Төмөрбаатарын Батсайхан
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярыг урьж, ярилцлаа.
“Миний хөгжмийн бүтээлүүдээс говийн үнэр ханхалдаг”
-Та яах аргагүй Монголын говь нутгийн хүү. Гэхдээ Дундговийнхон таныг манай нутгийнх гэдэг. Дорноговийнхон ч манай нутгийн хүү гээд л хоорондоо булаалдах янзтай байдаг юм билээ. Энэ яриа ямар учиртай юм бэ. Танаас өөрөөс тань асуумаар санагдаад байлаа?
-Тийм яриа ч бий шүү. Надад ч сонсогддог. /инээв/ Миний аав Шатар Дорноговь аймгийн Алтанширээ сумын хүн. Харин ээж минь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх. Би өөрөө Дорноговийн Мандах суманд төрсөн. Тийм болохоор би гэдэг хүн хоёр аймгийн дунд л өслөө шүү дээ. Хоёулаа сайхан авшиг ерөөлтэй нутаг даа. Аав ээж хоёр маань нутгаасаа гараад Багшийн дээд сургуулийн орос хэлний ангид оюутан болж ирээд танилцсан гэдэг. Тэгээд эндээ гэр бүл болцгоосон. Харин сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Мандах суманд хуваарилагдаж, тэндээ 11 жил амьдрахад нь би төрсөн юм. Зуны амралтаараа Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байдаг өвөө, эмээ дээрээ очиж амардаг байлаа. Дэлгэрхангай уул үнэхээр гайхамшигтай. Маш олон урлаг, соёлын алдартнууд тэндээс төрсөн. Тэр сайхан байгаль, уул усны авшиг ерөөл тэнд төрсөн, тэнд өссөн хүмүүст нөлөөлсөн гэж боддог шүү. Тэгэхээр миний төрсөн газар Мандах сум ч гэлээ, Дэлгэрхангай уулынхаа ч нөмөр, түшиг авшиг ерөөлийг нь хүртэж яваа л гэж боддог юм.
-Говь нутгийн сонин содон байгаль, цаг уур таныг хөгжимлөг болоход тодорхой хэмжээнд нөлөөлж дээ. Тийм үү?
-Мэдээж. Мандах сум бол нэл хадан дунд байдаг байгалийн өвөрмөц өгүүлэмжтэй газар шүү дээ. Хүмүүс их гайхдаг л даа. Яагаад сумын төвөө хадан дунд байгуулчихсан юм гээд л. Мотоциклтэй сүлжээд явахад ч хэцүү. Гэтэл Мандахынхан маань шөнө, орой мотоциклынхоо гэрлийг унтраачхаад л давхиж байдаг. Хаана ямар хад байгаад цээжилчихдэг байх нь байна шүү дээ. Бас л амьдралын сонин өнгө аяз юм шүү. Хүүхэд байхад тоглоомгүй гэж санаа зовохгүй өссөн. Сумын төвд 4-5 давхар байшин шиг хэмжээтэй хад олон. Тэр хаднуудын оройгоор нуугдаж, байлдаж тоглоод өнждөг байсан. Их сайхан адис, жанлавтай нутаг. Мандах сумаас их олон алдартан төрсөн. Морин хуур чуулгыг үндэслэгч, Ардын жүжигчин Ц.Батчулуун багш манай сумынх юм шүү дээ. Хөгжмийн зохиолч Жагдал, анхны тэмээчин Хөдөлмөрийн баатар Хүрээт, Улсын начин Хатансайхан гээд олон сайхан хүмүүнтэй нэгэн бууринд төржээ хэмээн бэлгэшээдэг.
-Хэдэн настайгаасаа хөгжмийн ертөнцийг мэдэрч эхэлсэн бэ?
