлбэл, Английн хатан хааны театр, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлоочдыг онцолж болно. Мөн олон улсын зэрэглэл өндөртэй тэмцээнүүдийн 1-3-р байрыг солонгосууд эзэлж байна. Европт очоод хамаг шагналыг нь түүгээд ирэх жишээтэй.
-Монголын бүжигчдийн хувьд сургуулиа төгсөөд, УДБЭТ-т орсон бол театраасаа цалинжаад явдаг. Гэтэл олон улсад бүжигчид өөрсдийнхөө ур чадварыг “зарж” хангалуун амьдрах боломж байна. Солонгост бүжигчдийг хэр үнэлдэг вэ?
-Солонгос улсын хувьд хүн ам ихтэй. Олон хүн балетаар сурдаг учир өрсөлдөөн өндөр. Тиймээс маш хурдан цус сэлбэлт явагддаг. Чадвартай залуус нь их хурдтай гарч ирдэг. Байр сууриа хадгалж үлдэхийн тулд хичээхээс өөр сонголт байхгүй. Төв театраар жишээ авахад тус театр 1990-ээд оны сүүлээр Оросын “Большой” театрын “Хунт нуур” балетыг албан ёсны эрхтэйгээр худалдаж аваад тоглуулсан. Энэ үед дэлхийн шилдэг гэж үнэлэгдсэн ОХУ-ын баг өөрсдөө ирж, солонгос бүжигчдэд сургалт хийсэн. Энэ бол уран бүтээлчдийн хувьд дахин нэг их сургууль төгсөх мэт “алтан” боломж юм. Зөвхөн балетмейстерүүд ч бус тайз, гэрлийн баг тэр чигээрээ ирж ажилласан байдаг. Одоо ч Солонгосын төв театрт энэ бүжгэн жүжиг амжилттай тоглогдож байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, уламжлалт, сонгодог балетыг тоглуулж байна гэдэг өөрөө үнэ цэн, чанарын үнэлэмж юм. Үзэгчид зөвхөн ОХУ-ын театр очиж, “Хунт нуур” үзэх бус яг тэр хэмжээний чанар, ур чадварыг Солонгосын театрт ирж үзэх боломж нээгдсэн гэсэн үг. Мөн тус театр “Дон Кихот” балетыг тавихдаа яг Италийн хувцасны багийг авчирч, хувцас хэрэглэлээ хийлгэсэн байдаг. Энэ нь эргээд театрын оёдолчдод том сургалт болох жишээтэй. Энэ мэт дэлхийн томоохон сонгодог бүтээлүүдийг чанарын өндөр түвшинд тавьж, олон улсад хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхийн балетын оддыг уриад тоглуулчихсан. Солонгос улсаас дэлхийн хэмжээний бүжигчид “төрчихсөн”. Миний ажиглаж буйгаар тэдний дараагийн алхам нь үндэсний бүтээлүүдээ дэлхийд таниулах. Манайхаар бол “Уран хас” балетаа илүү шинэчилсэн найруулгаар олон улсын тавцанд гаргах гээд байна гэсэн үг. Зөвхөн театр бус Засгийн газраас нь үндэсний балетаа сурталчлах бодлого явуулж байна. Яг к-поп шигээ. Энэхүү хөгжмийн урлагийг Солонгосын Засгийн газраас бодлогын түвшинд эрчимтэй дэмжсэний хүчинд дэлхийд таниулж чадсан. Солонгос улс зөвхөн к-поп урлагаараа дэлхийн зах зээлээс эдийн засагтаа асар их мөнгө татаж байна. Тэгэхээр миний бодлоор магадгүй 10, 15 жилийн дараа ч юм уу, Солонгос улс өөрийн гэсэн үндэсний том балеттай болж, түүнийг нь дэлхийн театрууд тавих цаг ойрхон байна гэж хардаг.
-Таны хувьд одоогоор Солонгосын аль театрт харъяалагдаж, ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Би энэ хугацаанд Солонгосын өөр, өөрийн онцлогтой олон театрт тэргүүн гоцлоочоор ажилласан. Үүнээс онцолбол, тус улсад улсын статустай хоёр театр байдгийн нэгэнд нь ажиллаж байсан. Миний ажиллаж байсан театрын хувьд төрийн албан хаагчийн статустай гэдгээрээ онцлог. Ийм чансаа өндөртэй театрт нь тэргүүн гоцлоочоор ажилласан анхны монгол бүжигчин болж байлаа. Харин сүүлийн жилүүдэд монгол балетчид олон улсад танигдаж, дэлхийн театруудад ажиллаж байгааг нь хараад баярлах, бахархах сэтгэл төрдөг. Миний хувьд одоогоор “Элит балет” компанийнхаа ерөнхий найруулагчаар ажиллаж байна.
