Баатарын Нямсүрэн
“Зууны мэдээ” сонин “Театр” буландаа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтаншагайг урилаа.
-Мөрөөдлийн театрын 23 дахь удаагийн тоглолт болох “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжиг үзэгчдэд хүрээд удаагүй байна. Шинэ уран бүтээлээрээ уулзаж буй сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Манай театрын уран бүтээлчид ихэвчлэн шоу драмын жүжигт ажилладаг. Уянгын драмын жүжиг хоёр дахь удаагаа хүргэж байна.Үзэгч олонтойгоо шинэ уран бүтээлээрээ уулзах мэдрэмж догдлол дүүрэн, хүлээлттэй. Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх нь уран бүтээлчийн гайхамшигтай мөч. Нэг бүтээлийн ард олон өдрийн бэлтгэл, хичээл зүтгэл оршдог. Тиймээс манай хамт олон сайн бүтээл хүргэхийн төлөө нэг зорилгод хөтлөгдөж яваа. Үзэгчид үзээд дүнгээ тавих болов уу. Энэ удаагийн “Тод хувцастай эмэгтэй” жүжиг өмнөх бүтээлүүдээс арай өөр. Амьдралын тод өнгийг харуулсан бүтээл гэж тодорхойлмоор байна.
- Жүжгээ “Тод хувцастай эмэгтэй” гэж нэрлэсэн нь сонирхол татаж байна?
-“Тод хувцастай эмэгтэй” хэмээх нэрийг жүжгийн ерөнхий менежер н.Энхболд өгсөн. Эмэгтэй хүн амьдралын олон өнгө дунд уусахгүй тодоор гэрэлтэх ёстойг илэрхийлж байгаа юм. Бүсгүй хүн сэтгэл зүйгээрээ дотроосоо цэнэглэгдэж байдаг. Хүмүүс жүжгийн нэрийг хараад гадаадын зохиол гэж ойлгоод байна. Зохиолыг Соёлын тэргүүний ажилтан Мэндсайхан бичсэн юм шүү дээ. Зохиолч маань бидний бэлтгэл сургуулилт дээр хамт байж, зөвлөдөг байлаа. Хэдэн мянган жилийн өмнөх жүжгийг шинэчилсэн найруулгаар дахин хүргэх, зохиолчтойгоо хамт жүжиг дээрээ ажиллах хоорондоо ялгаатай.
-Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан. Жүжгээрээ дамжуулж ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?
-Манай театрын ээлжит бүтээлд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуул эгч ажиллаж байгаа. Жүжгийн гол санаа нь аливаа зүйл цаг үеэ дагаад хэт хөгжих тусам үнэ цэнээ алддагийг харуулсан. Бид хайртай хүмүүстээ аз жаргалыг мэдрүүлэх нь чухал. Өнөөдөр цахим орчинд хүмүүс талархсан мэндчилгээ бичих нь түгээмэл болжээ. Үүнээс татгалзаж амьд харилцаагаар хайр, сэтгэлээ мэдрүүлэх нь зөв. Эх хүний хайр хэзээ ч дундаршгүй үнэн байдаг. Үрээ гэх хайр нь аль хүртэл үргэлжилдэг гэдгийг уран бүтээлээрээ харууллаа. Хүмүүс ээжийн хайрыг олон янзаар тодорхойлдог. Хайр сэтгэлээ мэдрүүлэхдээ бодитоор хүргэх нь чухал болохыг жүжгээс ойлгоосой гэж хүсэж байна.
-Та айлын том хүүхдийн дүрийг гаргасан. Дүрээрээ том ах ямар үүрэг, оролцоотой байдгийг харуулсан нь лавтай?
- Би жүжгийнхээ Болд хэмээх том ахын дүрд ажиллаа. Айлын том ах нарын жаргал, зовлонг гаргасан. Тэд ачааны хүндийг үүрдэг, дүү нартаа анхаарал тавьдаг. Миний хувьд амьдрал дээрээ айлын том ах. Энэ удаагийн ажилласан дүр нэгэн айлын том ахын дүр байсан нь сонин тохиол. Ах хүн үргэлж дүү нарынхаа төлөө явдаг. Том ахын үүрэг оролцоог миний дүрээс харж болно.
-Тэгвэл том ахын дүр мэргэжлийн ямар ур чадвар шаардсан бэ?
-Уйлж, инээж, уурласан сэтгэл хөдлөл гаргана. Ээжтэйгээ ярилцаад уйлна, дүү нараа аргадаж, загнадаг дүр. Тиймээс мэргэжлийн талаас ур чадвар шаардсан нь бий. Гэр бүлийнхээ төлөө сэтгэл дэвсэж, удирддаг хүн бол том ах шүү дээ. Тайзны урлаг гайхамшигтай. Зорьж ирсэн үзэгчид бодитоор жүжгээ үзэж нандин мэдрэмжийг авдаг. Уран бүтээлчийн хувьд хариуцлагатайгаар ажиллаж үзэгчдэд шалгуулна. Мэдээж алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Дараагийн тоглолтдоо засаад явна. Тайзнаа гарахдаа жүжигчид нэгэндээ дэм болох нь чухал. Манай театрын уран бүтээлчид бүгд мэргэжлийн жүжигчид. Тиймээс бусад жүжигчдээ хүндэлдэг, ёс зүйтэй хүмүүс шүү. Харин амьдрал дээр нэгнийгээ хүндэлж дэмждэг, зөвлөж тусална. Энэ зарчмыг дагаад амжилт ирдэг. Атгасан гар шиг нэгдэж байж ажил урагшлах жишээтэй.
-Алив бүхэн хөдөлмөрөөр бүтдэг. Нэг бүтээлийн ард хэр их хичээл зүтгэл байдаг вэ?
-Бид өнгөрсөн намар зохиолоо сонгосон. Оны өмнө дүр сонголтоо хийж, төлөвлөгөөгөө гаргалаа. Харин оны эхнээс жүжгийн бэлтгэл ажилдаа орсон. Шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд уран бүтээлчид ихийг туулдаг. Тэр бүхнийг давж гараад үзэгчдэд жүжгээ толилуулах сайхан. Хүмүүст таалагдаж байгаа нь тухайн үеийн уур амьсгал, алга ташилтаас мэдрэгддэг. Хүмүүс тасралтгүй алга ташиж ёслох мөч үгээр илэрхийлэх аргагүй. Тайзан дээрээс үзэгчдийн сэтгэл зүйг мэдэрдэг. Тэд маань уйлах үедээ уйлж, инээж, анхаарлаа төвлөрүүлж үздэг. Мянган хүний анхаарлыг өөр дээрээ татах нь уран бүтээлчийн жаргал юм шүү дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)