-Багадаа дуулж, хуурддаг хүүхэд байлаа. Тэгээд аав ээж минь ажигласан байх л даа. Намайг сургуульд ордог жил манайх Дорноговь аймгийн төвийн айл болсон. Театраас тэтгэвэртээ гарсан Сандагжав багш маань морин хуурын дугуйлан хичээллүүлж, би тэрэнд нь элсэн орсноор зургадугаар ангийн сурагч байхаасаа хөгжмийн ертөнцийг мэдэрч эхэлсэн дээ. Дараа нь Батнасан багшаараа төгөлдөр хуур заалгасан. Аав ээж маань урлагийн хүн байсангүй. Манай удамд нэр алдартай хөгжмийн хүн байгаагүй. Гэхдээ хөгжмийн урлаг гэдэг тухайн хүнийхээ сүнстэй холбоотой зүйл гэж би болдог. Тэгэхээр хөгжмийн авьяас мах цусаар дамжихаас гадна тухайн хүний биед нь ямар сүнс орж ирэхээс шалтгаалж хөгжмийн зохиолч болох эсэх нь шийдэгддэг юм шиг санагддаг. Би хөгжмөөр хичээллэж байхдаа тухайн хөгжмөө их хурдан эзэмшээд байгаа юм шиг санагдаад байсан. Өөрөө тэрэндээ их урамшдаг хүүхэд байлаа. Анхандаа хөгжмийн зохиолч болно гэж бодож байгаагүй. Надаас асар хол санагдана. Гэхдээ хөгжмөө тоглоод бага багаар ахиад, төгөлдөр хуураа нотгүйгээр тоглодог болсон. Дараа нь хөгжим найруулдаг болсон. Энэ мэтчилэн хөгжимдөө гаршиж, мэргэшсээр байгаад нэг л мэдэхэд хөгжмийн зохиолч болно гэж боддог болтлоо өөртөө итгэлтэй болсон байсан. Соёлын коллежид оюутан болж ирэхдээ дотроо аль хэдийн ийм мөрөөдөлтэй ирсэн. Гэхдээ даруухан байсан учраас энэ талаараа хэнд ч хэлж байгаагүй л дээ.
-Хөгжмөөр хичээллэх тусмаа энэ ертөнцөд дурласаар байгаад л өнөөдрийн Ш.Өлзийбаярыг бүтээсэн юм байна?
-Тийм шүү. Урлаг гэдэг өөрөө тийм увидастай зүйл. Өөртөө дурлуулж чаддаг. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн магадгүй хувь тавилангийн эрхээр өөр замыг сонгосон ч насаараа урлагтаа дуртай л явдаг. Боломж гарвал эргээд ирэхийг ч эрэлхийлж байдаг ийм гайхамшигтай орон зайг урлаг гээд байгаа юм.
-Уран бүтээлчид нутагтаа зориулан бүтээж туурвих нь олонтой. Та ч гэсэн нутагтаа чамгүй олон бүтээл зориулжээ?
-Нутгийнхан минь “Нэг ийм бүтээл хийе” гээд намайг зориод ирэх нь олонтаа. Би өөрөө зориод бүтээсэн нь ч бий. Чимэдцэеэ гуайн дуулсан “Нутаг” гэдэг бүтээл бий. С.Жавхлангийн “Дорнын говиос Монгол эхэлдэг” дууг шавь Э.Төрмандах маань бас дуулсан. “Дөрвөн цагийн говь” гээд дуу бий. Ер нь миний уран бүтээлээс говийн үнэр ханхалдаг байх. Мэргэжлийн хөгжмийн бүтээлийн минь уянгын, удиртгал хэсгүүдийг сонсвол ч говь мэдрэгдэнэ. Говьд төрсөн говийн хүн учраас мэдрэмжүүд маань яалт үгүй тэр зүгт хөтөлдөг.
“Хөгжмийн бүтээл бол эгшгээр өрөх инженерийн ухаан”
- Хөгжмийн зохиолч болно гэсэн мөрөөдөлтэйгөөр Соёлын коллежид ирсэн гэдэг. Багшийн арга барил хөгжмийн урлагт их чухал юм шиг санагддаг. Танд ямар багш хөгжмийн урлагийг заасан бэ?