Би ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж яваа
-Эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн нисгэгч, цагдаа болно гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд балетчин болох чин хүсэл, мөрөөдөл чинь байсан юм уу?
-Хэдийгээр манай гэр бүлийн хувьд урлагийн мэргэжилтэй хүн байхгүй ч урлагаар “амьсгалсан”, халуун дулаан уур амьсгалтай байдаг байлаа. Аав минь биднийг бага байхаас л гитар тоглож дуулдаг, урлагийн мэдрэмжтэй хүн байсан. Харин ээж минь багадаа балетчин болох мөрөөдөлтэй охин байсан гэдэг. Мөн үеэл эгч маань Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Туул гэж хүн бий. Нэг өдөр ээж Хөгжим бүжигт балетын ангид хүүхэд шалгаруулж авна гээд зар байхыг сонсоод намайг 11 настай байхад “Миний хүү балетчин болох уу” гэж асуусан. Тэгэхээр нь би ээжээс “Балетчин гэж юу хийдэг хүн юм бэ” гэж асуухад “Гадаадын театрт ажиллах боломжтой, олон улсын мэргэжил” гэж хэлсэн юм. Ингээд би ээжээрээ хөтлүүлж очоод шалгалт өгтөл тэнцчихсэн. Нэг үгээр хэлбэл би ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж яваа. Балет гэж мэдэхгүй жаахан хүүхэд сургуулийн босго алхсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам энэ мэргэжилдээ дурлаж, хайрлаж, үнэнч байсаар өнөөдрийн өөрийгөө бүтээсэн байна.
-Балетыг тэсвэр тэвчээрийн урлаг гэж тодорхойлдог. Жаахан хүүхдийн хувьд байнгын бэлтгэл сургуулилтад нухлуулахад хэцүү байсан байх даа?
-Ялангуяа сурч байх хугацаанд уйлах, няцах, шантрах, больё гэж бодох үе зөндөө байсан. Балет өөрөө тухайн хүүхдийг бага байхад нь сунгалттай байх, цэх байхыг биед нь суулгаад, дадал болгочихдог онцлогтой. Тиймээс эхний гурван жил маш хэцүү. Жоохон л суух юм бол ядраад унтчих жишээний. Зургаадугаар сарын 1-нд хүүхдүүд ээж аавтайгаа баярлаж байхад бид зааландаа бэлтгэлээ хийгээд л. Цагаан сараар хүмүүс их олон хоног амарч байхад балет ангийнхан шинийн 3-наас бэлтгэлдээ ордог байлаа. Тухайн үеийн Хөгжим бүжгийн коллеж их шалгуур өндөртэй байжээ. Жишээлбэл манай ангид анх 22 хүүхэд орсон бол бид есүүлээ төгссөн. Зарим нь өөрсдөө шантраад орхиж байсан бол нэг хэсэг нь хасагдсан. Тиймээс байнга хичээж, хасагдаж болохгүй гэсэн зорилгыг өөртөө тавьсаар сургуулиа төгссөн.
-Хасагдчихсан бол ээжийнх нь урам хугарах байсан байх даа?
-Хэрэв хасагдчих юм бол ээжийнхээ өмнө нэг л гэм хийх юм шиг санагддаг байсан учир их хичээсэн санагддаг. Ээж бол миний хамгийн том зөвлөгч, анхны үзэгч байсаар ирсэн. Анх “Цөмөөхэй”-н орос бүжгийн хэсэгт гарахдаа ээжийгээ урьж авчраад үзүүлж байснаа мартдаггүй. Тэр хэсгийг их олон удаа тоглохдоо алдаа гаргаагүй мөртлөө яг ээжийг үзэх өдөр төгсгөлийн 16 эргэлт хийхдээ халтирчихсан. Амьхандаа л ээжийгээ үзэж байгаа гээд илүү сайн хийнэ гэсэн бодол минь нөлөөлсөн байх. Орой нь гэртээ очсон чинь ээж “Миний хүү ээжийгээ ирчихсэн гэсэн сэтгэлзүйгээр тайзан дээр гаргаад онгирчих шиг болсон. Ямар ч үед онгирох хэрэггүй. Өөртөө хяналттай байж, сайн гүйцэтгэл хийж байгаарай” гэж захисан.
