Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
“PRO” театрын ээлжит уран бүтээл Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” физикл жүжиг үзэгчдэд хүрч байна. Жүжгийн ерөнхий найруулагч О.Итгэлтэй ярилцсанаа хүргэе.
-Танай театрын хувьд үзэгчдийг үргэлж гайхшруулдаг. Анх визуал драм гэсэн ойлголтыг өгсөн бол энэ удаад физикл. Энэ төрөл нь хөдөлгөөнийг голчилдог бололтой?
-Дэлхий дээр физикл драмын олон театр бий. Энэ төрлийн жүжгүүд ч эрчимтэй хөгжиж байна. Нэг үгээр тайлбарлавал жүжгийн утга, агуулгыг биеийн хэлэмжээр илэрхийлэх. Манай жүжгийн хувьд яг л энэ дагуу хөдөлгөөн ихтэй. Киногоор бол адал явдалт гэж онцлох юм уу даа.
-Дэлхийн театрууд энэ бүтээлийг ихэвчлэн драм хэлбэрээр нь тавьсан байдаг. Яагаад физикл гэсэн төрлийг онцолсон юм бэ?
-“Шадар гурван цэрэг” бол цэвэр драмын жүжиг. Харин бид уран бүтээл бүхэндээ өөрсдийн сурч мэдсэнээ шингээхийг эрмэлздэг. Энэ жүжгийн 80 хувь нь хөдөлгөөн. Гэхдээ энэ бол бүжгэн жүжиг биш. Драм гэсэн ерөнхий шугамаа бариад явж байгаа.
-Энэ удаад “PRO” театр өөрсдийн үндсэн жүжигчдээс гадна энэ цаг үед залуусын сонирхлыг татаж байгаа шинэ залуу уран бүтээлчдийг онцолжээ. Жишээлбэл жүжигчин О.Самданпүрэв гэдэг ч юм уу?
-“PRO” бол залуу театр. Физиклийг мэдээж залуучууд л хийнэ. Тиймээс тулааны ур чадвартай жүжигчид хэрэгтэй. Би “Шадар гурван цэрэг”-ээр шатар тоглож байна. Миний хувьд өмнө нь 2017 онд СУИС-ийн тайзны хөдөлгөөний тайланд “Шадар гурван цэрэг”-ийг хийж байсан юм. Тухайн үед яг өнөөдөр манай жүжигт тоглож байгаа жүжигчин Г.Алтанбагана, О.Самданпүрэв, “Gangbay”-ийн С.Баянмөнх зэрэг уран бүтээлчид ажиллаж байлаа. Харин энэхүү жүжгийг тавих гээд “PRO” театрын удирдах зөвлөлийн хурал болоход найруулагчаар нь би сонгогдож, физикл төрлөөр тавина гэхэд надад хамгийн түрүүнд эдгээр жүжигчид л санаанд буусан. Учир нь жүжиг гэдэг үнэн байх ёстой. Ангийнхандаа тохирохгүй байхад нь дүр шахаад байж болохгүй. Тиймээс мэргэжилдээ хайртай, энэ цаг үед олонд танигдаж байгаа залуучууддаа санал тавьсан нь энэ юм.
-О.Итгэлийн хувьд ихэвчлэн продюссерын үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаад найруулагчийн “амбиц”-аар ажиллахад хэр байна?
-Би 2016 онд УДЭТ-т ороод 2021 онд гарсан. Би өөрийгөө их олон багштай гэж дүгнэдэг. Б.Баатар, Ч.Найдандорж, Н.Наранбаатар, Ч.Түвшин гээд нэрлэж болно. Энэ эрхэм найруулагчдын туслах найруулагчаар ажиллаж их ч зүйл сурсан. Театрын ажил ямар зарчмаар явдаг, уран бүтээлчидтэй хэрхэн харилцах, найруулагч нар яаж төлөвлөлт хийдэг, цаашлаад маркетингийн ажил хэрхэн явагддаг тухай энэхүү эцэг театраасаа суралцсан гэж боддог. Нэг том хүн “Энэ театр бол үйлдвэрлэгч” гэж хэлсэн. Үнэхээр үнэн. Өнөөдөр өөрсдийн даль жигүүрээ дэлгэж буй бүх театр УДЭТ-аас л эхтэй шүү дээ. Зарим хүн найруулагч “төрдөг”, нөгөө хэсэг нь өөрийгөө бүтээсэн гэж ярьдаг. Би бол өөрийгөө “төрсөн” гэж хэлэхгүй. Харин өөрийгөө бүтээх гэж оролдлого хийж яваа, найруулагч гэдэг алдрын “Н” үсэгний тал дээр яваа гэж боддог. Би Монголын театрын энэ салбарт залуучуудын үе ирчихлээ гэж харж байна. Манай театрт ерөнхий найруулагч гэж байхгүй. О.Итгэл, Г.Даваасүрэн, Б.Анхбаатар гэсэн ээлжийн гурван найруулагчтай. Харин нөгөө гурав маань үндсэн жүжигчнээрээ ажиллана. Бид ерөнхийдөө 2026 он хүртэл тавих жүжгийг жагсаалт, төлөвлөгөөгөө гаргачихсан. Үүн дунд монгол жүжиг ч багтсан. Нууц задлахад удахгүй У.Шекспирийн бүтээлтэй танилцуулах бодол бий. Харин хэн найруулах вэ гэдэг нь сонин. Миний хувьд та хэллээ, продюссерын үүрэг гүйцэтгэдэг гэж. Ерөнхийдөө энэ ажил руу орсон гэж ойлгож болно. Гэхдээ одооноос л хэрхэн ажиллах ухаан, арга эвээ олж эхэлж байна.