-Морин хуурын багш, төгөлдөр хуурын багш гээд намайг хөгжмийн замд хөтөлсөн олон сайхан багш нар бий. Харин хөгжмийн зохиомж дээр Төрийн шагналт Ц.Нацагдорж багшаасаа их зүйл сурсан даа. Бид хамт ажиллаж байсан. Зааж, зааварлах гэхээс илүү зөвлөж, урам зориг хайрладаг байсан юм. Түүний дараа би Улаан-Үүд болон Москва хотуудын хөгжмийн сургуульд явж, тэнд ОХУ-ын алдартай хөгжмийн зохиолч, багш Г.В.Черновоос их зүйл сурч байлаа. Мэргэжлийн хөгжим бичихэд онолгүйгээр явахгүй шүү дээ. Манай сургууль 4-5 тоглолтын танхимтай. Орой болгон тэнд нь хөгжмийн тоглолтууд болдог. Тухайн орчинд нь мэргэжлийн хөгжмийн тухай их өргөн ойлголтуудыг авч байсан. Соёлын сургууль, СУИС, Гнесины хөгжмийн академи гээд мэргэжлийн хөгжмийг сурч, судалсан минь есөн жил юм.
-Хөгжмийн онол мэдээж чухал. Гэхдээ таны дээр хэлсэн сүнслэг байдал хөгжмийн зохиолчид илүү чухал байх?
-Ая зохионо гэдэг нэг өөр ойлголт байдаг. Харин түүнийгээ симфони, дуурь гээд мэргэжлийн том бүтээл болгоход боловсрол зайлшгүй хэрэгтэй. Байшингаар бол эхний тоосго нь ая юм. Харин түүнийг өрж ямар байшин болгох вэ гэдэг нь мэргэжлийн асуудал. Тэгэхээр хөгжмийн бүтээл бол ая эгшгээр өрөх инженерийн ухаан юм даа. Тухайлбал миний 286 дугаар галт хэрэг гээд симфони зураглал байна. Төрөл нь зураглал хөгжим учраас хүмүүст ойлгомжтой байдлаар галт тэрэгний хөдөлгөөнийг ритм, хэмнэлээр нь дүрслээд үзүүлчихэж болж байгаа юм. Харин сэтгэлгээний бүтээлүүдийг философилоги байдлаар хийнэ. Үүнийг жирийн сонсогчид ойлгохгүй байх нь ч бий. Тэгэхээр хөгжмийн бүтээлийг сэтгэлийн болон сэтгэлгээний гэж хоёр ангилж болно. Энэ талаар хөгжмийн зохиолч Б.Шарав хэлсэн байдаг. Миний хувьд аль алинаар нь л бүтээл хийхийг зорьж байна. Мөн дууны уран бүтээл надад нэлээд бий. Би өөрөө ч дуртай. Хүмүүсийн сэтгэл, зүрхэнд хүргэх талаас нь аль болох энгийн хийхийг хичээдэг.
-Сэтгэлгээний бүтээлүүдэд тань мэргэжлийнхэн, хөгжмийн урлаг ойлгож судалдаг хүмүүс үнэлэлт, дүгнэлт өгдөг. Харин сэтгэлийн болон дууны бүтээлүүд тань илүү олон нийт рүү чиглэж, тэднээс та алга ташилтын урам авна. Аль нь таныг илүү их урамшуулдаг вэ?
-Сэтгэлгээний бүтээлүүдэд мэргэжлийнхэн үнэлэлт дүгнэлтээ өгнө. Ард түмний үнэлгээ бол цаг хугацааны асуудал юм. Тухайн бүтээл нь магадгүй ард түмний дунд хэр удаан “амьдарч” байна гэдгээс надад ирэх тэр уран бүтээлийн таашаал нь шалтгаалах болов уу. Ер нь дууны уран бүтээл бол зүрх, сэтгэлээс төрдөг. Дуунд аялгуулаг, сүнслэг байдал их чухал. Харин хөгжмийн бүтээл илүү боловсрол тархи, оюун ухаан шаарддаг. Энэ бол хөгжмийн зохиолчийн хувьд арга билэг л гэсэн үг. Хослуулж байж л сайн хөгжмийн хөгжмийн зохиолч болно. Түүнээс биш хэт арга техник хөөгөөд, мэргэжлийн хөгжим бичнэ гэвэл өрөөсгөл. Тэр нь ямар нэгэн амьгүй, сүнсгүй, хүчээр өрөөд математик аргаар тооцоо хийчихсэн юм шиг болох нь бий. Тиймээс амьдрах нас багатай. Би өнгөрсөн хугацаанд хөгжмийн бүх л төрлийг хослуулахыг хичээж ирсэн. Үүний үр дүнд хөгжимчдийн урын санд хөгжмийн бүтээлүүд минь, дуучдын урын санд дуунууд минь багтаад явж байна даа.