-Таныг сургуулиа төгсөөд хоёр жил гаруй УДБЭТ-т ажилласан гэдэг. Анхны тайз, анхны үзэгчид гээд тэр үеийн дурсамж танд нандин санагддаг уу?
-Би 1996 онд Хөгжим бүжгийн коллежид орсноосоо хойш “Цөмөөхэй” балетын хүүхдийн дүрээс эхлээд бүхий л дүр дээр нь ажилласан байдаг. Мөн “Хунт нуур” балетын олны хэсгээс эхлээд ханхүү хүртэлх бүх дүрийг хийсэн. Ер нь Хөгжим бүжгийн хүүхдүүд оюутан байхаасаа л УДБЭТ-тай гэрээ хийгээд ажилладаг шүү дээ. Миний хувьд ч энэ уламжлалаар сургуульд байхдаа л анх театрынхаа тайзан дээр гарч, анхны үзэгчидтэйгээ нүүр тулж байлаа. Үүнээс онцолбол, Хөгжим бүжигт ороод хоёр жилийн дараа УДБЭТ-т “Цөмөөхэй” балетын хоёрдугаар хэсгийн орос бүжгийн хэсэгт тоглосон. Жаахан хүүхдийн хувьд театрынхаа том том, ур чадвартай ах нартай бүжиглэнэ гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байсан.
-Эх орныхоо театраас явах болсон шалтгаан юу байв. Сонгодог урлагийн хувьд өндөр шалгууртай Япон улсыг зорьсон шүү дээ?
-2003 онд Япон руу ангиараа явж олон улсын тэмцээнд оролцох боломж бүрдсэн юм. Ингээд тухайн оронд очоод балетын тухай илүү өргөн ойлголттой болсон. Мөн Японы балетын урлаг ямар хүчтэй хөгжиж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Манай эгч Японд амьдардаг. Би тухайн үед тэмцээндээ орчихоод сар гаруй Японд байж, сонгодог урлагийг нь, театруудыг нь судалсан. Яг энэ үед Японд ирж ажиллах ёстой юм байна гэсэн шийдвэрийг гаргаж байлаа. Тухайн үед Английн хатан хааны театрын гоцлооч нь япон хүн байсан. Тэр хүний бичлэгүүдийг хараад, ур чадварыг нь биширч байлаа. Ингээд УДБЭТ-т хоёр жил ажиллаад эргээд Японд ирсэн. Их олон театрт шалгуулах гээд хүсэлтээ өгөөд, материалаа явуулчихсан байсан. Үүнээс “NBA” театр тэнцсэн гэсэн баяртай мэдээ ирүүлсэн. Тухайн үед би дөнгөж 20 настай байлаа. Манай театрын захирал намайг хараад “Чи европ стандарттай, өндөр биетэй хүүхэд байна. Ирээдүйд чи тэргүүн гоцлооч болж чадна” гэж хэлсэн нь миний хувьд анх удаа гадаад, тэр дундаа шилдэг балетын компанийн захирлаас сонссон урмын үг байсан. Манай театр дээрээ том, дороо жижиг сургалтын заалтай. Захирал тэр жижиг заал руу заагаад “Энэ заал одооноос чинийх. Хүссэн үедээ бэлтгэлээ хийж байгаарай” гэж хэлснийг мартдаггүй.
-Тухайн театрт таны бүжигчний карьер хэрхэн өссөн бэ. Хэдэн жилийг зарцуулж байж, захирлын хэлснээр тэргүүн гоцлооч болж байв?