-Мэдээж театрын урлагт амар ажил гэж байхгүй. Гэхдээ найруулагчаар ажиллах, жүжигчин хийх хоёрын аль нь илүү өөрт тань давуу санагдаж байна?
-Жүжиглэх үнэхээр гоё мэдрэмж, илүү сонирхолтой санагддаг. Яг үнэнийг хэлэхэд Монголд жилд 200-250 жүжигчин “төрж” байна. Үүнээс хоёр нь л мэргэжлээрээ ажиллах жишээтэй. Зарим нь дуу оруулалт хийдэг. Үлдсэн хэд нь хаана, юу хийж байна вэ. Өнөөдрийн нийгэмд мэргэжлээрээ ажиллахад тун бэрх. Яах вэ сүүлийн жилүүдэд энэ олон, өөр өөрийн онцлогтой театр гарч байгаа нь олзуурхууштай. Киног бол би тайзнаас амархан гэж боддог. Өнөөдөр загвар өмсөгч байна уу, хүссэн нь л дэлгэцэд тоглох болжээ. Харин тайзан дээр бол хэн дуртай нь гараад тоглодог талбар биш. Энэ бол мэргэжлийн, мэргэшсэн хүний гарах ёстой эрхэм тайз. Гэтэл өнөөдөр манай урлагийн зарим сургуульд тайзан дээр нэг ч удаа гарч үзээгүй, тайзны бүтээлд дурлаж, хөлсөө дуслуулж байгаагүй, алга ташилтын сайхныг мэдэрч үзээгүй хүн багшлаад явж байх нь утгагүй санагдаж, оюутнуудынх нь өмнөөс харамсах мэдрэмж төрдөг.
-Танай театрын онцлог нь уран бүтээлээ тухайн эх зохиолоос нь сэдэвлэж хийдэг. “Шадар гурван цэрэг”-ийн хувьд эх зохиолоосоо хэр өөрчлөгдсөн бэ?
-Зохиол бүхэнд зохиолчийн эмзэглэл гэж бий. Харин найруулагч тус зохиолыг нь аваад үндсэн шугамыг нь алдуулалгүйгээр өөрийн эмзэглэлээ тусгаж жүжгээ хийдэг. Хэрэв зохиолчийн бичсэнийг тэр байгаагаар нь тайзан дээр буулгана гэвэл найруулагч байгаад хэрэггүй. Бид сэдэвлэсэн зохиолоо өөрсдөө бичдэг. Энэ удаад манай театрын жүжигчин н.Сүмбээ гээд залуу голлож ажилласан. Сүүлд нь манай Т.Энэрэл орж, зохиолын дүн шинжилгээ хийсэн. Түүний хувьд урлаг судлалын магистр зэрэгтэй. Тэгэхээр энэ жүжиг эх зохиолоосоо 40-50 хувь өөрчлөгдсөн гэж ойлгож болно. Харин хэлэх гэсэн санаа нь хэвээрээ гэсэн үг.
-Тайзан дээр нэгнээ гэмтээлгүйгээр туялзуур сэлмээр тулалдана гэдэг их хүнд даалгавар юм шиг санагдлаа?
-Бидний хувьд оюутан байхаасаа л энэ бүтээл дээр өөрсдөө ажиллана гэсэн мөрөөдөл байсан. Яг үнэндээ туялзуур сэлэмтэй физикл жүжгийг манай театраас өөр хийж чадах хүн байхгүй. Энэ тулааны төрлийг СУИС-д хөгжүүлж байсан хүн нь Д.Гантулга багш л байсан юм. Даан ч харамсалтай нь тэр хүн өнөөдөр алга. Туялзуур сэлэм гэдэг сонгодог элементүүдтэй, манерыг нь бий болгож, тухайн жүжигчинд суулгах шаардлагатай байдаг. Нөгөө талаараа Хөдөлмөр аюулгүй байдал яригдана. Бэртэх, гэмтэх тохиолдол гарахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс сургуулилт тун чухал.