-Таны сүнслэг гэсэн агуулгатай санал нийлж байна. Тэгвэл танд хэзээ ямар тохиолдолд тэр сүнслэг орон зай бий болдог вэ?
-Төвлөрөлтэй маш их холбоотой. Хөгжим гэдэг өөрөө хөг гэсэн үгийн үндэс. Сэтгэл санаа хөглөгдсөн, тайван үед яалт ч үгүй сайхан хөг аялгуу төрнө. Сэтгэл санаа тайван бус үед хөгжим бичиж болох ч хүчээр, туршлагаар хийсэн болно. Тэр нь насгүй, хүнд хүрэхдээ тааруу хөгжим болдог. Зүрхнээс төрсөн бүтээл зүрхэнд хүрэх нь хөгжмийн урлагийн нэг зүй тогтол юм.
“Сайхан аялгуу төрөхөд өөрт мэдрэгдээд цаанаасаа баясал төрөөд байдаг”
-“Хайрлаюу л гэсэн юм аа”, “Аавдаа”, “Дорнын говиос Монгол эхэлдэг”, “Гэрэлт насны хань” гээд таны дууны уран бүтээлүүдийг онцолмоор байна. Аялгуулаг, таны тодорхойлсноор сүнслэг бүтээлүүд санагддаг?
-Дууны уран бүтээл дотроо ч мэргэжлийн, ардын, поп өнгө аястай гээд төрөл жанрын ялгаатай байдаг. “Хайрлаюу л гэсэн юм аа”, “Аавдаа”, “Дорнын говиос Монгол эхэлдэг” дуунууд маань илүү мэргэжлийн шинж чанартай бүтээлүүд юм шүү дээ. Тэр ч утгаараа мэргэжлийн дуулалт шаардана. Бас дуу бол яруу найргаасаа их шалтгаалж бүтдэг уран бүтээл.
- “Хайрлаюу л гэсэн юм аа” дуу хэдэн онд дуулагдсан юм бэ. Одоо ч хүний зүрх сэтгэлийг хөглөсөн хэвээр л байна?
-2008 оны дуу л даа. Яруу найрагч П.Нямлхагвын шүлгийн онцлог хийгээд миний залуу насны сэтгэл догдлолын тэрхэн орон зайтай таарч ийм сайхан бүтээл төрсөн гэх үү дээ. Ер нь уран бүтээлийн хамтрагчид нэг үеийнх байх тохиолдол их. Яагаад гэхээр ертөнцийг харах өнцөг, сэтгэлийн хэмнэл ойролцоо байдаг. П.Нямлхагва бид хоёр бол яах аргагүй нэг үеийн уран бүтээлчид. “Хайрлаюу л гэсэн юм аа” дууны шүлгийг авчирч өгөхөд нь би тэр дор нь аялгууг нь бичсэнээ санадаг юм. Тэгээд Э.Төрмандах маань дуулсан. Одоо ч энэ дууны минь үнэ цэн алдагдаагүй юм шиг байна. Саяхан нэг цахим орчинд яваад байхаар нь сонссон. Сонсогчид зарим нь “Шинэ дуу юу, ямар сайхан бүтээл вэ” гэж асуудаг. Сайн уран бүтээл цаг хугацаа явах тусам үнэ цэнтэй оршсоор л байдаг гэдгийг харуулсан бүтээлүүдийн минь яах аргагүй мөн.
-Ер нь аливаа уран бүтээлийн тохироо, учраа бүрдэхээр их хурдан бүтдэг. Тийм үү?