-Миний тус театрт орсноос хойш хамгийн анх тайзан дээр гарсан бүтээл “Хунт нуур” байсан. Энэ бүжгэн жүжгээр тайзнаа гарахын тулд их удаан бэлтгэл хийсэн. Тэр үед мэргэжлийн театрын бэлтгэл гэж ийм өгөөжтэй, чансаатай, тэсвэр тэвчээр шаарддаг юм байна гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн. Бэлтгэлийн үеэр 2-3 багш тойроод зогсчихно. Жаахан зайны баримжаа алдах төдийд л тэмдэглэж аваад дараагийн бэлтгэл дээр хатуу шаардлага тавина. Мэдээж нэг бүжигчний алдаанаас болж бусад бүжигчид хохирохыг хүсэхгүй. Тиймээс маш их хичээж бэлтгэл хийдэг байснаасаа болж их турсан. Бэлтгэлийн үеэр нэг ч бүжигчин ядарлаа гэж хэлдэггүй. Багш дахиад хэдэн удаа хийлгэсэн ч гүйцэтгэл дутуу хаядаггүй. Бүгд нэг зүйлийн төлөө зорьчихсон учраас хэзээ ч ухардаггүй. Хэдийгээр би ядарч байсан ч тэр бүтээлчдэд түвэг удахгүйн тулд шүдээ зуугаад бэлтгэлээ хийдэг байлаа. Үүнээс би япончууд ямар хөдөлмөрч улс вэ гэдгийг анх удаа мэдэрсэн. Энэ үе намайг бүжигчний хувьд илүү задалж, бэлтгэл даах чадвар болоод, ур чадварын хувьд хэдэн түвшин ахиулсан гэж боддог.
“Хунт нуур”-ын ханхүү бол гэнэн хонгор дүр
-Та “Хунт нуур” балетад гоцолж байсан. Энэ бүжгэн жүжиг бол дэлхийн оргил балетын нэг. Ялангуяа эмэгтэй бүжигчдийн хувьд хар, цагаан хунгийн гоцлол мөрөөдөл нь байдаг юм билээ. Харин эрэгтэй гол дүр болох Зигфрид ханхүүгийн хувьд ямар онцлогтой дүр бол?
-Би Солонгост ажиллаж байхдаа “Хунт нуур”-ын ханхүүгийн дүрд олон удаа гоцолсон. Манай театр энэ бүжгэн жүжгийг ОХУ-аас албан ёсны эрхтэйгээр худалдаж авсан тухай би дээр дурдсан. Оросоос мэргэжилтнүүд ирж дөрвөн сар гаруй бэлтгэл хийсний эцэст тайзан дээр гарч байлаа. Энэ бүжгэн жүжгээс би их олон зүйл сурсан. Зигфрид ханхүү бол гэнэн хонгор дүр. Би энэ шугамаар л дүр дээрээ ажилладаг. Харин манай үзэгчдийн хувьд ханхүү гэхээр монгол хаан шиг ууртай, характер шаардсан, хүнд дүрийг хүсээд байдаг. Гэтэл Зигфрид бол зохиолдоо европын залуухан ханхүү гэж дүрслэгдсэн байдаг.
-Эмэгтэй балетчид “Хунт нуур”-ыг мөрөөддөг юм бол, эрэгтэй гоцлоочдын хувьд ур чадвар, шандас, тэсвэр тэвчээр шаардсан мөрөөдлийн дүр гэвэл ямар уран бүтээл байдаг бол?
-Балетын ангийн хүүхдүүд сургуульд орсон цагаасаа л өөрийнхөө бүжиглэх юм сан гэж бодож, мөрөөддөг дүртэй болдог. Тухайн үед одоогийнх шиг “Youtube” гэж байсангүй. Бид чинь видео тоглуулагч дээр л Оросын сонгодог бүтээлүүдийг үзэж, судалгаа хийнэ. Миний хувьд багаасаа л “Дон Кихот” балетын Базель гэсэн дүрийг төсөөлж, мөрөөддөг байсан. Энэ бол эрэгтэй бүжигчнээс их техник шаардсан дүр. Би энэ мөрөөдлөө биелүүлсэн.
-Уран бүтээлчдэд илүү хурдан нэг нэгнээ мэдэрч ойлголцдог “алтан” хамтрагч гэж байдаг. Таны хувьд ямар орны эмэгтэй бүжигчинтэй хамгийн олон удаа бүжиглэж байв?
-Их олон бүжигчинтэй хамтарч байсан. Өндөр, нам гээд л. Ер нь бүжигчин хүний нэг онцлог нь хамтдаа бэлтгэл хийх тусам бие биеэ илүү мэдэрч, ойлголцож, нэг хүн шиг болдог. Балет бол их хурдтай хөдөлгөөн, эргэлтүүдийг шаардахаас гадна мэдрэмж шаарддаг урлаг шүү дээ.
