Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

УДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн онд У.Шекспирийн “Макбет” дуурийг амжилттай тоглосон билээ. Тэгвэл энэ гайхалтай бүтээл энэ амралтын өдрүүдэд дахин үзэгчдийн хүртээл болсон юм. Гэхдээ дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшингийн гоцолсноор. 

 

Макбет ба шулмууд 

Жүжгийн зохиолч У. Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолын нэг бол “Макбет” юм. Харин Ж.Верди  энэхүү дуурийн хөгжмийг 1846-1847 онд бичсэн түүхтэй. Тэгвэл  цомнолыг нь Ф.М.Пиаве бичжээ. Дэлхийн театруудын тайзнаа жүжиг, дуурь хэлбэрээр тавигдсаар ирсэн  “Макбет”- ыг 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн Флоренц хотын “Театро Делла Пергола” театрт анх толилуулжээ. Харин шинэчилсэн хувилбарыг 1865 оны дөрөвдүгээр сарын 19-нд Парисын театрт тавьсан байна. Энэхүү шинэчилсэн хувилбараар илүү олон хүнд хүрсэн гэдэг. Дуурийн үйл явдлыг эргэн сануулахад  Макбет, Банко нар Норвегийн эсрэг дайнд ялаад буцаж явах үед шулмууд тэдний замыг тосон уулзана. Тэд Макбетыг Кавдорын ноён цаашлаад Шотландын титмийг ч түүний толгойд өмссөн байхаар зөгнөжээ. Шулмууд Банког “Хаан биш ч, хаадын үр удам болно” гэж зөгнөнө. Үүнийг Банко дэмий хоосон үг гэх боловч Дункан хааны элч нар тэднийг гүйцэж  “Урвагч Кавдорын ноён цаазлуулж, түүний эд хөрөнгө, цолыг Макбетад шилжүүлэв” гэх мэдээ тэдний сэтгэлийг үймүүлснээр дуурь эхэлдэг билээ. Харин дуурийн төгсгөлд Макдуфын гарт үхлийн шарх авсан Макбет шулам, муу заяаны титмийг хараан зүхдэг билээ.

 

“Театрынхаа тайзан дээр өөр олон бүтээлийг хүргэх бодолтой”

Энэ удаагийн “Макбет” дуурьт дэлхийн дуучин, шилдлэг баритон Э.Амартүвшин ирж дуулснаараа онцлог байсан юм. Тэрбээр “Эх орондоо ирээд сэтгэгдэл өндөр байна. Би долоон жилийн дараа төрөлх театрынхаа тайзан дээрээ гарах гэж байна. Энэ театраас л би өсөж, уран бүтээлч болж, уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Театр маань намайг сайхан сэтгэлээр хүлээн авч байгаад огшиж байна. Цаашдаа театрынхаа тайзан дээр өөр олон сайхан бүтээлийг хүргэх бодолтой байна” гэсэн юм.  Түүний хувьд  өнгөрсөн онд Олон улсын дуурийн  найм дахь удаагийн шагнал болох “Дуурийн шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон. Тэрбээр энэхүү шагналыг анх 2020 онд анх хүртэж байв.  Ардын жүжигчин Э.Амартүвшин  Италийн алдарт “Сан Карло” театр, "Арена Ди Верона", Италийн Торино хотын “Театро Рэжио” зэрэг дэлхийн томоохон театруудын тайзнаа урилгаар гол дүр бүтээж, Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа уран бүтээлч билээ.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 46 (7290)