Б.ТУУЛ  

Бүсгүй хүн бүр залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Харин бүсгүйчүүдийн энэ хүслийг нүүр будалтын "Залуухан харагдах нууц техник"-тэй хослуулж, гэрэл зурагт хар цагаанаар мөнхөлж үлдээнэ гэдэг хаа хаанаа өндөр ур чадвар шаардсан ажил. Тиймээс  “Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэнг санаачлагч, “Os Make Up Studio”-ийн захирал, артист Г.Отгонсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

 

-“Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэн энэ жил дөрөв дэх удаагаа үзэгчдэд хүрч байна. Ер нь монгол бүсгүйчүүдийн дүр төрхийг зурагт мөнхөлж үлдээх санаа анх хэдийд төрсөн бол?
-Энэ үзэсгэлэнг 2019 онд анх санаачлан зохион байгуулж байсан. Би гоо сайхны салбарт нүүр будалт хийгээд 28 жил болж байна. 1995 оноос хойш нүүр будаж байгаа хэрнээ түүнийгээ  хадгалж  үлдэх боломжгүй яваад байсан. Тухайн үед утсаар ч зураг авдаггүй байлаа. Уран бүтээл хийгээд байгаа хэрнээ өөрт үлдэх боломжгүй байсан. “Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэнг яагаад гаргах болсон бэ гэхээр гадны улс оронд олон эмэгтэйчүүдийн нүүр буддаг байлаа. Энэ хугацаанд монгол эмэгтэй хүний нүд үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг олж анзаарч харсан. Монгол эмэгтэйчүүд дотоод сэтгэлийн мэдрэмж сайтай. Нүүрийг нь будаж байхдаа “За одоо зөөлөн төрх бүрдүүлээд өгөөрэй. Одоо секси дүр төрхтэй харагдах хэрэгтэй” гэхээр маш хурдан хувирдаг. Монгол эмэгтэйчүүд уран бүтээлч ч юм уу, авьяаслаг ч юм уу бусад эмэгтэйчүүдээс арай өөр. Дүрдээ маш сайн орж хувирдаг. Европ эмэгтэйчүүдэд тэгж хэлэхэд, хувирал багатай, нүдний харц, нүүрний дүр төрх барагтай л бол өөрчлөгддөггүй. Мөн Өвөрмонголд очоод бүсгүйчүүдийг будахад хүртэл нүүрний хувирал нь нэг л өөр байгаад байдаг. Харин монгол эмэгтэйчүүдийг будаад дуусахад тэр хүний дүр төрх өөр болчихсон байдаг. “Монгол бүсгүй” үзэсгэлэнд оролцсон бүсгүйчүүдийн зургийг та анзаарсан байх. Цаанаа л нэг хувиргалт нь өөр болчихсон байгаа. Зарим нь бүр жүжигчин шиг хувирсан. Манай монголчууд “нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой” гэж хэлдэг шиг монгол эмэгтэйчүүд цаанаа л онцгой .  Монгол эмэгтэй хүний нүд, нүүрний хувирал, дүр төрх хэчнээн олон янзаар хувирдаг юм бэ. Тэр дотоод гадаад үзэсгэлэнг хүмүүст харуулахыг хүссэн. 


-Хөрөг зургийг хар цагаанаар гэрэл зурагт буулгахаар будгийн өнгө ялгарахүй, бүр ч их нарийн ур чадвар шаардана. Нүүр будалт дээр илүү нарийн анхаарч ажилласан техник юу байдаг бол? 
-Миний бие ажлаа хийхээс гадна уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Монголын хамгийн анхны загварын будалтуудыг санаачлан гаргаж байлаа. Чадварлаг хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй хамтран ажилласаар ирсэн. Тийм болохоор энэ бүх ажлаа уран бүтээл   гэдэг үүднээс нь зурган дээр авч үлдэхийг хүссэн. Өнгөт зургийг гар утсан дээрээ авч хадгалах, дараа нь засаж янзалж хүртэл болдог бол хар цагаан гэрэл зурагт бүх зүйлс нарийн тусгагддаг. Хэдийгээр миний өөрийн нүүр будалт байхаас гадна үс засалт, хувцаслалт, зурагчны шийдэл, гэрэл сүүдрийн ялгаа гээд бүх зүйлийг нарийн мэдэрч урлах хэрэг гардаг. Тухайлбал, махлаг миралаг бүсгүйг илүү залуухан, туранхай харагдуулахын тулд гэрэл сүүдрийн аргаар яаж зураг авалтаа хийх вэ, нүүр будалт, үс засалтаа яаж хийх вэ гээд олон зүйлийг бодож ажиладаг. Тухайн бүсгүйг зөөлөн энхрий харагдуулахыг хүсвэл цайвардуу өнгөөр хүрээлж будах, хурц шийдэмгий харагдуулья гэвэл уруулыг нь хар ногоон өнгөөр будах гэх мэт өнгөн дээр их ажиллана. Хөмсөг, нүдний харц гээд олон зүйлийг бодож будалтаа хийнэ. Мөн үйлчлүүлэгч бүсгүйчүүдийнхээ амьдрал уран бүтээл, ааш зан, амьдралын хэв маяг зэргийг илүү нарийн мэдэрч ойлгож, өөрт нь таалагдсан, дотоод сэтгэлийг нь нээсэн будалтуудыг хийхыг хичээдэг. Мэдээж, нүүр будалт нас насандаа өөр. “Монгол бүсгүй” хөрөг зургийн зураг авалтын төрөл нь хар цагаан учраас хэтэрхий олон тень, саатай өнгө ашиглах боломжгүй. Гол төлөв харандаа, мать будаг хэрэглэж голлох будалтуудыг хийсэн. Хар зураг бол цаасан дээр зурахтай адилхан. Гэрэл хаанаас өгөх вэ гэдэг их чухал. Гэрэлтүүлгийг хийсний ард ч бас нэмэлт будалт хийдэг. 


