Б.Намуунаа

Урин цаг айлчлан ирсэн налгар өдөр үзэсгэлэнгийн танхимыг зориход дахин давтагдашгүй уран зургууд угтлаа. Төгөлдөр хуурын намуухан аялгуунд монгол орны түүх, байгалийн үзэсгэлэнг шигтгэсэн гэрэл зургаар мэлмийгээ баясгахуйд сэтгэлд хөдөө нутаг бууж,  агь гангын үнэр хамар цоргих мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрөх нь тэр. Энэ нь зураач Д.Чулуунбатын “Тэнгэр” хэмээх үзэсгэлэн. Энэхүү үзэсгэлэнд байгалийн болон түүхэн сэдэвт  сюрреализм  чиглэлийн сонирхол татсан бүтээлүүд багтсан байв. Зургууд  өөрийн гэсэн онцлогтой.  Монгол орны  байгалийн сайхныг тал талаас нь харуулсан, уран яруу өнгө аяс бүхий бүтээлүүд байх аж. 

 

Түүхэн сэдэвт бүтээлийн зураач 

 

Зураач Д.Чулуунбат багаасаа зурж эх орныхоо үзэсгэлэнг бүтээлээрээ туурвиж яваа. Энэ хүртэлх хугацаанд Монголд төдийгүй гадаадад олон  үзэсгэлэн  гаргасан туршлагатай уран бүтээлч ажээ. Харин энэ удаагийн “Тэнгэр” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ 2008 оноос  төлөвлөж, тэргүүн зураг болох “Дэлүүн болдог” нэртэйгээр  Чингис хааны төрсөн газрыг бийрээр сийлж буулгасан удаатай. Тэрбээр үзэсгэлэнгийнхээ тухай “Би энэхүү үзэсгэлэнгээрээ байгаль эхээ хайрлаж, үүх түүхээ санаж, эв эеийг хичээж амьдарвал өнөөдрөөс илүү сайхан нийгмийг хамтдаа бүтээнэ гэсэн санаа илэрхийлэхийг хүссэн” гэв. Зураач Д.Чулуунбатын онцлог нь түүхэн сэдэвт бүтээлүүд туурвих. Тэрбээр "Монголынхоо түүхийг уншихад бид хоорондоо эвтэй байх үедээ үргэлж ялж, мандан бадарч байсныг өгүүлдэг.  Үүнтэй адил одоо ч бид хоорондоо эвтэй, нэгнээ хүндэлбэл мандан бадарна” гэсэн юм.  Энэхүү санаагаа ч түүхэн зургууддаа илэрхийлжээ. Түүнээс Бурхан Халдун уулын оройд нарны цацраг туссан бүтээл нь анхаарал татав. Энэхүү зургийнх нь утга санааг нь асуухад "Онон голын эх энд байдаг. Энэ гол явсаар Амар мөрөнд цутгана. Харин Амар мөрөн далайтай нийлнэ. Тиймээс  далайн эх нь Хэнтийн нуруу, улмаар монгол билээ. Би Монголоо дэлхийн эх гэж боддог. Үүнтэй  санал нийлэх хүн олон байх . Манай улсад ирсэн гадаад хүмүүс  өвс, ногоо үнэрлээд л дуу алдан баярладаг.  Монгол эх орон минь хүн бүхэнд тийм гоё мэдрэмж төрүүлэх жишээтэй.  Монгол бол тэдний ч эх орон, гэр нь байж болох юм" гэсэн юм.

 

Уран зураг, хөгжим зэргээс тайвшрал мэдэрдэг

 

 Зураач Д.Чулуунбатын “Тэнгэр” үзэсгэлэнд зочлоход үзэгч олонтой байсан юм. Үзэсгэлэнг сонирхож буй Ж. Дариймаа “Би чөлөөт цагаараа үзэсгэлэнгийн танхим зорих дуртай. Уран зураг, хөгжим зэргээс тайвшрал, сэтгэл сэргэм сайхан мэдрэмжийг авдаг. Энэхүү үзэсгэлэн их сонирхол татаж байна. Илүү гүн ухааны, уран яруу байгаа нь сэтгэл сэргээлээ. Мөн зохиолч “Монголчууд бол бэлгэдлийн ард түмэн сэргэх цаг ирсэн. Түүхээ өвлөн бүтээцгээе” гэж уриалж зураг бүрийг тайлбарлаж байлаа. Бид тэнгэр заяатай ард түмэн юм байна. Ийм сайхан түүхийг цааш нь түгээж, үнэт өвийг тээгч нь байхыг хүсэж байна. Үзэсгэлэнг зорих хүн олон байгаасай” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 48 (7292)