-Монголын эрэгтэй гоцлоочдыг солонгос бүжигчидтэй харьцуулахад давуу тал нь их үү. Эсвэл эсрэгээрээ юу?
-Тийм их давуу тал гээд онцлоод байх үнэлэмж байхгүй. Балетын урлагт олон улсын стандарт гэж бий. Биеийн онцлог ч юм уу. Мөн балетчин хүнд төрмөл бие, авьяас, мэдрэмж байвал илүү сайн. Урт мөчтэй, биеийн зөв хөгжилтэй бүжигчин тайзан дээр далайцтай харагддаг. Энэ бүхэн бүрдсэн монгол эрэгтэй бүжигчин олон бий. Гэхдээ ихэнх нь гадагшаа гарчихсан. Ер нь 20 жилийн өмнөөс л чадварлаг гэсэн бүхий л бүжигчид маань нийгэм, зах зээлээ дагаад бусад орны театруудад ажиллах хүсэлтэй болсон. Энэ нь нэг талаараа сайн мэт боловч, Монголынхоо дуурийн театр хэн бүжиглэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ингэж бодохоор харамсалтай. Яалт ч үгүй зах зээлийн нийгэм учир уран бүтээлчид хаана бүжиглэх вэ гэдгээ өөрсдөө сонгох эрхтэй. Гэхдээ өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй театруудад ажиллаж байгаа надаас дээд, миний болоод, надаас доод үеийн монгол бүжигчид маань эх орныхоо театртай уялдаа холбоотой байхыг хүсдэггүй биш хүсдэг. Гэвч УДБЭТ нь эргээд гадагшаа гарсан залуучуудтайгаа холбогддоггүй сул тал бий. Үнэхээр дэлхийн тайзан дээр бүжиглэж буй бүжигчидтэйгээ харилцаа холбоогоо сэргээж, эргэх холбоотой ажиллаж, хамтарсан уран бүтээл хийдэг байвал Монголын балетын хөгжил арай өөр түвшинд очно.
-Үүний бодит жишээ нь сая дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин эх орныхоо театрт ирж дууллаа. Үзэгчид ямар сайхан, халуун дотноор хүлээж авсан бэ?
-Энэ бол театрын бодлогын түвшинд хийх ёстой ажил шүү дээ. Бид өнөөдөр дэлхийн дуучнаа дэргэдээс нь, эх орныхоо театрт дуулахыг нь сонсоод ямар их омогшиж, баярласан билээ. Манай театрын хувьд дотроо балет, дуурь, оркестр гээд тус тусдаа. Үүнийг ерөнхийд нь нэгтгэж, бодлогоо тодорхойлох нь театрын дарга шүү дээ. Манай балет анги яг дуурийнхан шиг эргэх холбоотой ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Өнөөдөр гадны театрт ажиллаж байгаа нэг монгол бүжигчин төрөлх театртаа ирээд бүжгэн жүжигт тоглож, бэлтгэл хийх нь монгол уран бүтээлчдийн хувьд том сургалт болно. Их олон давуу талтай гэдгийг балет ангийн удирдлагууд сайн бодох хэрэгтэй. Гэтэл яг энэ хэвээр зөвхөн би л байх ёстой гэсэн сэтгэлээр хандаад хаалттай ажиллах нь цаашлаад Монголын балетын хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж бодож байна.
Солонгос залуучуудын хувьд “зөвхөн би” гэсэн сэтгэлгээ, хандлага байхгүй
-Таны хувьд эх орондоо ирээд хамгийн эхэнд хаашаа очихоор тэмүүлдэг вэ?
-Хамгийн эхэнд хөдөө явж, цэнгэг агаар амьсгалахыг хүсдэг. Тэгэхээр би яалт ч үгүй би монгол хүн байгаа биз.
-Та амьдралынхаа, карьерынхаа 20 гаруй жилийг Солонгос, Япон гэсэн хоёр оронд өнгөрүүлжээ. Эдгээр орны урлаг, ёс заншил таны хувь хүний төлөвшилд хэрхэн нөлөөлж байна?