-Ер нь дууны уран бүтээл гэдэг сэтгэлийн хөг, сэтгэлийн тэсрэлттэй их холбоотой зүйл. Шүлэг хараад л гэнэт аялгуу нь төрөх үе бий. Тэгэхээр зарим хүн сэтгэлээсээ хандсангүй, хурдан хугацаанд зохиочихлоо гээд байдаг. Уг нь хурдан төрсөн бүтээл яг л онгодынх байдаг юм. Түүнээс биш зовж зовж, олон өдөр хоног “нухсан”, үг шад бүрээ бодож наана нь цаана нь оруулсан бүтээл нас багатай байх нь ч бий. Мөн шүлэг их чухал гэж би дээр хэлсэн. Тухайлбал, яруу найрагч Р.Чойномын шүлгийг уншихад шууд л урсчихдаг шүү ээ. Яалтгүй билэг танхай, онгодоор бичсэн нь мэдрэгддэг. Тэгэхээр яруу найраг нь өөрөө онгодтой бичигдсэн байх тусмаа их сайхан сэтгэлийн аялгуу төрөхөд нөлөөлдөг.
-Зохиолч С.Оюун гуай “Онгод гэдэг зүйл залуу насных байдаг. Яагаад гэхээр тэр насанд бүх зүйл шиг өнгөлөг бөгөөд сонин. Тэрнээс хүний зүрх сэтгэлд догдлол төрж, тэр догдлолоор бичсэн бүхэн хүний зүрх сэтгэлд хүрдэг. Нас явахаар догдлол гэхээс илүү бодол төрдөг” гэж байсан. Хөгжимд энэ ойлголт хэр ойрхон санагдаж байна?
-Манай дээд үеийн хөгжмийн зохиолчид ярьдаг шүү. Дуу бол залуу насны урлаг, гэж. Жаахан нас тогтоод ирэхлээр аялгуу гарахаа больчих юм гэдэг. Аялгуу гарахгүй гэдэг нь шууд утгаар биш л дээ. Өмнөх аялгуунуудаа давж гарахгүй юм аа гэдгийг л хэлээд байгаа юм. Ер нь сайхан аялгуу төрөх нь өөрт мэдрэгдээд баясал төрөөд байдаг шүү дээ. Тэр мэдрэмж нас явахаар жаахан үгүйлэгддэг байх.
“Ш.Өлзийбаяр гэдэг хүн өөрөө алдарших ямар ч хүсэлгүй”
-Та хөгжмийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч. Таны уран бүтээлийг хүлээн авч байгаа орон зай буюу Монголын хөгжмийн урлагийг бүхлээр нь хэрхэн харж, дүгнэдэг вэ?
-Хөгжмийн ертөнц их өөрчлөгдөж байна. Техник технологийн дэвшлийг их ашигладаг болж. Үүнд сайн тал ч бий. Саар зүйл ч байна. Нотыг гэхэд бүгдийг нь компьютер дээр бичдэг болчихлоо. Тэрийгээ сонсоод л шууд засаж байна. Энэ бол хөгжмийн урлагийн том дэвшил. Ер нь ганцхан хөгжмийн салбар гэлтгүй хүнд зориулагдсан техникийн дэвшлийг бид ашиглах л хэрэгтэй. Тэгэхгүй бол Монгол Улс хоцрогдоно. Нэг саар зүйл нь хөгжмийн ертөнц хэт технологижихоор зүрх сэтгэлийн өнгө аяс алдагдах гээд байдаг юм шиг. Уран бүтээлчид хөгжим зохиохдоо олон дахин дуулж, хөгжимдөж давтаж, сэтгэл мэдрэмжээ зориулдаг байсан бол одоо шууд компьютер рүү оруулчихаж байна. Уг нь хөгжим гэдэг төгөлдөр хуур юм уу, хөгжмийн зэмсгээрээ заавал эгшиглэж байж амь орж, аравнайлагдаж байдаг талтай. Тэгэхээр хөгжмийг дуулж хөгжимдөж давтаж байж хүч ордог тэр тал нь алдагдах гээд байгаа юм.