-Театр бүрэлдэхэд мэдээж хүсэл сэтгэл чухал. “PRO” бий болоход та зургаагийн хувьд хаана, хаана ажиллаж байгаад цугласан юм бэ?
-Бидний дунд олны танил жүжигчин байхгүй ч театрын тухай ойлголт хангалттай бий. “PRO” гэдэг бол театрын тухай ойлголт гэсэн үгний товчлол. Бид айхгүй, чин зоригоороо л эхлүүлсэн. Анх театраа байгуулахдаа би талыг нь Оросоос авчирсан. Авчирсан даруйдаа найзууддаа хандаж “Намайг хоёр жил л хүлээчих. Тэр хугацаанд би энэ театрыг босгох бүхий л ажлыг хийнэ” гэсэн амлалт өгсөн. Үүнийхээ төлөөл л хичээж байна. Одоогоор нэг жил нь өнгөрчээ. Жилийн хугацаанд таван уран бүтээл хийдэг театр Монголд байхгүй. Бидний хувьд үнэхээр хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн. Гэхдээ олны танил болох гэж яарах бус уран бүтээлийн чанартаа илүү ач холбогдол өгч байна.
-О.Итгэлийн хувьд ОХУ-руу сургуульд явахаасаа өмнө л кино, клипэнд үе үехэн харагддаг байсан. Өөрийн чинь хувьд Санкт-Петербург рүү явах боломжоос хэрхэн атгасан юм бэ?
-Би СУИС-д сурч байхдаа Санкт-Петербург руу явсан. Бид В.Путинийн тэтгэлгээр, улсын захиалгын дагуу суралцсан гэж хэлж болно. Ингээд сургуулиа төгстөл тавыг нь Оросын театрууд булаацалдаад авчихсан. Миний хувьд эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Уг нь сургуулиа төгсөж ирээд Хүүхэлдэйн театрт ажиллах ёстой байсан болов ч орон тоо байгаагүй. Тиймээс УДЭТ-даа орсон минь миний хувьд дахиад том сургууль болсон. Энэ театраас би өөрийгөө олж авсан. Гэтэл энэ олон жилийн дараа Хүүхэлдэйн театр маань орооч гэсэн санал тавьсан.
-Монголын Хүүхэлдэйн театрт ч шинэчлэл хэрэгтэй санагддаг. Хэрэв танай театрынхан очвол тэс өөр болох байх даа?
-Одоогоор ярилцлагын түвшинд явж байна. Яаран шийдвэр гаргах асуудал биш. Гэхдээ чардайн байж босгосон театраа орхиж чадахгүй болов уу. Хүүхэлдэйн театрын маань нөхцөл байдал ямар байгаа бол. Уг нь урын сан арвинтай юм билээ. Гэвч уран бүтээлчдийн тоо болоод төсөв их багатай. Мөн гадагшаа мэдээлэл түгээх маркетингийн ажил сул юм шиг ажиглагддаг. Тэгэхээр зарим нь очоод энэ театрыгаа илүү сайхан босголцох юм сан гэсэн бодол бий. Бидний хувьд одоо бол суралцах бус эд хийж бүтээх нас шүү дээ.
-Одоогоос 10 гаруй жилийн өмнө ОХУ-ыг зорьсон О.Итгэл болоод энэ цаг үед илүү туршлагажсан О.Итгэл хоёрын хооронд хэр ялгаа байна вэ?
-Би 2008 онд их сургуульд орж байлаа. Тухайн үед би жүжигчин болно гэсэн ганцхан "том" мөрөөдөлтэй байсан. Мэдээж асар их өөрчлөгдсөн. Тухайн үед хөөрч догдолж явсан ч жүжиглэх гэж юу байдгийг мэдэхгүй явсан үе шүү дээ. Харин өнөөдрийн О.Итгэл бол арай туршлагажсан, мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрсэн насандаа ирээд байна. Театр гэдэг урлагийг тогоогоор зүйрлэвэл халгиж цалгичихгүй, уруудаад дордчихгүй голыг нь бариад зөв явах юм сан гэсэн бодол байна.
-Та урлагийн хүн болох хүсэл мөрөөдлөө хаанаас олж авсан юм бэ?
-Миний аав, ээж хоёр насаараа СТӨ-д ажилласан хүмүүс бий. Ээж минь нягтлан, аав минь инженер хийдэг байсан юм. Миний хүүхэд нас СТӨ-ний бельтажинд л өнгөрсөн. Тухайн үед “Х-ТҮЦ”-ийн “Хориотой жүжиг” тоглогдож байлаа. Энэ жүжгийг 20 тоглоход би 20 удаа үзсэн байдаг. Хошин шогийн бүх тоглолтоос гадна “Хувьсал” продакшны жүжгүүдийг алгасахгүй үздэг байсан нь уран бүтээлч болоход хүчтэй нөлөөлсөн гэж боддог. Би чинь уг нь математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль төгссөн. Уг нь инженер болох суурьтай. Гэвч өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, урлагийн замыг сонгосон.
