Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа тоглосон кино бүр нь хит болдог “Оскар”-ын шагналт жүжигчин Эмма Стоун болон Монголын тайз, дэлгэцийн салбарт өөрийн авьяасаараа “гэрэлтэж” яваа жүжигчин Т.Энэрэл нарыг онцоллоо. Тэд хоёулаа 36 настай.
“Оскар”-ын шагналт Эмма Стоун
Хэдхэн хоногийн өмнө 81 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болсон билээ. Энэ удаад “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг АНУ-ын жүжигчин Эмма Стоун "Poor Things" киноны гол дүрээр хүртсэн юм. Ингэснээр тэрбээр дэлхийн жүжигчин гэдгээ дахин баталж, энэхүү нэр хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн нь энэ. Тэрбээр өмнө нь 2017 онд "La La Land" киноны дүрээрээ анхны “Оскар”-аа атгаж байв. Жүжигчин Эмма Стоуны жинхэнэ нэр нь Эмили Жин. Тэрбээр 1988 оны арваннэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Скотсдейл хотод төржээ. Эмма 11 настайдаа анхныхаа тайзан дээр гарсан нь “Бугас дахь салхи” хүүхдийн жүжиг байв. Тэрбээр ахлах ангиа төгстлөө 16 жүжигт тоглосон байдаг. Ийнхүү Эмма жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд Калифорниа руу нүүж, 16 насандаа “Disney Channel”-ын шоунд оролцохыг хичээж, хэд хэдэн удаагийн шалгаруулалтад оролцсон ч амжилт авчраагүй гэдэг. Тэрбээр энэ хооронд цагийн ажил хийж, сургуулиа төгсөхийн тулд онлайн хичээлд суудаг байжээ.
Ийнхүү шантралгүй хичээсний эцэст Эмма “NBC-ийн "Medium" драмын жүжигт жижиг дүр бүтээж, "Малколм in the Middle" кинонд тоглосон байна. 2007 оны хавар тэрбээр “Fox” сувгаар цацагдсан “Drive in Violet Trimble”-д тоглосон боловч ердөө долоон анги гарсны дараа уг цуврал цуцлагджээ. Эмма 2007 онд “Супер муу” инээдмийн кинонд тоглосон нь төсөөлж байснаас нь илүү амжилт авчирсан гэдэг. Энэхүү кинонд зориулж үсээ улаанаар будуулсан тэрбээр анх удаа Холливудын залуу жүжигчинд олгодог шагналын эзнээр тодорсон байна. 2008 онд Эмма Стоун "Рокер" инээдмийн кинонд тоглож, Амелиагийн нүүр царайг толилуулжээ. Тэр бол хамтлагийн басс гитар тоглодог охин юм. Энэ дүрийг амилуулахын төлөө тэрбээр өөрөө хөгжмийн зэмсэг тоглож сурсан гэнэ. 2009 онд Эмма Марк Уотерсын "Rese of the Exes" кинонд тоглосон. Энэхүү романтик инээдмийн кинонд тэрбээр Майкл Дуглас, Женнифер Гарнер, Мэттью Макконахи зэрэгтэй хамтарсан нь алдар нэрийг нь илүү өргөсөн гэдэг. Ийнхүү түүний алдар нэр Холливуд даяар түгж, амжилт нь ахисаар 2016 онд “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртэж, 2017 онд ийнхүү “Оскар”-ын цом атгасан билээ. Алдарт жүжигчин Эмма Стоуны хамгийн сүүлийн тэсрэлт гэвэл Диснейн бүтээсэн “Cruella” кино юм.
Тайз, дэлгэц хослуулсан Т.Энэрэл
Эмма Стоунтай нас чацуу Монголын жүжигчин бол Түмэнгийн Энэрэл юм. Түүний хувьд багадаа урлаг, спортоос илүү сурлагадаа анхаардаг хичээнгүй охин байжээ. Тиймээс ч эмч юм уу, хуульч болно гэсэн төсөөлөлтэй байсан гэдэг. Гэтэл ахлах ангиа төгсөх үед аав нь “Миний охин урлагийн сургуульд шалгалт өгөөд үзээч” гэсэн санал тавьснаар ийнхүү жүжигчин гэдэг мэргэжилтэй учран золгожээ. Түүний хувьд удам дамжсан уран бүтээлч. Учир нь түүний өвөө “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрийг бүтээсэн Б.Дашдаваа агсны ач охин юм. Т.Энэрэл 2010 онд СУИС-ийг төгсөөд Төв аймгийн “Монгол туургатан” театраас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тус театртаа 10 гаруй жил ажиллаад одоогоор чөлөөт уран бүтээлч болсон байна. энэ хугацаанд тэрбээр “Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” зэрэг олон киногоороо үзэгчдийн танил болжээ. Харин түүнийг жүжигчний хувьд илүү задалж, ур чадварыг нь харуулсан бүтээл бол “Сүрэг” кино гэж үзэгчид үнэлдэг. Энэхүү киноны тухай тэрбээр “Сүрэг” кинонд проб өгөхөөр очих үед 23-24 насны эмэгтэйн дүр таарсан. Тэр үед би үнэхээр айж байсан. Учир нь би чинь 23 настай биш шүү дээ. Гэхдээ кино зохиол нь маш их таалагдаж байсан учраас энэ дүр дээр ажиллачих юм сан гэсэн хүсэл байсан. Тиймдээ ч би яаж наснаасаа залуу харагдах вэ, хэрхэн дүрээ гаргах вэ гэдэг тал дээр намайг маш их шаналгасан, чадах болов уу гэж эргэлзэхэд хүргэж байсан шүү” гэж онцолсон байна.
Үүнээс гадна жүжигчин Т.Энэрэл олон улсын кино төсөлд ажилласан туршлагатай жүжигчин. Тодруулбал, 2018 онд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” киноны гол дүрийн эмэгтэйгээр шалгарч, Шанхайн кино наадамд оролцсон ажээ. Харамсалтай нь тус кино Монголд нээлтээ хийгээгүй. Мөн 2020 онд Германы олон улсын кино наадамд “Алтан судал” киногоор оролцсон ажээ. Түүний хувьд хэдийгээр төрөлх театраасаа гарсан ч нөхрийнхөө үүсгэн байгуулсан “PRO” театрын уран бүтээлд оролцдог бөгөөд Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” визуал драмд сохор охин Деягийн дүрээр үзэгчидтэй уулзсан. Мөн яг одоо тус театрт тавигдаж буй “Шадар гурван цэрэг” физикл драмд ч гол дүрийг бүтээж байна. Харин Т.Энэрэлийн дэлгэцэнд хамгийн сүүлд бүтээсэн дүр нь “Шар гэгээ” киноны Хажид билээ. Тус дүрээс үртэй болохын хүслэн болж, сэтгэл нь шаналж буй монгол эмэгтэйн зовиур шаналлыг та бүхэн мэдэрсэн нь лавтай.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 50 (7294)