-Дэлхий нийт хиймэл оюун ухааны талаар яриад эхэлсэн. Энэ хөгжмийн ертөнцөд ч нөлөөлж эхэлсэн байх. Тийм үү?
-Хиймэл оюун ухааны кодоор аялгуу зохиодог болчихлоо гээд байгаа. Яваандаа хиймэл оюуны ухааны бүтээлүүд нэлээд хүчтэй болох нь. Аялгуунаас гадна хөгжмийн зохиомжийг арифметик аргаар хийчхэж байна. Гэхдээ явж явж хүний зүрхнээс гарсан аялгуу л үлдэнэ дээ гэдгийг технологижих тусам мэдрэгдэж байна.
- Та “Сайхан аялгуу төрөх нь өөрт мэдрэгдээд баясал төрөөд байдаг” гэж хэлсэн. Тэгж таны баяр баяслыг төрүүлсэн бүтээл хэр олон бэ?
-Том хэлбэрийн бүтээлүүдийн “амт” гэж бий. Хэзээ ч сэтгэлд бодогдоод л урам зориг өгч байдаг. Сэтгэлээс гарсан аялгуунууд минь бас л миний сэтгэлд том орон зай эзэлнэ. Миний бүжгэн жүжгийн аялгуу, аязууд байна. “Тамганы бүжигчин”, “Хайрын бүжиг”, “Тэнгэрийн хутагт” гээд л тэднийгээ сонсоход хэзээ ч сайхан сэтгэгдэл төрнө. Мөн миний “Морин хуурын концерт”-ууд байна. “Морин хуурын III концерт” минь олон улсад нэлээд тоглогдлоо. “Эх орон дуудаж байна” киноны хэсгээс хөгжмийг нь аваад хийсэн. Нөхөр нь буудуулах гэж байхад эхнэр нь хүүхдээ тэврээд дагаад явж байгаа тэр цаг үеийн хайрын үнэ цэн эмзэглэлийг кинон дээрээс нь харж хийсэн хөгжим учраас хүнд их хүрсэн болов уу. Ер нь хөгжмийн зохиолч хүн өөртөө сайн дүрсэлдэг байх, уран зохиол унших, уран зураг харах, кино үзэж, өөрийгөө хөглөж, тэр сэтгэгдлээр хөгжмөө бичвэл илүү амжилттай болдог. Би ийм ойлголтоор өөрийнхөө байж, өөрийнхөөрөө оршихыг хичээж байгаа уран бүтээлч хүн. Миний уран бүтээл хүнд хэрэг болоосой, хөгжимчдөд, дуучдад хэрэг болоосой. Цаашлаад уран бүтээлийг минь сонссон хүн бүрийн зүрх сэтгэлд гэгээ татдаг байгаасай. Уярал, хайр, ухаарлыг өгдөг байгаасай гэж хүсэж уран бүтээл хийдэг. Түүнээс биш Ш.Өлзийбаяр гэдэг хүн өөрөө алдарших ямар ч хүсэлгүй. Уран бүтээл нь чухал болохоос уран бүтээлч нь чухал биш. Хөгжмийн зохиолч гэдэг хүн тайзны арын хүн юм шүү дээ. Тэрэндээ ч би сэтгэл дүүрэн байдаг.
-Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатарын дуулсан “Аавдаа” дуу таных юм билээ. Нэлээд хожуу, таныг сая Гавьяат болоход хүмүүс илүү их мэдлээ?