-Мэдээж их олон зүйлийг сурсан. Энэ хоёр орны хувьд хувь хүний хүмүүжлийг чухалчилдаг. Энэ олон жилд хувь хүний төлөвшилдөө анхаарсан. Амласан бол түүндээ хүрдэг зан чанарыг эрхэмлэдэг болжээ. Мөн уран бүтээлчийнхээ хувьд ур чадвараас эхлээд, орон орны уран бүтээлчидтэй хэрхэн ажиллах гээд олон давуу талыг өөртөө суулгасан байна.
-Өнөөдөр бид хариуцлагын тухай их ярьдаг болсон. Солонгос залуучуудын хувьд хариуцлага гэдгийг хэрхэн хүлээж авч, ухамсарладаг бол?
-Монголчуудын хувьд “Нэр хугарахаар яс хугар” гэсэн үг байдаг. Яг үүн шиг, япон болоод Солонгосын нийгэмд залуучууд бусдад түвэг удахгүй амьдрахыг эрхэмлэдэг. Тиймээс ямарваа нэг ажил, уран бүтээл эхлүүлсэн бол түүнийхээ ард гарах гэж маш их хөдөлмөрлөж, хичээдэг ард түмэн. Мөн солонгос залуучуудын хувьд “зөвхөн би” гэсэн сэтгэлгээ, хандлага байхгүй. Бүхнийг хамтарч, нийгмийнхээ сайн сайхны төлөө хийдэг. Аливаа зүйлд зөвхөн өөрийнх нь алдаанаас болж, бусад хүн хохирох вий гэсэн сэтгэлээр хандаж, хариуцлагаа ухамсарладаг. Үүнийг залуучууд өөрсдөө сурчихдаг юм биш. Бүр багаас нь буюу цэцэрлэгт байхаас нь заагаад, амьдралд нь хэвшүүлчихдэг.
-Та эх орондоо суурин амьдрах бодол бий юу. Монголын сонгодог урлагийн ертөнцөд яг тань шиг гадны театрт олон жил ажиллаж, туршлага хуримтлуулсан, шилдэг балетмейстер хэрэгтэй байна?
-Бид одоо ч өөрийн хүсэл сэтгэлээрээ эх орондоо ирчихсэн, Монголын балетын урлагийн хөгжлийн төлөө уран бүтээлээ хийгээд, өнөөдөр тантай алдаа оноог нь ярилцаад сууж байна. Мөн зөвхөн уран бүтээлээс гадна би Солонгосын үндэсний театр болон Монголын театрыг харьцуулсан судалгааны ажил хийсэн. Үүнийг хэсэг бүлэг буюу цөөхөн хүн харсан байх. Энэхүү судалгаандаа Солонгосын балет хэрхэн хөгжсөн, сайн жишгийн тухай онцолсон. Магадгүй мэргэжлийнхэн хэрэгтэй гэж хэлбэл уншаасай. Үүнээс гадна би тоглолтоо дууссаны дараа одоогоор Монгол Улсын консерваторийн зохион байгуулсан тэмцээнийг урилгаар шүүлээ. Тэмцээнийг харж суухад монгол хүүхдүүд яасан авьяастай юм бэ гэж бахархах сэтгэл төрсөн. Тухайн тэмцээний дунд насны ангилалд Бөртэ-Үжин гэх охин түрүүлсэн. Манай компани энэ хүүхдийн олон улсын тэмцээнд оролцох онгоцны зардлыг даахаар болсон. Мөн ахлах насны ангилалд түрүүлсэн охины ирэх жилийн сургалтын төлбөрийг төлөхөөр болсон. Би монгол уран бүтээлчийнхээ хувьд ирээдүй болсон, авьяаслаг хүүхдүүдийг дэмжих ёстой гэж боддог. Олон улс руу гарах, тэмцээн уралдаанд явахад санхүүгийн асуудал хамгийн хэцүү байдаг. Тиймээс чадлынхаа хэрээр туслах юм сан гэж хичээж буй минь энэ. Мөн “La La Land” болон “Щелкунчик” балетыг тоглогдож байх үед зорилтод бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлсэн. Учир нь тэдний дунд ирээдүйд эх орныхоо нэрийг өндөрт өргөх, супер од байгаа ч юм бил үү. Бүжгэн жүжиг үзээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг олох ч юм бил үү мэдэхгүй. Хүүхэд их хөөрхөн шүү дээ. Балет дууссаны дараа бүгд ирээдүйд балетчин болно гээд баяр хөөртэйгөөр гарах нь хамгийн сайхан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7298)