-Сүүлийн үед сошиалд дуучин Т.Ариунааг хэн ингэж улам залуухан болгоод байна вэ гэж шуугисан. Тэр “Залуухан харагдах нууц” будалтыг та хийдэг. Энэ нууцаасаа хуваалцаач? 
-Би дуучин Т.Ариунаа, жүжигчин Р.Анхням, загвар өмсөгч топ модель Э.Одгэрэл гээд олон уран бүтээлчидтэй тасралтгүй 19 жил хамтарч ажилласан байна. Дээрээс нь уран сайхны зураг авалт гэдэг артист хүний хувьд тухайн оролцогчоо “дэглэдэг”. Дэглэнэ гэдэг нь чамайг өөр дүр төрхтэй болгохын тулд эхнээс нь тухайн хүнээ удирдана гэсэн үг. Нүүр будалтын онцлогоо гаргахын тулд хоёулаа ярилцаж ойлголцоно. Өөрөөр хэлбэл, уран бүтээл хамтарч хийнэ гэдэг нүүр будаж байгаа хүн нь өөрөө жүжигчин, нүүрээ будуулж байгаа хүн нь түүнээс илүү жүжигчин байх ёстой гэж үздэг учраас хоёулаа хэн хэнийгээ ойлгож мэдэрч ажиллах ёстой байдаг. Дуучин Т.Ариунаагийн нүүр будалт гэхэд л, өөрөө ямар өндөр мэдрэмжтэй, жүжиглэх урлаг сайтай эмэгтэй билээ. Нүүр будалт, дүрдээ маш сайн хувирч чаддаг учраас нүүр будалтандаа илүү зохицож, үзэсгэлэнтэй харагддаг. Та бүхэн үзэсгэлэнгийн зурагнаас анзаарсан байх. Драмын театрын жүжигчин Н.Отгонтөгс эгчийн зургийг харахад, өөрөө жүжигчин хүн учраас тэр эрхэмсэг дүр төрхийг маш сайн бүрдүүлж өгсөн байх жишээтэй. 


-Зураг авалтаа жил бүр богино хугацаанд явуулдаг. Яагаад? 
-Оролцогчдынхоо зураг авалтын хугацааг маш богино хугацаанд явуулдаг гээд хүмүүс ч бас шүүмжлэлтэй ханддаг. Манай монголчуудын онцлог ч юм уу, аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд зуршил болчихсон байдаг. Тэгээд л бүх ажлын ард гарчихсан байдаг. Түүн шиг, зураг авалтаа богино хугацаанд явуулчихдаг. Энэ нь тухайн хүнийхээ дүр төрх, хувиргалт дээр ч чухал ач холбогдолтой гэж үздэг. Зураг авалт, нүүр будалт ойролцоогоор гурван цаг үргэлжилдэг. Нэг хүн 3-5 хувцас солиод өмсөнө, олон дүрд хувирдаг учраас нүүр будалт, үс засалт дээр илүү их цаг зарцуулж ажилладаг. Тэгээд л  зурагчин үсчин, нүүр будагч аль аль талаасаа ярьж байгаад “Монгол бүсгүй”-чүүдийн үзэсгэлэнтэй дүр төрхийг бүрдүүлдэг.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 50 (7294)