-2007 оны дуу шүү дээ. Анх Э.Төрмандах дуулна гэж хийлгэсэн юм. Яруу найрагч Н.Баянмөнхийн шүлэг л дээ. Тэгээд Төрмандах маань дуулаагүй хоёр жил болсон. Н.Баянмөнх дараа нь “Би нөгөө дуугаа С.Жавхланд өгсөн” гэж байсан. С.Жавхлан ч дуулаагүй. Тэгээд 2012 онд Г.Ариунбаатар М.Глинкийн уралдаанд түрүүлж ирээд “Аавдаа”-г дуулсан. Ер нь л Г.Ариунбаатарын дуу байсан юм билээ. Эзнээ таван жил хүлээж байгаад дуулагдаж, олон түмэнд хүрсэн. Дуу гэдэг өөрөө цаг үеэ дагаад л өөрчлөгдөж байдаг. Бид тэрэнд нээх санаа зовоод л нийтийнх, зохиолынх гээд янз бүрээр цоллоод байх шаардлагагүй юм билээ. Үнэхээр сайн уран бүтээл бол дуулагдаад л цаг хугацаанд элэгдэх биш өөрөө цаг хугацааг элээгээд явж л байдаг. Тухайлбал, З.Хангалын “Аяны шувуу” дууг хэчнээн янзаар найруулга хийж дуулчхав даа. Тэр нь бүгд л хүний зүрх сэтгэлд үлдэж байна. Цагийн шалгуураар хаягдах нь хаягдаад, үлдэх нь үлдэнэ. Харин мэргэжлийн бүтээлүүдийг бид аль аль талдаа бодлогоор дэмжээд явахгүй бол болохгүй. Дууны уран бүтээл шиг өөрийн хүсэл зоригоор шийдэгдэхгүй. Мэргэжлийн багийн ажил, хөрөнгө санхүү, дэмжлэг гээд л их өргөн цар хүрээтэй зүйл.
-Таны дууны уран бүтээлүүд голдуу 2007, 2008 онд төрсөн байх шиг байна. Ер нь тухайн цаг үеийн өнгө аяс гэж байна биз?
- Тийм шүү. Яг үнэндээ би тэр үед мэргэжлийн хөгжим бичиж эхлээгүй байсан. СУИС-д багшилдаг, их олон цагтай, залуу багш байлаа. Дуунаасаа илүү гарч, хөгжим бичих зав зай ч гардаггүй байлаа. Орой нь энэ тэнд очиж төгөлдөр хуур тоглочихно. Тэр л цаг үед их олон дуу бичсэн байдаг юм. Одоо ч дууны уран бүтээлээ орхихгүйгээр хослуулахыг хичээж байгаа. Гэхдээ хөгжмийн бүтээл амар биш шүү дээ. Олон өдөр хоногоор сууж, бясалгаж байж төрнө. Тэгэхээр хүн шүлгээ барьж, зорьж ирвэл хийхээс биш миний хувьд шүлэг хайгаад, ном эргүүлээд явдаг тэр цаг үе өнгөрсөн байна. Ер нь ингээд бодохоор С.Оюун эгчийн хэлсэнчлэн залуу байх тусам хүн романтик байдаг. Нас явах тусам хүн намба суудаг. Тэр нь уран бүтээлд нь нөлөөлдөг юм байна. Уран бүтээлч хүн “Бодол үс хоёртоо дарагдсан” гэж Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн ч үнэн юм билээ. Бодож байсан зүйлээ цаасан дээр буулгах нь бүтээлийнх нь 50 хувь. Эхлээд тэр санаагаа олоод зөв эхэлчихвэл хөврөөд л явчихна. Би өглөө эрт хөгжмийн ард суух дуртай. Байгаль дэлхий маань их өгөх чанартай. Говь ч хангай ч хүнийг байнга цэнэглэж байдаг. Тэгэхээр байгальд байх бас дуртай. Нутагтаа зун болгон очно. Мөн би цагаан хоолтон, түүнийгээ дагаад бясалгал хийдэг. Сэтгэл санааны тогтвортой байдлыг маань бясалгалын хүч тодорхой хэмжээнд барьдаг гэж боддог. Тэгэхээр дэлхий дэвшиж уран бүтээлчид бас хувьсаж байна. Хатуу дарсыг амсаж онгод ордог байсан зүйл бидний үед яг үнэндээ алга болж эхлэж байна. Эрин цагийн өөрчлөлттэй ч холбоотой байх.
-Та олон шавьтай юу. Багшилж өөрийн дараагийн үеийг төрүүлнэ гэдэг бас нэг бүтээл төрүүлж байгаатай адилхан ойлголт юм уу даа?
