Баасанжавын Намуунаа 

 

“Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийг урьж “Орфэй” театрын шинэ уран бүтээл “1984” постдрамын жүжгийн тухай цөөн хором ярилцлаа. 

 

-“Орфэй” театрын “1984” постдрамын жүжиг нээлтээ хийхэд бэлэн болжээ. Та хэр догдлолтой байна? 
-“1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжиг маань “Улаанбаатар” зочид буудлын их танхимд маргаашнаас эхэлж  тоглохоор боллоо. Бэлтгэл ажил хангагдсан. Жүжгийн хувьд өмнө нь тайзнаа тоглож байгаагүй гэдгээрээ онцлог. Миний хувьд шинэ зохиолд ажиллах болсондоо баяртай байна. Мэдээж шинэ бүтээл бүхэн хүлээлттэй, догдлол дүүрэн шүү дээ. Үзэгчид энэхүү зохиолыг хэрхэн жүжгийн зохиол болгосныг  их сонирхож байгаа нь анзаарагдсан. Уран бүтээлчийнхээ хувьд үзэгчид хэрхэн хүлээж авах бол  гэсэн багахан айдас  байна. 


-Жүжгийн зохиолчоор СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш Я.Баяраа ажиллажээ. Жүжгээрээ ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?
-Зохиолын гол санаа нь бодож, эргэцүүлдэг хүн амьдралд их бэрхшээлтэй учирдаг гэсэн санааг илэрхийлдэг. Гэвч өөрийнхөөрөө сэтгэж амьдарсны үнэ цэн юутай ч зүйрлэхийн аргагүй. Үүнийг л хүмүүс олж хараасай. Мөн  нэг хүний дарангуйллын тухай ч өгүүлнэ. Уйтгартай, зовж зүдэрсэн хүмүүс үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байх нь бий. Тиймээс зохиолч зохиолоороо эрх чөлөө бүхнээс үнэтэй гэдгийг хэлэхийг зорьсон болов уу. 


-Та энэхүү жүжигт Смит гэсэн дүрд ажилласан.Таны дүрийн онцлог юу вэ? 
-Миний дүр их гунигтай. Амьдрахын төлөө ажилд нухлагдсан, туранхай жижиг биетэй хүн. Түүнийг айдаст автсан, сэтгэл хөдлөлөө нуусан, дотогшоо чимээлсэн хүлцэнгүй дүр гэж тодорхойлмоор санагдаж байна.


 -Танаас мэргэжлийн хувьд ямар ур чадвар шаардсан бэ? 
-Смитийн дүрд олон ээдрээтэй асуудал бий. Сэтгэлдээ зөрчилтэй ч түүнийгээ ил гаргахгүй явна гэдэг  хэцүү. Миний өмнөх дүрүүдээс тэс өөр, их эвгүй байна. Тиймээс аль болох эрэл хайгуул хийж, уран бүтээлчидтэйгээ хамтарч, дэлгэрүүлэх газраа дэлгэрүүлж, хасах газар нь хассан. Миний Смитийн дүр дээр хэрхэн ажилласныг нээлтийн тоглолтоос ирж үзээрэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)