Баасанжавын Намуунаа
Хүн бүхний хүүхэд нас дурсамж дүүрэн хамгийн гэгээн, амьдралынх нь мартагдашгүй үе байдаг. Бага насны дурсамж хүн бүрийн сэтгэлд том орон зай эзэлдэг билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Миний хүүхэд нас” буландаа Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийг урилаа.
Зөрүүд, эрх охин
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Миний хүүхэд нас Хан-уул дүүргийн үйлчилгээний төвийн XIX хорооллын саарал байранд аз жаргал, баяр хөөртэйгөөр өнгөрсөн. Би Энэ-бишийн нэрэмжит 75-р сургуулийг 10 жил онц сурч төссөн, хичээлдээ дуртай, бүтээлч хүүхэд байлаа. Физикийн хичээл бол миний хамгийн сайн мэддэг сонирхолтой хичээл. Мөн математикийн олимпиадад байнга оролцдог байсан. Эргээд бодоход өөрийгөө дайчилдаг, бүх хичээлдээ сайн байх зорилгыг тавьж, улам шамддаг мэрийлттэй сурагч байсан юм билээ. Бага байхдаа олон талын авьяастай сониуч, тэмүүлэлтэй хүүхэд байсан. Сургуулийн сагсны тэмцээнд орж ангиараа олон удаа түрүүлсэн. Мөн дүүргийн тэмцээнд нэг удаа аварга болж байлаа. Үүнээс гадна ширээний теннис сонирхож олон тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Хүүхэд байхдаа сайн хүн болохыг бодож үг үйлдлээрээ бусдад нөлөөлөхийг хичээдэг байсан зан минь одоо ч хэвээрээ. Эцэг эх минь намайг үргэлж дэмжиж, энхрийлж өсгөсөн. Тиймээс ч өнөөдрийн би гэсэн хувь хүн бий болсон болов уу. Миний хүүхэд насны өхөөрдөм нэг дурсамж байдаг юм. Би санаанд орсон зүйлээ дэвтэртээ бичдэг, шүлэг зохиодог байсан юм. Нэг удаа шүлгээ бичсэн хавтаслаагүй, баатрын зурагтай дэвтрээ алга болгоод гурван өдөр уйлж билээ. Үүндээ харамсаж, “Хавтаслаагүй үрчгэр дэвтэр” гээд дуу зохиож байсан. Тэрхүү дэвтэр дээрх шүлгээс ганцханыг нь санадаг юм.
Аав ээжийн ариун сургаал
Ах эгчийн алтан үгс
Энэ л бүхэн наддаа
Эрхэм нэгэн эрдэм билээ
Эмээ өвөөгийн захисан захиас
Эрдэмт багшийн заасан ном
Энэ л бүхэн наддаа
Насан туршийн эрдэнэ билээ...
гээд зургаадугаар ангидаа бичсэн шүлэг юм. Мөн багадаа их зөрүүд, эрх хүүхэд байснаа санадаг. Ээж минь байнга л аргаддаг байлаа. Хожим нь бодоход багаасаа л нээлттэй өөртөө итгэлтэй охин байсан санагддаг.
Би бүгдийг чадахын тулд жүжигчин болсон
-Зургаадугаар ангид байхад багш маань хүүхэд бүхэн дугуйланд хамрагдах хэрэгтэй гэсэн юм. Манай ангийнхан “Есөн эрдэм” соёлын төвд ангиараа бүртгүүлсэн. Би нэг мэдсэн чинь зургаан дугуйланд бүртгүүлсэн байснаа бүдэгхэн санадаг. Түүнд бүжиг, хүүхэлдэй тоглуулагч гээд л. Ингээд есдүгээр ангидаа драмын дугуйланд тэнцээд, нэг жил н.Саранхүү багшийн удирдлага дор суралцсан. Энэ цаг үе, мэдрэмж үнэхээр сайхан байж билээ. Бага байхдаа “Хүн чулууны нулимс” киноны н.Цэрэнпагма, “Морьтой ч болоосой”, “Сэрэлт” киноны Цэрэнжав эгч нараас үлгэр авч жүжигчин мэргэжилдээ дурласан. Энэ салбарт илүү шимтэж, сэтгэлдээ сайхныг бодож хичээж явдаг. Хүүхэд насны туулах ёстой, хамгийн эгзэгтэй үе нь шилжилтийн нас.
Энэ үеийг сэтгэлзүйн бэлтгэлтэй давж гарах нь чухал. Мөн урлагийн замналыг сонгохоор төлөвлөсөн дүү нартаа ном сайн уншаарай гэж зөвлөмөөр байна. Номын гол дүрийн баатраар өөрийгөө төсөөлөөд хүчирхэг, байр суурьтай нэгэн болоосой гэж хүсэж байна. Зорилготой байж хичээсэн нь амжилтад хүрэг юм шүү. Миний хувьд хүүхэд байхдаа туулах ёстой хамгийн сайхан үе бүхнийг мэдэрсэн. Тиймээс энэ насаа би “Нартай” зүйрлэнэ. Учир нь нар бол үргэлж гэрэл цацруулж, асаж байдаг. Хүүхэд нас бол бүх зүйлд шунаж, тэмүүлж, бүгдийг мэдэхийг хүсэж, бүгдэд хайр өгдөг учир энэ дэлхийн чимэг болсон алтан шаргал нар юм даа.