-Хөгжмийн зохиолчоор олон шавь төрүүлж байна. Шавь нар маань эхнээсээ олон улсад гараад эхэлсэн. Э.Шүтээн маань Германд жазз хөгжмийн хамтлагт уран бүтээлээ хийж байна. Москвад хэд хэдэн шавь минь бий, АНУ-д байна. Шавь нарын маань сонсох хөгжим, сэтгэлгээ их өөр байна. Хэдий цаг үе өөр болж байгаа ч шавь нартаа аялгуулаг, сүнслэг бүтээлтэй ойр байхыг захидаг.
“Тэнгэр хутагт” бүжгэн жүжиг дээр ажиллахад бясалгал хийдэг маань их нөлөөлсөн”
-Бясалгал хийхээр сэтгэл санаа тогтвортой байдаг гэлээ. Тэгэхээр үзэл санааны хувьд илүү баригдмал байдал үүсэхгүй юу?
-Үгүй дээ. Сэтгэлийн тунгалаг байдал яалт ч үгүй бясалгалтай холбоотой.
-Та хамгийн сүүлд “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг дээр ажилласан. Маш их шүтлэгтэй хүнээс гарах сүнслэг хөгжим шиг санагдсан л даа. Энэ бүтээлийнхээ тухай ярихгүй юу?
- “Тэнгэр хутагт” бүжгэн жүжиг дээр ажиллахад бясалгал их нөлөөлсөн байх. Мөн нутгийн хүүгийн хувьд надад Данзанравжаа хутагтын тухай судалсан нь нэлээд бий. Гэгээнтний тухай бүтээл учраас бүх зүйл нь тал талаасаа их сайхан бүтсэн. Бүтээлд, даян бясалгал, хутагтын ээж аавын хэсэг, хутагт тодорч байх хэсэг, Саран хөхөөний хэсэг гээд дандаа л шашин, бясалгалтай холбоотой хэсгүүд байсан учраас надад яг үнэндээ энэ бүтээлийн хөгжмийг бичихэд их дөхөм байсан. Ингэж мэргэжлийн уран бүтээлээ дэмжиж, уран бүтээлчдээ идэвхжүүлж байгаа нь сайн хэрэг. Энэ дашрамд Дорноговь аймгийнхаа нутгийн зөвлөлийнхөнд талархал илэрхийлье. Говийн ноён хутагт Данзанравжаагийн 220 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Ой гээд наадам хийгээд нээлт хаалт хийгээд өнгөрөх биш мэргэжлийн том бүтээлээр ойгоо тэмдэглэсэн. Хутагтын тухай “Догшин хутагтын сахиус” гээд дэлгэцийн бүтээл бий. “Үлэмжийн чанар” гээд дуулалт жүжиг бий. Харин бүжгэн бүжиг байдаггүй юм байна гээд энэ төрлийн бүтээл хийх саналыг манай нутгийн зөвлөлийнхөн тавьсан. Тэрхүү нутгаас төрсөн уран бүтээлчийн хувьд их олзуурхан хүлээн авч ажилласан. “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг маань ирэх 4 сарын эхээр үзэгчдийн хүсэлтээр дахин Улаанбаатар хотноо тоглогдох гэж байгаа.
-Таны бие даасан тоглолтын тухай би сонсож байсангүй. Бие даасан уран бүтээлийн тоглолтоо вэ?
-Хүмүүс асуудаг л юм. Би ОХУ руу сургуульд явахынхаа өмнө нэг тоглолт хийж байсан. Одоо ч хийх санаа бий. Гэхдээ тоглолт хийнэ гэж хэдэн сар пижигнэж гүйснээс хэдэн нот ч гэсэн бичиж байсан дээр юм болов уу гэж бодож байна. Магадгүй, зохион байгуулъя гэсэн хүн гарч ирж магадгүй. Татгалзах зүйлгүй, бүтээлүүд минь бэлэн байна. Хөгжмүүдээсээ сорчлоод, дууны уран бүтээлүүдээсээ оруулаад тогловол маш сайхан тоглолт болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 47 (7291)