Б.ТУУЛ
...Орчлон их олон өнгөтэй. Түүнтэй адил бүсгүй хүн гэдэг цэцэг мэт өөр өөрийн гэсэн өнгө гэрэлтэй. Тод өнгөөр гэрэлтэх бүсгүй байхад дотно дулаахан шаргал өнгөөр төсөөлөгдөх бүсгүй байх. Дотоод сэтгэл хийгээд дүр төрх нь усан цэнхэр эсвэл бүдэг саарал өнгөөр “урлаж” бодох бүсгүйчүүд ч бас бий. Тэгвэл өнгө гэрлийн орчлонд салбар салбартаа тод гэрэлтсэн 68 бүсгүйг гэрэл сүүдрийн урлагаар, хар цагаан өнгөөр урлагийн сонгодог бүтээл мэт өнгө донжийг нь нарийн тохируулан урласан “Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэн “Монгол Арт” галлерейд үүдээ нээгээд, үзэгчдэд хүрээд хоёр хонож байна.
Энэхүү үзэсгэлэн жил бүр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” -өөр үзэгчдэд хүрдэг, бүсгүйчүүдэд баярт өдрийн бэлэг мэт хүлээлт үүсгэсэн дөрөв дэхь удаагийн арга хэмжээ билээ. Үзэсгэлэнд нийт 70 орчим бүсгүйчүүдийн хөрөг зураг тавигдсан байна. Бүтээл тус бүрийг харахад, та эндээс гэрэл зурагчны мэдрэмж, гэрэл сүүдрийн шийдэл, уран нарийн дэглэлт зэргийг олж харахаас гадна эдгээр бүсгүйчүүдийн үсний засалт, хувцаслалт, стиль имиж, нүүр будалтын урлаг хоорондоо ямар нарийн зохицсныг олж харах болно.
Мэдээж, жирийн нэгэн “Монгол бүсгүй”-н ард олон уран бүтээлчийн хамтын шинэ санаа шийдэл тодорч гарсан нь энэ юм. Үзэсгэлэнгийн санаачлагч нь өдгөө гоо сайхны салбарт 28 дахь жилдээ нүүр будалтын урлагаар олон хүнийг “өөрчилж”, “шинэчилж” яваа “Os Make Up Studio”-ийн захирал, артист Г.Отгонсүрэн юм.
Мөн үзэсгэлэнгийн гол ачааг нугалдаг уран бүтээлч нөхдийн хувьд "Нару” фото студийн захирал Д.Нармандах, гэрэл зурагчин, контент бүтээгч Э.Булгантамир, стилист имижмайкер Д.Лхагвасүрэн нар хамтран өөрсдийн урласан “Монгол бүсгүй”-г гоо үзэсгэлэн, дотоод ертөнцийг нь уран бүтээлч байдлаар ийнхүү “зурснаа” толилуулж буй ажээ. Үзэсгэлэнг зохион байгуулагч “Нару” фото студийн захирал Д.Нармандахаас зарим мэдээллийг тодруулж асуулаа.
Бид “Монгол бүсгүй”-н дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг зурганд үлдээхыг хүссэн
-“Нару” фото студийн захирал Д.Нармандах:
-Энэ удаагийн үзэсгэлэнд 68 бүсгүй оролцсон. Бидний гол зорилго бол монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг тодотгох. Мэдээж монгол бүсгүйчүүд бүгд үзэсгэлэнтэй. Гэсэн ч дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн, мөн чанар, биеийн хэлэмж бүгдийг нь энэхүү хөрөг зурганд үлдээхыг хүссэн. Мөн үзэсгэлэн гэдэг зөвхөн зураг аваад болчихдог зүйл биш. Зургийн жааз, хүрээ, үзэсгэлэнгийн дэглэлт гээд олон хүний ур ухаан, сэтгэл шингэсэн зүйл цогцоороо оршиж байж хүнд хүрдэг, үзэгчдэд сэтгэлзүйн таашаал өгдөг зүйл. Тиймээс баг хамт олондоо баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.
Зураг авалтын бэлтгэл, зарцуулсан цаг хугацаа бас багагүй. Гэсэн ч бид энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа бүсгүйчүүдийн сэтгэл ханамж чухал учраас тухайн бүсгүйд бидний бүтээл болон өөрийнх нь зураг таалагдаж байх ёстой. Бэлтгэл ажлын хүрээнд оролцогчид гурван зургийн сонголттой оролцсон. Зураг авалт, будалт бүрийн дараа дүр төрхөө эвдээд эрс өөрчлөгдсөн ч бүсгүй байдаг. Үзэсгэлэндээ бид нас насны хүмүүсийг оролцуулсан.
Найман настай бяцхан охиноос эхлээд 68 хүртэлх насны бүсгүйчүүд оролцсон. Үзэсгэлэнд бүтээл нь тавигдсан бүсгүйчүүд үзэсгэлэнгийн нээлтэд ирж оролцоод, баярлаж байгаагаа илэрхийлсэн. Бидний хувьд зургийн хэвлэлт, өнгө дизайн шийдэл гээд гэрэл зургийн салбарт хөгжил авчрах зорилготой хийж буй ажил учраас ирэх жилийн үзэсгэлэнд тусгах шинэ санаа шийдлүүд бас олон байх болов уу?
Нөгөөтэйгүүр, хар цагаан зурагт тухайн бүсгүйн гоо үзэсгэлэн, нүүрний будалт, дотоод сэтгэлийн мөн чанарыг илүүтэй тодотгохын тулд бид зургийнхаа гэрэл сүүдэрт маш их анхаарсан. Хувцасны өнгө, нүүрний хувирал, арын фон зэргийг гэрлийн техниктэйгээ хэрхэн хослуулах вэ гээд ажилласан зүйл олон. Тухайлбал, бараан өнгийн хувцас өмсөхөд цаад талын ханын өнгийг яаж өгөх вэ? Тод өнгө, завсрын өнгөтэй хувцас өмссөн бол гэрэлтүүлэг ямар байх вэ гээд бодох зүйл их бий. Ямартай ч оролцогч бүсгүйчүүд болон үзэгчдэд бидний үзэсгэлэн таалагдаж байгаад баяртай байна гэв.
Эх сурвалж: www.zms.mn