-Аав ээж нь эсэргүүцсэн үү?
-Мэдээж эсэргүүцэлтэй тулгарсан. Манай удамд урлагийн хүн байхгүй. Бүгдээрээ математикч, физикч. Чи урлагаар яваад баяжсан хүн харсан уу гээд л. Гэхдээ уран бүтээлч хүн сэтгэлээрээ баян байдаг. Жүжигчний мэргэжилдээ дурлаад, хайрлачихсан болохоор ядуу амьдралыг туулаад л байдаг. Уран бүтээлээс өөр юу ч сэтгэлийн кайф өгч чаддаггүй болчихдог юм байна. Үнэхээр мэргэжлээрээ ажиллаад хангалттай амьдаръя гэж бодоход улсын байгууллага хэцүү. Тиймээс хувийн театр байгуулах ёстой болдог. Тухайн театраа босгох гэж бор зүрхээрээ л зүтгэнэ. Өөрсдөө цалингүй үлдэх ч үе байна. Гэхдээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө энэ бүгдийг даваад гарах ёстой.
-Үзэгчид нэг хэсэг хошин шогийн шоу үзүүлбэр лүү тэмүүлдэг байсан бол энэ цаг үед театр руу явах нь элбэг болжээ. Үүнийг цМонголын залуучуудын сэтгэлгээ өөр болж байна гэж та харж байна уу?
-Өнөөдөр театр үздэг залуусын нэгэн давлагаа бий болчихсон байна. Хошин урлаг, кино гэхээсээ илүү театрыг зорьж, амьд мэдрэмж авах нь илүү байдгийг ойлгодог болсон нь сайшаалтай. Мөн их олон театр өндийж байна. “PRO” театрын хувьд ч одоо л өөрийн гэсэн үзэгчтэй болж эхэлж байна. Урлаг судлаачид ч манай театрыг юу хийх нь вэ гээд анддаг болжээ. Таалагдахгүй бол хатуухан шүүмжилдэг байх нь бидэнд ч цаашдаа өсөн дэвжихэд эерэгээр нөлөөж байна. Манай театрынхны хувьд ч зориг орж байна. Хүн бүхэнд таалагдахаас илүү өөрсдийн хэлэх гэсэн санаанаасаа гажилгүйгээр, чанартай уран бүтээл хийхэд гол анхаарлаа хандуулах нь зөв юм байна гэсэн зарчмаар ажиллах нь сайхан юм.
-“PRO” бол нэг ангийн зургаан найзын хүсэл мөрөөдлөөр боссон. Үүний хоёр нь эмэгтэй. Дөрвөн эрэгтэйн хувьд хэр дотно нөхөрлөдөг вэ?
-Бидний хувьд ОХУ-д сурч байхаасаа л амь нэгтэй найзууд болсон. Өглөө сэрэхэд, орой унтахад л энэ хэд маань хажууд байж л байна. Хичээл дээр очсон ч байна. Энэ хэрээрээ уран бүтээлийн, амьдралын найзууд болжээ. Уран бүтээлийн хувьд үл ойлголцол гарах үе байна. Гэхдээ бидний тэр үл ойлголцол урлаг гэх нэг зүйлийн төлөө л байдаг. Өнгөрсөн жилийн театрын өдрөөр УДЭТ-т театрын тухай том хэлэлцүүлэг болсон. Тэр үеэр манай театрын нэг нэртэй хүн “Та нарыг энд хэрэлдээд сууж байхад тэнд нэг жижигхэн театр хамгийн чангаараа Театр гээд орилчихлоо. Нэг жаахан охин найруулсан. Та нар тэр жүжгийг очиж үзсэн үү” гэж хэлсэн нь хамгийн том урам байсан. Яг тэр үед бид үзэгч багатай байснаасаа шалтгаалаад жаахан шантрах гээд байсан үе л дээ. Би тэр хэлэлцүүлгээс гараад шууд нөгөө хэдийгээ дуудсан. Тэдэнд хандаж “Бид зөв замаараа явж байгаа юм байна. Ингээд зогсож болохгүй. Энэ чигээрээ урагшаа алхъя” гэж хэлсэн. Ер нь шууд олонд танигдаж, алдарт хүрсэн театр гэж хаана ч байхгүй. Эхлээд шантарч, унаж, босож, шатаж, зовж үзэх ёстой юм байна. Энэ бүх замыг бид туулаад л гарах ёстой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7293)